• Сүрэг цахлайтай мөргөлдсөн онгоцыг аюулгүй буулгасан нисгэгч өөрийгөө “Баатар биш” гэжээ

    2019-08-16

    Москва орчмын Жуковскийн нисэх буудлаас хөөрөх үедээ  сүрэг цахлай шувуутай мөргөлдөж,  мотор нь ажиллагаагүй болсон “Урал Айрлайнс” компанийн онгоцыг осол авааргүй газардуулж чадсан нисэх багийн ахлагч Дамир Юсупов өөрийгөө “баатар биш” хэмээн даруухан ярьжээ.

    Уг явдал Мосвагийн цагаар өчигдөр өглөө болжээ. Жуковскийн нисэх буудлаас  Крымийн Симферополийг зорин хөөрөх үед онгоц  сүрэг цахлайтай мөргөлдсөний улмаас онгоцны хөдөлгүүр эвдэрч,   онгоц дугуйгаа дэлгэн газардах боломжгүй болжээ. Тиймээс нисэх баг шуурхай арга хэмжээ авч, Москвагийн ойролцоох эрдэнэшишийн талбайд элгээр нь аюулгүй газардуулсан байна.

    Онцгой байдлын үед 226 зорчигч болон нисэх багийнхныг аюулгүй буулгаж чадсан Юсупов өөрийнхөө багийнхныг зааврын дагуу чадварлаг ажилласныг тэмдэглэж, “Би хийх ёстой зүйлээ л хийсэн. Ёс суртахууны хувьд мэргэжлийн хувьд бид үүнд бэлэн байсан. Бид нислэгийн багийн бэлтгэл хийдэг өөрийн сургуультай. Бид эзэмшсэн  чадваруудынхаа ачаар зорчигчдод ноцтой хохирол учруулахгүйгээр онгоцыг амжилттай буулгаж чадсан” гэж хэлжээ. Тиймээс өөрийгөө баатар гэж үзэхгүй, хийх ёстойгоо л хийсэн гэж сэтгүүлчийн асуултад хариулжээ.

    Онгоцны  зорчигчдоос  76 нь хөнгөн бэртэж, эмнэлгийн туслалцаа авсан байна. Мөн тэдний дөнгөж 72 нь аяллаа цааш үргэлжлүүлэн Симферополийг зорьсон бол  үлдсэн  зорчигчид дахин нисэхээс татгалзаж, төлбөрөө бүрэн буцааж авах хүсэлт гаргажээ. Мөн авиа компаниас зорчигчдод сэтгэл санааны хохиролд нэмж мөнгө төлөхөөр болсон байна.

    Эх сурвалж:ТАСС

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ