• Ж.Мягмар:Байгууллагын цэцэрлэг нь төрийн өмчит цэцэрлэг учраас хүүхдийг регистрийн дугаараар бүртгэнэ

    Жил болгон улсын хэмжээнд 46 мянган хүүхэд цэцэрлэггүй хоцордог. Сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт эрчимтэй явагдаж буй үед энэ тоо улам ч нэмэгдсээр байна. Харин энэ асуудлыг шийдэх, хүүхэд бүрт сургуулийн өмнөх боловсролыг олгож, цэцэрлэгт хамруулахаар байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн бодлогын хэрэгжилтийг хангахаар ажиллаж буй аж. Энэ талаар БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын (СӨББ)-ын Хэлтсийн дарга Ж.Мягмартай ярилцлаа.

    -Цэцэрлэгийн хүрэлцээ хангамж энэ жил ямар байна вэ?

    -Өмнөх жилүүдэд 36 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулдаг байсан бол энэ жилийн хувьд Засгийн газраас хүүхдийн цэцэрлэгийн барилга барих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсний дүнд анх удаа 93 цэцэрлэг ашиглалтад орж, 13445 хүүхэд шинээр цэцэрлэгт хамрагдах боломж бүрдлээ. Шинээр болон хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулах ажлыг дэмжих, цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх зэрэг ажлуудыг хийж байгаа ч хүн амын өсөлт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед улсын хэмжээнд 46 мянган хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэж байна.  Энэ асуудлыг шийдэх хамгийн боломжит хувилбар бол томоохон аж ахуйн нэгжүүд дэргэдээ байгууллагынхаа ажилтнуудын хүүхдэд зориулсан цэцэрлэг нээх юм. Энэхүү байгууллагын цэцэрлэгийн хувилбарыг олон нийтийн санаачлага болж  цаашдаа өргөжөөсэй гэсэн  үүднээс “Байгууллагуудын дэргэдээ цэцэрлэг байгуулах санал,санаачлагыг дэмжих” Засгийн газрын 183 дугаар тогтоолыг гаргасан. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн дагуу байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн хувьсах зардал, хүүхдийн хоолны мөнгө, багшийн мэргэжил дээшлүүлэх зардлыг төрөөс олгоно.

    -Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулбал хувьсах зардлыг улсаас өгнө гэсэн.Энэ өнгөрсөн жилээс хэрэгжсэн шийдвэр үү,энэ жилээс үү?

    -Байгууллагын цэцэрлэг гэдэг ойлголт шууд энэ жилээс шинээр бий болчихоогүй. Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөрт хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах гэсэн зорилт багтсан.

    Бид эхний шатанд байгууллагын цэцэрлэгийн загвартай болох үүднээс  төрийн байгууллагуудаасаа эхэлсэн.

    2016 онд эхэлсэн ажлын хүрээнд одоогийн байдлаар  Гадаад  харилцааны яам, Хууль сахиулахын их сургууль, Хуулийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд дэргэдээ цэцэрлэгтэй болж, 1300 орчим хүүхэд хамрагдаад байна. Хууль сахиулахын их сургууль гэхэд найман бүлэгтэй, 200 хүүхэдтэй цэцэрлэг байгуулсан. Хүүхэд харсан хүнээс хэзээ ч муухай ааш,авир гардаггүй гэдэг утгаараа эдгээр байгууллагууд маань дэргэдээ цэцэрлэгтэй болсноор улам л өсч,дэвжээд явж байгаа гэж хардаг. Ялангуяа Улаанбаатар хотын хувьд түгжрэл ихтэй, ажлын цагийн хувьд амаргүй гээд бодохоор байгууллагын цэцэрлэг гэдэг бол хүнээ, хүүхдээ, хүүхдийнхээ хөгжлийг бодсон загвар юм.

    -Дэргэдээ байгууллагын цэцэрлэг байгуулсан байгууллагын сайн туршлагаас хуваалцаач?

    -“ДСЦ-3” ТӨХК болон  “Ариг гал” ХК буюу “Ээрмэлийн үйлдвэр”  гэсэн компаниудын сайн туршлагыг жишээ болгоё. “Ариг гал” ХК-ийн хувьд ажилчдын ихэнх  нь ээлжээр ажилладаг эмэгтэйчүүд байдаг. Ээрмэлийн үйлдвэр барилгынхаа 575 метр.квадратыг ашиглаад 100 хүүхдийн цэцэрлэг бий болгоход 145 сая төгрөгийн  хөрөнгө оруулалт хийсэн. Эцэг,эхчүүд хүүхдээ цэцэрлэгээс нь авах цаг хоцорлоо гэж сандрах, хүүхдээ цэцэрлэгээс нь оройтуулж  авах нь гэх айдасгүй болсон. Багш нарт нь илүү цагийн мөнгийг нь өгдөг учраас ээлжийн ажил хийдэг ээж нар ажлаа тайван хийх боломжтой болсон.  “ДСЦ-3” ТӨХК-ийн хувьд гэхэд хангалттай өрөө гаргаад, манай ажилчдын хүүхдүүд явах учраас Монголд байгаа хамгийн сайн чанартай, үнэтэй ор,цагаан хэрэглэл, тоглоомнуудаар тохижууллаа гэж байсан.

    -Байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулахаар хувьсах зардлыг төсвөөс өгнө гэсэн. Энэ мөнгө төсөвт бэлэн суусан байгаа гэж ойлгож болох уу.Хичнээн хүүхэд хамрагдана гэсэн төсөөлөлтэйгөөр төсвөө гаргасан бэ?

    -Яг таг тэдэн хүүхдийг хамруулна гэж хэлэх боломжгүй. Аль болох олон байгууллага энэ санаачлагад нэгдээд, хамрагдаасай  гэж хүсч байна. Хамрагдах хүүхдийн хувьд хангалттай хэмжээнд тооцоолж гаргасан байгаа.Ганцхан бид нарын хүссэн тоонд хүрэхгүй байх вий гэж л санаа зовж байна.

    -Хувьсах зардлыг хүүхдийн тоогоор бодож өгдөг үү. Нэг байгууллагын цэцэрлэгт хэдэн төгрөгийн хувьсах зардал гарах бол?

    Улаанбаатар хотын хувьд нэг хичээлийн жилд нэг хүүхдэд 807800 төгрөгийг хувьсах зардалд төсөвлөсөн байдаг. Хувьсах зардалд багш,ажилчдын цалин,хичээлийн хэрэгсэл, зөөлөн эдлэл, эм бэлдмэл, ариутгал, интернет, нормын хувцас зэрэг зардлууд… Байгууллагын цэцэрлэгийн хувьд төр байгууллагуудад хувьсах зардал дээр нь нэмээд хүүхдийн хоолных нь мөнгийг мөн адил төр санхүүжүүлдэг байгаа. Дунджаар цэцэрлэгийн нэг бүлэг 25, бага анги бол 15 хүүхэдтэй байдаг. Хувьсах зардлыг тооцохдоо яг хэдэн хүүхэдтэй хэдэн бүлэг ажиллах вэ гэднээс хамаарч олгоно.

    -Дэргэдээ цэцэрлэгтэй болж байгаа компани,байгууллагын хувьд ямар үүрэг хүлээж байгаа вэ?

    – Байгуулаггын хувьд хүүхдийн тоонд хангалттай зай,талбайтай байраа бэлдэнэ. Хэрэглээний ус,цахилгааны төлбөр,дараа,дараагийн жилд гарах засвар болон хүүхдэд хэрэгтэй зарим эдлэл, хэрэглэлээ байгууллага хариуцвал бусад үйл ажиллагаа явуулах зардлыг нь төр гаргаад өгнө.

    -Хувьсах зардал авна гэхээр байгууллага бүр дэргэдээ цэцэрлэг нэртэй “ямар нэг юм” байгуулаад төсвөөс мөнгө авах гэж зүтгэх болов уу гэсэн болгоомжлол байна.Үүнд яаж хяналт тавих вэ?

    -Цэцэрлэгийн орчинд болон хөтөлбөрт нь тавигддаг стандартын дагуу хяналт,шинжилгээ хийн ажиллана. Мөн тусгай зөвшөөрөл дээр нь цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх гэсэн нэмэлт өөрчлөлтийг явуулдаг учраас газар дээр нь ажлын хэсэг очиж үзнэ. Байрных нь метр.квадратыг хэмжээд, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал байх эрх нь зөрчигдөх ёсгүй учраас хамрагдах хүүхдийнх нь тоог зааж өгнө. Үүнээс гадна агааржуулалт, ариун цэврийн өрөөний ариутгал, хоол хүнс бэлтгэх өрөө гээд бүгдийг нь нэг бүрчлэн үзнэ.

    Байгууллагийн цэцэрлэг маань төрийн өмчит цэцэрлэгт тооцогдох учраас цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийг регистрийн дугаараар нь бүртгэнэ, дээрээс нь ирцээр нь хоолны зардлыг нь санхүүжүүлдэг зэрэг   хөндлөнгийн хяналт сайтай учраас тийм эрсдэл гарахгүй.

    -Байгууллагын цэцэрлэгт ажиллах багшийг Боловсролын яам гаргаж өгнө гэж мэдэгдсэн. Цэцэрлэгийн багш нар тийм олон бий юу?

    -Байгууллагын цэцэрлэгийн бодлогоороо цэцэрлэгийн багш нарыг хөрвүүлж бэлтгэх ажлыг хийгээд эхэлчихсэн байгаа. Сургуулийн өмнөх боловсролын сургууль дээр багшийн мэргэжлийн хүмүүсийг цэцэрлэгийн багшаар түргэвчилсэн байдлаар сургаж байна. Зөвхөн Улаанбаатар хотод гэлтгүй хөдөө орон нутагт байгууллагын цэцэрлэгийг байгуулвал ажилгүй байгаа мэргэжлийн 330 цэцэрлэгийн багш нарыг ажиллуулах боломжтой. Төрийн болон төрийн бус өмчит сургуулиудаас сургуулийн өмнөх боловсролын багшаар энэ жил 1000 оюутан төгссөн. Сүүлийн жилүүдийн хугацаанд эрэлт нэмэгдээд цэцэрлэгийн багш хүрэлцдэггүй байсан бол одоогийн байдлаар нийлүүлэлт хэвийн болсонтой холбогдуулан ажиллах хүчин бол хангалттай байгаа гэж хэлж болно.

    Сургуулийн өмнөх боловсролд оруулсан хөрөнгө оруулалт ирээдүйд хувь хүний үнэт капитал болдог учраас аль болох бүх хүүхдийг хамруулах бодлого барих ёстой. Энэ бодлогыг  маань МҮХАҮТ дэмжин хүлээж авч байгаад талархаж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ