Эрх чөлөөний төлөөх Хонгконгчуудын тэмцлийн эргэн тойронд

Хонгконгийн тэмцэл бол  бие даасан засаглалаа хамгаалах гэсэн тэмцэл

Хонгконгийн эсэргүүцлийн жагсаал 11 дэх долоо хоногтоо үргэлжилж байна. Анх Хонгконгод гэмт хэрэгт холбогдсон иргэдийн хэргийг эх газрын Хятадад шилжүүлэн,шүүх хуулийг эсэргүүцсэн нэг сая гаруй иргэдийн оролцсон тайван жагсаал хийснээр эхэлж байв.  Тус хотын хүн ам нь 7,4 сая орчим бөгөөд дээрх жагсаалд долоон хүн тутмын нэг нь оролцжээ. Ингэж эсэргүүцсэний учир нь Хятадын шүүхийн тогтолцоо тийм ч ил тод биш, хүний эрхийг зөрчдөг, харгисын дээрээс хамгийн гол нь бие даасан хууль,эрхзүйтэй гэгддэг ч эх газар Хятадын Хонгконгийн дотоод хэрэгт үзүүлэх нөлөөлөл нэмэгдсэнтэй холбоотой юм. Товчхондоо, өөрсдийн бие даасан шүүх,эрх зүйн тогтолцоо,засаглалаа хамгаалж,Хятадын нөлөөг үгүй хийх гэсэн эсэргүүцэл өрнөж байна.

Хонгконг нь Хятадын бие даасан засаг захиргаат хот болохоосоо өмнө 1841-1997 онуудад Их Британи улсын колоничлолд байсан. Улмаар Хятад болон Их Британи хоёр улсын эрх баригчид тохиролцоо хийн, Хонгконгийг 2047 он хүртэл бие даасан хууль,эрх зүйн тогтолцоот газар нутаг байлгахаар тохиролцсон.

Тайван жагсаалаар эхэлж байсан тэмцэл хоёр сарын хугацаанд хурцадмал байдалд шилжсэн нь

Зургадугаар сарын 9-ний  өдөр анхны тайван жагсаал болсноос хойш эсэргүүцэл улам ширүүсч буй. Эсэргүүцэл үргэлжилсэн эдгээр хугацаанд хууль бусаар жагссан, цагдааргийн ажилтнууд руу дайрсан, хутга,хүчилтэй цацлага гэх мэт зэвсэг ашигласан гэх үндэслэлтэйгээр нийт 700 гаруй иргэдийг хорьж,саатуулаад байгаа юм. Эх сурвалж болон дэлхийн дахины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар Хонгконгийн эсэргүүцэгчдийн жагсаал өдөр ирэх тусам хүчирхийллийн шинж тэмдэгтэй болж байна гэж үзэж байна. Жагсагчид тоосго, төмөр бороохой, тэсрэх бөмбөг, хүчилтэй цацлага зэрлэгийг хэрэглэснээр цагдаагийн хүчийг нэмэгдүүлж, эсэргүүцлийн тэмцэл үргэлжилсэн. Жагсагчид Хонгконгийн Хууль зүйн зөвлөлийн байр болон цагдаагийн постууд руу дайран орж, цагдаа нар луу хүчдэл, тэсрэх бөмбөг шидэж,лазерын гэрэл тусгах байдлаар долдугаар сарын тэмцэл өрнөжээ.

 

Ланту аралд байдаг дэлхийн хамгийн их ачаалалттай, олон нислэг үйлддэг нисэх буудалд

Эсэргүүцэгчид нисэх буудалд дайран орж байгаа нь.

Харин наймдугаар сарын байдлаар Хонгконгийн эсэргүүцэгчид тэмцлээ дэлхий дахины анхааралд өртүүлж, дэмжлэг авах зорилготойгоор Ланту аралд байдаг дэлхийн хамгийн их ачаалалттай, олон нислэг үйлддэг нисэх буудалд тэмцлээ үргэлжлүүлж эхэллээ. Тус нисэх буудлын захиргаанаас тэмцэл тайван үргэлжилбэл нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн горимд ханган ажиллахаа мэдэгдсэн боловч   тэмцэгчид нэмэгдэн, нэмэгдсэнээр зорчигчдын танхим дүүрч, хүн гишгэх ч зайгүй болсон. Улмаар нисэх буудалд тэмцэл үргэлжилсний гурав дахь хоног буюу наймдугаар сарын 12-ны өдөр тус газраас гадагшаа нисэх байсан бүх нислэгийг цуцалсан юм. Хонгконгийн жагсагчид аливаа хэргийг хараат бус шүүхээр шүүлгэх, гэмт хэрэгт холбогдсон этгээдийг Хятадад шилжүүлэх хуулийн төслийг бүр мөсөн буцаахыг шаардаж байна . Мөн Бээжингээс томилсон Хонгконгийн захирагч Кэрри Ламыг огцруулах шаардлагыг тавьж байна.

Эсэргүүцэл ийм хэмжээнд тулж, хурцадмал байдал үүсэд байгаа хэдий ч ингэж улайран тэмцсэнийхээ төлөө Хонгконгчууд эрх чөлөөгөө олох бус харин ч тусгаар тогтнолоо алдаж эх газрын нэг хэсэг болж болзошгүй гэж Хөдөлмөрийн намын хууль тогтоох байгууллагын гишүүн Фернандо Чеүнг анхаарууллаа. Учир нь Хонгконгийг 2047 он хүртэл бие даасан байлгах хэлэлцээрт “оршин суугчдын эрх, эрх чөлөөг батлан хамгаалсан тохиолдолд” гэсэн заалтыг оруулсан байдаг байна.

Эсэргүүцэл хотын өдөр тутмын амьдрал, эдийн засагт нь сөргөөр нөлөөлж эхэллээ

Бараг гурван сарын хугацаанд үргэлжилж буй эсэргүүцлийн улмаас Хонгконгийн ДНБ-ий таван хувийг дангаараа бүрдүүлдэг нисэх буудлын үйл ажиллагаа доголдож, өдөр тутмын амьдралд саад учирч, хэд хэдэн чиглэлийн метро,автобуснуудыг  тээврийн үйл ажиллагаагаа зогсоод байна.

Консулын газраас нь Хонгконгийг зорин ирж байгаа болон тус хотын оршин суугчдыг жагсаал болж байгаа газарт очихгүй байх мөн цагдаа нартай адилхан харагдаж болох учир хар цагаан хувцас өмсөхгүй байхыг зөвлөөд байгаа юм.

Хонгконг хотын төвөөс нисэх буудлын хооронд явдаг хурдны галт тэрэг 12 минут тутамд зорчдог байсан бол эсэргүүцлийн улмаас зорчдог хугацаан нь 25 минут болон сунгагджээ. Нисэх буудал орох галт тэргэнд суухын тулд заавал онгоцны билет болон паспорт шалгаж байгаа юм.

29 настай Шинэ Зеландын иргэн Брит Карол

Мөн нисэх буудлын үйл ажиллагаа доголдсоны улмаас гадаадаас ирэх жуулчдын тоо буурч, Хонгконгийн засаглал гадаадад муу нэртэй болж үлдэж болзошгүй байна. Жишээлбэл, 29 настай Шинэ Зеландын иргэн Брит Карол тус хотод өнгөрүүлсэн амралтынхаа дараа Мэлбурн луу 12-ны өдөр нисэх байсан боловч эсэргүүцлийн улмаас нислэг нь хоёр өдрөөр хойшилжээ. Каролын хувьд Хонгконгод дахиж ирэх эсэх нь тус улсын эрх баригчид улс төрийн нөхцөл байдлаа хэрхэн тайвнаар зохицуулж чадсанаас шалтгаална гэжээ.

Эх газар Хятадын Засгийн газрын зүгээс ямар байр суурьтай байна вэ?

Тайвнаас хүчирхийллийн хэв маягт шилжсэн тэмцлийн хариуд эх газрын Хятадын эрх баригчдын зүгээс Хонгконгчуудыг “галаар тоглохгүй байх”-ыг, мөн Засгийн газрын тэвчээрийг шалгахгүй байхыг удаа дараа анхааруулсаар байгаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын твитертээ “Хятадууд Хонгконгийн хилийн ойролцоо зэвсэгт хүчнээ төвлөрүүлж байна. Бүгд болгоомжтой, аюулгүй байх ёстой” гэж жиргэсэн. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Хонгконгийн эсэргүүцлийг  Хятадын Засгийн газрын зүгээс цэргийн хүчээр дарах гэж байж болзошгүй мэдээлж байгаа юм.

Хятадын Шэнчжэнь хотын спортын төв

Хятадын Шэнчжэнь хотын спортын төв

Хиймэл дагуулаас авсан зурагнаас харвал Хятадын Ардын зэвсэгт цагдаагийн асар олон тооны зэвсэглэсэн цэргүүд Хонгконгтой хамгийн ойр хиллэдэг Хятадын Шэнчжэнь хотын спортын төвд цугларчээ. Газар дээрээс нь сурвалжилсан CNN мэдээллийн агентлагийн мэдээлж байгаагаар нэгэн офицероос яагаад энд ирснийг нь асуухад “Түр хугацааны томилолтоор ирсэн” гэснээс өөр хариулт өгөөгүй байна.

Мөн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр жагсагчид нисэх буудлыг орхин одоогийн байдлаар Хонгконг хотын Шам Шүй По дүүрэгт цуглараад байна. Гудамжинд ил жагсах болсноор эсэргүүцэгчид, цагдаа нарын хоёр дахь удаагийн мөргөлдөөн болсон бөгөөд энэ удаа жагсагчид лазерын хортой гэрлэн буугаар зэвсэглэжээ.

Хонг Конг хотын Шам Шүй По дүүрэг

Бэлтгэсэн Г.Сүрэн

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ