• Зургаан настнуудаа сургуульд оруулах эцэг,эхчүүдэд: Хүүхдээ сургуульд орохоос нь өмнө бүү айлга

    Удахгүй есөн сарын 1, ерөөсөө бидний баяр болж, балчир зургаан настнууд сургуулийн босгыг давна. Жил болгоны энэ өдөр зарим хүүхдүүд уйлдаг  бол зарим нь харин бусдынхаа уйлж байгааг харан гайхан зогссон дүр зураг ажиглагддаг. Томчууд бид ч гэсэн шинэ орчинд, шинэ ажилд орохоороо эхний үедээ бишүүрхэн байдгийг нуух юун. Тэгвэл сургуульд орох гэж байгаа бага насны хүүхэдтэй эцэг,эхчүүд энэ үед хүүхэдтэйгээ хэрхэн хандаж, юун дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ?

    Энэ талаар Хэрэглээний Сэтгэл Судлалын хүрээлэнгийн сэтгэлзүйч А.Тайванжаргалтай ярилцаж, мэдээлэл зөвлөгөөг бэлтгэснээ хүргэе.

    Тэрээр эцэг,эхчүүдэд хандан хүүхдээ сургуульд орохоос нь өмнө битгий айлгаад бай хэмээн зөвлөж байна.

    Цэцэрлэгтээ тоглож наадаад явж байсан хүүхдүүд сургуульд ороод,ширээний ард суухаар сэтгэл зүйн хувьд ямар өөрчлөлтөд ордог вэ?

    -Сургуульд анх орж байгаа хүүхдэд хамгийн эхлээд нийгмийн харилцааны маш том дэвшил явагддаг. Өмнө нь гэр бүлийнхэн, цэцэрлэгийн багш нар, найзуудтайгаа харилцаж, өдрийн дийлэнх цагийг тоглоом тоглож өнгөрүүлдэг байсан бол сургуульд орсноор дүрэм журам,шинэ зүйлст суралцах, өдөрт 5-6 цагийн турш ширээний ард анхааралтай суух шаардлагатай болдог. Томчууд шинээр ажилд орох, шинэ хүнтэй уулзах үед албан ёсны харилцаа үүсч байгаатай адил сургуульд шинээр орж байгаа хүүхдүүдэд ч ийм мэдрэмж төрдөг. Тэгэхээр хүүхэд анх сургуульд ороход шинэ зүйлд дасан зохицох хэрэгцээ гарч ирэхийн хажуугаар амьдралынх нь нэгэн шинэ үе давхар эхэлж байдаг.

    -Хүүхдийг зөв аргаар хүмүүжүүлэхэд хүүхдийнхээ насны онцлогуудыг мэдэх хамгийн чухал гэж сэтгэл зүйчид зөвлөдөг. Сургуульд орох нас буюу 6-8 настнуудын хувьд ааш зан,сэтгэл зүйн хувьд ямар онцлогтой байдаг вэ?

    -Хүүхдийн хөгжлийг сэтгэл зүй, танин мэдэхүй, бие физиологийн гэсэн гурван чиглэлд хуваан авч үздэг. Сэтгэл зүйчдийн хувьд хүүхдийн сэтгэл зүй болон танин мэдэхүйн хөгжлийг нь чухалчлан судалдаг. Энэ насны хүүхдүүд маань сэтгэл зүйн хувьд аливаа юмыг яг байгаа бодитоор нь хүлээж авдаг. Надад ямар мэдрэмж төрүүлж байна, ямар харагдаж байна гэдэг дээр нь тулгуурлаж дүгнэлтээ гаргадаг гэсэн үг. Танин мэдэхүйн хөгжлийн хувьд үгсийн сан, юмыг гүйцэтгэх хурд,  асуудлыг шийдвэрлэх чадвар нэмэгдэх зэрэг маш дэвшилтэт үе гэж хэлж болно.

    -Сургуульд орох болсон насанд нь томчууд, эцэг,эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн хандах хэрэгтэй вэ?

    – Томчууд ч гэсэн шинэ ажилд орох, ажлын ярилцлаганд орохдоо сандардагтай адил бага насны хүүхдүүд ч гэсэн ижилхэн нөхцөл байдал үүсдэг. Есөн сарын 1-нд  очихоор ямар байх бол, хүүхдүүд нь гоё ааштай байх болов уу, манай ангийн багш ямар багш байх бол гэх мэтчилэн тухайн хүүхдийн хувьд тодорхойгүй нөхцөл байдал үүсдэг. Тийм учраас бага анги дааж авч байгаа багш нар болон хүүхэд нь нэгдүгээр ангид орж байгаа эцэг эхчүүдийн хувьд хүүхдэд хамгийн эхлээд сургуультай холбоотой эерэг ойлголтыг бий болгох хэрэгтэй. Хүүхдүүдийн хувьд сургууль гэж юу байдгийг ч мэдэхгүй, зүгээр л шинэ дүрэмт хувцастай, гоё гоё хичээлийн хэрэгсэлтэй болчихсондоо баярлаад оччихдог. Гэтэл бодит байдал дээр хүүхдүүд уйлаад, янз бүрийн хариу үйлдэл гаргадаг.

    Хэрвээ тийм нөхцөлд сэтгэл зүйн хувьд бэлтгэлгүй очсон хүүхдийн хувьд түгшүүртэй байдалд ордог. Тэгэхээр сургуульд орохоос нь нэг жилийн өмнөөс эхлээд л “Миний хүү/охин дараа жил сургуульд орно, сургуульд маш олон найзуудтай болдог, өдөрт тэдэн цаг сууж хичээл хийх хэрэг гардаг боловч хичээл хийх нь тийм ч хэцүү биш. Хэсэг хугацаанд хичээлээ хийж байгаад сургуулийн хонх дуугарахаар завсарладаг. Харин завсарлагааныхаа цагаар найзуудтайгаа юм ярьж болно, гадаа салхинд гарч болно гэх мэтчилэн. Хэрвээ надад хичээлээ ойлгохгүй, найзуудтайгаа муудалцах гэх мэт хэцүү зүйл тохиолдсон ч гэсэн, тэр бүхэнд аав, ээж, ах,  эгч, багш нар маань туслах юм байна, хэцүү зүйл биш юм байна” гэдгийг л хүүхэддээ сайн ойлгуулах хэрэгтэй.

    -Сургуульд орох насны хүүхэдтэй эцэг,эхчүүдийн хувьд түгээмэл ямар алдаа гаргаж байгаа ажиглагддаг вэ?

    -Эцэг, эхчүүдийн гаргадаг хамгийн том алдаа бол хүүхэддээ айдсыг бий болгодог. Жишээлбэл, чи даалгавраа хийхгүй бол багш чинь чамайг загнана, зодно гэж айлгадаг. Яг үнэндээ тэр багш зоддог, загнадаг багш ерөөсөө биш боловч аав, ээж нь тийм бодлыг хүүхэддээ суулгачихсан тохиолдолд багшаасаа айгаад эхэлдэг. Мөн үүнээс гадна хүүхэд харсан бодит зүйлс дээрээ тулгуурлаад айдастай болчихдог.

    Жишээлбэл, ах, дүү хоорондоо 3 насны зөрүүтэй байлаа гэж бодьё. Дүү нь сургуульд орох нас нь болтол “Би сургуульд орохгүй, явахгүй” гээд эхэлсэн. Яагаад сургуульд орохгүй гээд байгаа талаар нь тухайн хүүхэдтэй ярилцаад, ажиллаад үзвэл ахынх нь даалгаврыг хийлгүүлэхдээ ээж нь маш их загнадаг, өндөр шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл сургуульд орох гэж байгаа бага насны хүүхдэд ямар ойлголт бий болж байна вэ ? гэхээр “би сургуульд ороод даалгавар хийдэг болчихвол аав, ээждээ яг ингэж л загнуулах юм байна” гэсэн бодол төрнө. Мэдээж ямар ч хүүхэд аав, ээждээ загнуулахыг хүсэхгүй. Тиймээс хүүхдийн хувьд сургуульд явахгүй байх нь илүү амар юм байна гэсэн бодол үүсч байгаа юм.

    Эцэг,эхчүүд  хүүхдээ мундаг, боловсролтой, сайн хүн болгох хүслээ хэтрүүлснээс хүүхдийнхээ  ачааллыг ихэсгэж, сурахаас халширмаар болгодог.

    Хүүхдийг хөгжүүлэх дугуйлан, хөтөлбөрүүд шинээр бий болж байгаа нь сайшаалтай хэрэг. Хүн болгон математикч болох албагүй гэдэг шиг хүүхэд бүрт тохирох , хөгжүүлэх зүйлсийг хязгаарлагдмал хүрээнд эцэг эхчүүд харж болохгүй. Сайн гэсэн бүхэн таны хүүхдийг хөгжүүлэх зүйл мөн үү биш үү гэдгийг бодох хэрэгтэй. Хүүхдийнхээ юунд сонирхолтой, танин мэдэхүйн аль чадвар давамгай байна вэ гэдгийг эцэг эхчүүд олж, тохирсон цагаар хичээллүүлэх хэрэгтэй.

    Ялангуяа сургуульд анх орж байгаа хүүхдийн хувьд эхний улиралд шинэ орчинд дасан зохицох хэрэгцээ шаардлага их гардаг учраас олон төрлийн зүйлсээр ачаалал үүсгэх хэрэггүй Click To Tweet. Сургуульдаа, орчиндоо дасан зохицох хугацааг олгох хэрэгтэй.

    Дээр нь хүүхдэд ээж, аавынх нь зүгээс ирэх сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө маш чухал. Эмэгтэй хүүхэд  ирээдүйд ямар хүн болохоо ээж, эгч, эмээгээсээ, харин эрэгтэй хүүхэд бол аав, өвөө, ахаасаа суралцаж байдаг. Тэгэхээр таны хүүхдийг хамгийн сайн мэдэж байгаа хүн нь та өөрөө учраас, хамгийн их сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, бодит зүйлсийг тайлбарлаж хэлэх хүн нь ч мөн адил та өөрөө.

    -Танайхыг зорьж ирж байгаа бага насны хүүхэдтэй эцэг,эхчүүдийн хувьд голлох ямар асуудлаар хандаж ирдэг вэ?

    -Манайхыг бага наснаас өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хандаж их ирдэг. Хамгийн түгээмэл тохиолддог асуудал бол эцэг, эхчүүд хүүхдийнхээ насны онцлогийг тэр болгон мэддэггүйтэй холбоотой байдаг. Нас болгон дээрх онцлогийг эцэг, эхчүүд тэр болгон мэддэггүйн улмаас тэр насан дээр хүүхдэд нь ямар өөрчлөлт гараад байгааг ойлгодоггүй. Бага насны хүүхдийн хувьд хаилцааны хүрээ нь илүүтэй гэр бүлийнхэн нь байсан бол өсвөр насанд найзуудтайгаа илүү их цагийг өнгөрүүлээд эхэлдэг.

    Энэ үзэгдэл нь хөгжлийн хувьд хэвийн зүйл боловч эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдийн насны онцлогыг мэдэхгүйгээсээ болоод “Манай хүүхэд нэг л биш болоод байна, өмнө нь ийм байгаагүй юм даа,уул нь ингэдэг хүүхэд биш дээ” гэх мэтээр хэлдэг.

    Энэ нөхцөлд тухайн эцэг, эх өөрчлөлтийг өөртөө хэт хүндээр, асуудал гэж тусгаж авна төдий хэмжээгээр хүүхэд өөрийгаа буруутгаад байдаг.  Би аав, ээждээ асуудал болоод байгаа юм байна, асуудлыг үүсгэдэг хүн нь би юм байна зэрэг алдаатай бодлыг хүүхэд өөртөө бий болгодог. Мэдээж, хүүхдийн хөгжлийн явцад насны онцлогоос хамааран эерэг,сөрөг олон зүйлс гарна. Эцэг эхчүүдийн хувьд энэ өөрчлөлт нь үеийнх нь хүүхдүүдтэй харьцуулахад хэвийн байна уу, эсвэл хэт доогуур, хэт дээгүүр байна уу гэдгийг анхаарч шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хүмүүст хандах нь чухал.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ