• У.Хүрэлсүх:Байгаль орчны сайдаа, өнөөдөрТост,Тосон бумбын бүх лицензийг цуцла

    2019-08-12

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тост, тосон бумбын асуудлаар ТЕГ, ЦЕГ дарга нар болон зарим сайдыг дуудан уулзаж, үүрэг даалгавар өгчээ.

    Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

    Сүүлийн үед зарим нэг олигархиуд уул уурхайгаар маш их хууль зөрчиж байна. Уул ус хилэгнүүлж байна, ард түмнийг уйлуулж байна. Ард түмэн газраа ухуулахгүй гээд байхад яагаад энэ газрыг ухаад байгаа юм бэ? Анхнаасаа хууль зөрчиж олгогдсон гэж би ойлгож байгаа. Энэ асуудлаар өмнө нь би хэд хэдэн удаа үүрэг, даалгавар өгсөн. Энэ асуудалд холбогдсон УИХ-ын гишүүн Чойжилсүрэн гэж нөхөрт  би бас хэлсэн. Яасан цадаж ханадаггүй шунал вэ?

    Эх орны газар сэндийчээд, ард түмэн бухимдуулаад хувьдаа ашиг олно гэж УИХ-ын гишүүнээр сонгогдоогүй байлгүй.  Албан тушаалтнуудыг авлигаддаг байсан бол одоо ард түмнийг авлигадах гэж оролдож байна. Үүнийг анхаар ТЕГ, ЦЕГ-ын дарга нар аа. Гурвантэс сумын иргэн Нямдаваа гэдэг хүн энэ уурхайг зогсоохоор явсны төлөө 3-5 сая төгрөгөөр амыг нь барих гэж оролдсон гэж иргэн хүн авлигалын асуудлыг улс орон даяар ярьж байна. Сумын удирдлагын асуудлыг ярьж байна. Улаанбаатар хотод уулзалтад оролцох гэж ирсэн 40 гаруй хүнийг авлигадах гэж оролдсон гэж хэлэлцүүлэгт орсон хүмүүс ярьж байна. Яагаад үүнийг та нар шалгахгүй байна вэ ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын дарга аа. Хэрэг үүсгэж энэ асуудлыг яаралтай шалга. Нүдэн дээр чинь хууль зөрчиж, авлигын хэрэг явж байхад яагаад шалгахгүй байна вэ.

    “Саус Гоби”-д өгсөн ашигт малтмалын лиценз, бичиг баримт чинь хуурамчаар үйлдэгдсэн байна. Багийн Иргэдийн нийтийн хурал хуралдаж тогтоол шийдвэр гаргах байтал тэр хурал хуралдахгүйгээр бичгийг нь хуурамчаар бичиж, Байгаль орчны яамны руу явуулсан байна. Хууль бусаар ашигт малтмалын лиценз олгосныг олж харж, шалгахгүй байгаа юм бэ Байгал орчны сайд аа, Уул уурхайн сайд аа.

    370 мянган тонн нүүрсний хулгай яасан бэ. Би жилийн өмнө энэ асуудлаар үүрэг өгсөн. Шалгаж байна л гээд байгаа, үр дүн хаана байна вэ. Шударга ёсыг тогтоох ёстой сайд нар аа. Ашигт малтмалын лицензийг цуцлах ёстой. Тост тосон бумбын ордыг улсын тусгай хэрэгцээнд авах ёстой Байгаль орчны сайд аа. Өнөөдөр та шийдвэрээ гаргаж, бүх лицензийг цуцал, ойлгосон уу. Би танд үүрэг өглөө шүү. Уурхай дээр байгаа бүх техник хэрэгслийг нь журамла, ЦЕГ-ын дарга аа. Та өөрөө газар дээр нь очиж ажилла. Ард түмэнд хээл хахууль өгөх гэсэн асуудлыг тогтоож, хэрэг үүсгэ, ТЕГ-ын дарга аа. Хууль бусаар олборлолт хийсэн компаниар нөхөн сэргээлтийг нь хийлгэ. Хэрвээ энэ үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, хийж чадахгүй бол та нар ажлаа өгцгөө. Сайд нар огцор, холбогдох албан тушаалтнууд бүгд ажлаа өг. Өвлийн тэсгэм хүйтэнд Төв талбайд 30 мянган хүн жагссаныг та бүхэн битгий мартаарай. Хүмүүс Монгол Улсад шударга ёсыг тогтоох гэж жагссан. Ард түмний хүсэлт, итгэл найдварыг хуулийн хүрээнд бид хариулах үүрэгтэй. Тиймээс хууль зөрчсөн “Саус Гоби сэндс”-ийн үйл ажиллагааг таслан зогсоо. Үүнээс гадна олборлолт хийхээр 3, 4 компани тэнд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр лицензүүдийг бүгдийг нь цуцал. Тос тосон бумын ордыг бүхэлд нь улсын тусгай хэрэгцээнд ав. Энэ асуудлаар Монголын шүүх шударгаар ажиллана гэдэгт итгэж байна.

    Одоо ашиглаж байгаа уул уурхайгаа л ашигла, илүү газар битгий ашигла. Тавантолгой, Оюутолгойгоо ашигла. Энэ асуудлыг журамла Д.Сумъяабазар сайд аа.

    Эх орон чинь газар нутаг дээр тогтдог. Ард түмний амьдрах орчин бол газар нутаг. Тиймээс газар нутгийн бүрэн бүтэн байдал, эко системийг ямар ч хүн хөндөж болохгүй, ямар ч хууль үүний өмнө бөхийх ёстой. Ийм л үүрэг даалгавар өгье. Ажилдаа орцгоо нөхөд өө, явцгааж болно.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ