• ОХУ-ын БХ-ын сайд Шойгугийн онгоцонд НАТО-гийн онгоц ойртох оролдлого хийжээ

    2019-08-15

    Өчигдөр НАТО-гийн F-18 байлдааны онгоц Балтийн тэнгисийн төвийг сахисан усан хилд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн тусгай онгоцонд ойртох оролдлого хийсэнд ОХУ-ын хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан Су-27 байлдааны онгоц хөөж явуулсан гэнэ.

    Шойгу Калининградад болсон тэнгисийн цэргийн нэгэн сургуулийн шав тавих ёслол, олон улсын цэргийн тэмцээн зэрэг үйл ажиллагаанд оролцоод тусгай онгоцоор Москваг чиглэн нисчээ. Тухайн үед Оросын Балтийн тэнгисийн цэргийн Су-27 байлдааны хоёр онгоц хамгаалах үүрэг гүйцэтгэж байжээ.

    НАТО-гийн F-18 байлдааны нисэх онгоц Балтийн тэнгисийн төвийг сахисан усан бүсийн дээгүүр өнгөрөхөд Шойгугийн тусгай онгоцонд ойртохыг оролдсон ч хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан Су-27 байлдааны хоёр онгоц хөөж холдуулсан байна.

    Гадаадын нисгэгчгүй онгоц, тагнуулын онгоц Оросын БХЯ-ны эсэргүүцлийг үл тоон, Оросын хил болон ОХУ-аас Сирид байрлаж буй цэргийн баазын дээгүүр нислэг хийх нь олширч байна.

    Энэ сарын 12-нд Оросын агаарын сансрын хүчний Ту-95MS стратегийн бөмбөгдөгч онгоц Европын хойд тэнгисийн бүсэд ээлжит нислэг хийж байх үед Норвегийн байлдааны онгоцууд зарим бүсэд дагаж ниссэн байна. Мөн 8-нд, Оросын агаарын сансрын хүчний Ту-95MS стратегийн бөмбөгдөгч онгоц Берингийн хоолойд үүрэг гүйцэтгэж байхад Америк, Канадын байлдааны онгоц зарим бүсэд Оросын цэргийн онгоцыг дагаж ниссэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ