Энэ сарын 12-нд буюу өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт эхэлсэн маш нууцын зэрэглэлтэй тус шүүх хурал таван өдрийн турш цаг сунгаж хуралдсан ч дуусгалгүй завсарласан.
Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Д.Оюунчимэг “2019 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагаас хойш тасралтгүй таван өдөр илүү цагаар ажилласан, 17 өмгөөлөгч, хоёр улсын яллагч таван өдөр хэлэлцсэн хэргийнхээ талаарх хууль зүйн дүгнэлтийг танилцуулна. Энэ нь өнөөдөр ажлын цагт багтахгүй учраас ирэх даваа гараг хүртэл шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хурлыг өнөөдөр өглөөний 09.00 цаг хүртэл хойшлуулаад байсан.
Эх сурвалжийн мэдээлсэнээр, шүүх бүрэлдэхүүн өнөөдөр шийдвэрээ гаргаж, Б.Хурц нарын есөн хүнийг яллах, цагаатгах, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах эсэхээ шийдэх аж.
Тэднийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгаж, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэргээр шүүж байгаа юм.
Энэхүү шүүх хурал маш нууцын зэрэглэлтэй болж байгаа тул мэдээлэл бараг задрахгүй байгаа. Т.Чимгээгийн өмгөөлөг л Ц.Нямдорж сайд руу 3 удаа ярьж мэдээлэл дамжуулсныхаа төлөө шүүхээс сануулга авсанаас өөрөөр мэдээлэл задраагүй байна.
Харин Төв аймгийн шүүхийн байшингийн гадна янз янзын сонирхолтнууд цуглаад ший жүжиг шиг үйл явдал тоглох болоод буй юм. Тухайлбал “цэнхэр үст” аниа Б.Хурцын машин доор орж хэвтсэнээс эхлээд нэгэн рүүгээ гурил цацсан зэрэг олон л асуудал гарч байна. Жагсагчдыг Б.Хурцын талынхан, Ерөнхийлөгч Х.Баттулгын талынхан, эрзздэн шүүлтэд орогсдын гэр бүлийнхэн хэмээн гурав хувааж буй.
Ийнхүү дуулиан шуугиантай үргэлжилж буй шүүх хурал өнөөдөр л нэг юм дуусах сурагтай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.