• Допинг хэрэглэсэн бөхчүүдийг зарлах хугацаа хойшилно

    Допингийн эсрэг үндэсний төвөөс Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авч  энэхүү шинжилгээний хариуг Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн.  Гэтэл хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар комиссоос энэ сарын 12-ны өдөр олон нийтэд мэдээлсэн.

    Харин бөхчүүдэд энэ сарын 9-ний өдөр хариуг нь утсаар хэлсэн учир бөхчүүд допинг хэрэглээгүй гэдгээ нүүр номоороо зарлаж харин хэрэглэсэн хоёр бөхийн нэрийг зарлахыг хүсч шаардсан.

    Гэвч Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны журмын дагуу хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүд арав хоногийн дотор “В” сорьцийг хийлгэх хүсэлт гаргах ёстой гэцгээсэн.

    Хэрвээ бөхчүүд “А” сорьцийн дүнг хүлээн зөвшөөрвөл албан ёсны мэдээллийг өгөх болохоо Баяр наадмын зохион байгуулах хорооноос мэдэгдсэн билээ.

    Энэ хооронд допинг хэрэглэсэн гэгдсэн үндэсний их баяр наадмын түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболд “Зохион байгуулалттай гэмт хэргийн золиос боллоо, миний шээсийг сольсон байна. Хууль хяналтын байгууллага анхааралдаа авч, шалгаж өгнө үү. Би гуравдагч орон руу хандаж, шинжилгээ өгмөөр байна. Мөн би ДНК шинжилгээг өгмөөр байна” гэж мэдэгдээд буй.

    Тэрбээр ийнхүү энэ сарын 16-ны өдөр баяр наадмыг зохион байгуулах комисст гомдол гаргаад байгаа юм.

    Э.Оюунболд мөн “…Тухайлбал, зарим бөхөөс допинг илэрсэн ч энэ талаар олон нийтэд мэдээлэхгүй шинжилгээний хариуг зарлахгүй байх, шинжилгээний дүнг зориудаар өөрчлөх, сорьцыг будлиантуулах, өөр хүний сорьцыг шинжилгээнд өгөх зарим сорьцыг итгэмжлэгдсэн лаборатирот явуулахгүй үлдээх зэргээр допингтой бөх шударга бусаар улсын цол авсан, түрүүлж үзүүрлэсэн ч тохиолдол байгаа талаарх хардлага сэрдлэг байна. Энэ асуудлыг би холбогдох чиг үүрэг бүхий хууль хяналтын байгууллагаар шалгуулахын зэрэгцээ миний  сорьцыг будлиантуулсан гэж үзэж өөрийн ДНХ-ийн шинжилгээг хийлгэх болно” хэмээсэн.

    Баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдснээр бол өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ний өдөр”В” сорьцийн шинжилгээнд хамрагдах хүсэлт гаргаагүй бол албан ёсоор мэдэгдэл гаргах ёстой. Улсын аварга Э.Оюунболд “А” сорьцийн шинжилгээгээ хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн учраас допинг хэрэглэсэн эсэх тухай асуудал хойшлоод байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ