• Трамп “Huawei” компанитай үргэлжлүүлэн хамтрахыг хүсэхгүй байна гэв

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп америкийн компаниудын Huawei-тай хамтран ажиллах лицензийг сунгахгүй байх магадлалтай гэж мэдэгдлээ. Энэ тухай CNBC мэдээлэв.

    Тэрбээр Хятадын компанитай хамтран “ямар нэгэн бизнес эрхлэхийг хүсэхгүй байна” гэж тэмдэглэжээ. Учир нь энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал гэнэ. Гэсэн хэдий ч Трамп зөвлөхүүдтэйгээ уулзсаны дараа эцсийн шийдвэр гаргана хэмээн маргаашийг хүлээхийг санал болголоо.

    АНУ-ын компаниудын Huawei компанитай хамтран ажиллах 90 хоногийн зөвшөөрөл 8-р сарын 19-нд буюу өнөөдөр дуусах юм. Трамп Хятадын компанийг хятадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж байгаа хэмээн буруутгасныхаа дараа ийм лиценз олгосон байна.

    Зургаадугаар сарын сүүлчээр АНУ, БНХАУ-ын удирдагч Дональд Трамп, Ши Жиньпин нар G20 дээд хэмжээний уулзалтаар худалдааны дайны галыг зогсоох тухай тохиролцоонд хүрсэн гол цэгүүдийн нэг нь АНУ-ын компаниудыг Huawei компанитай хамтран ажиллахыг хориглосон шийдвэрийг цуцлах явдал байв. Гэсэн хэдий ч 7-р сарын сүүлчээр хоёр улсын харилцаа дахин муудаж, тэд харилцан заналхийлэлцсэн юм. Үүний дараа АНУ-ын эрх баригчид Хятадын компанитай хамтран ажиллах америкийн компаниудад лиценз олгохгүй байх шийдвэр гаргахад хүрээд байна.

    2019 оны 5-р сард АНУ-ын Худалдааны яам Huawei болон 70 охин компанийг нь хар жагсаалтад оруулсан. Үүний үр дүнд Америкийн хэд хэдэн томоохон технологийн аж ахуйн нэгжүүд, тэр дундаа Intel, Google зэрэг компани Хятадын компанитай хамтын ажиллагаагаа зогсоосныг зарлаад буй юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ