• Ч.Гантулга: Айл өрх бүрт 3-5 тонн сайжруулсан нүүрс худалдаж авах ”Сайн карт”-ыг тараана

    -Нийслэл хотыг хорт утаа бүрхэн авах цаг хаяанд ирлээ. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо өвөлд хэр бэлэн байна вэ?

    -Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны энэ онд хийхээр төлөвлөсөн 32 ажлын хэрэгжилт 80 хувьтай явж байна. Click To Tweet Юун түрүүнд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж буй “Тавантолгой түлш” ХХК-ийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих, нөөц бүрдүүлэх, 600 гаруй км-ийн цаанаас зөөдөг түүхий эдийн тээвэрлэлтийг төлөвлөгөөний дагуу чанартай гүйцэтгэхэд анхаарч байна. Түүнчлэн гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим хороог найдвартай эрчим хүчээр хангах Хүчит шонхрын дэд станцыг барих, төвийн дулаанд холбох боломжгүй 21 сургууль, цэцэрлэгийн нүүрсээр халдаг бойлерыг газ болон вакум усан халаалтын бойлероор солих ажил өрнөж байна. Дараагийн томоохон ажлын нэг бол гэр хороололд агаарын бохирдлын мониторинг, амьдрах орчны судалгаа хийх юм. Энэ ажилд 4208 орон тооны бус ажилтныг дайчилж байгаа бөгөөд одоогоор 60 гаруй хувьтай явж байна. Судалгаанд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн зургаан дүүргийн гэр хороололд оршин суугаа 220 мянган айл өрхийг хамруулна. Тухайн айлын хэрэглэдэг зуухны төрөл, халаагуурын тоо, шөнийн тоолуурт хамрагдсан эсэх, цаашлаад өрхийн орлого, тэр ч бүү хэл бие засах байгууламж буюу жорлонгийн төрөл зэрэг 31 асуултаас бүрдсэн судалгааг үндэслэн төрийн бодлогыг илүү оновчтой чиглүүлэх юм. Судалгааны үр дүн буюу гэр хорооллын өнөөгийн байдлыг ирэх аравдугаар сард Засгийн газар болон олон нийтэд танилцуулна. Техник технологийг дэмжих ажлын хүрээнд усан бойлерын шинэчлэл, хог ангилан хаях төслүүдийг дэмжинэ. Нийслэлд 1980-1990-ээд оны 1100 орчим угсармал байшин байдаг. Эдгээр байшингуудын хогийн цэг тодорхой хэмжээгээр орчныг бохирдуулж байдаг. Тиймээс Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран нийтийн эзэмшлийн талбайд хог ангилан хаях цэг байгуулахыг зорьж байна. Энэ бүх ажлын үр дүн ёс, аравдугаар сараас мэдрэгдэж, агаарын бохирдол үлэмж буурна.    .

    -Гэр хорооллын өрхүүд өвөлдөө 1.2 сая тонн нүүрс хэрэглэдэг. Харин сайжруулсан түлш хэрэглэснээр энэ тоо 600 мянган тонн болж буурна хэмээн тооцож байгаа. Одоо сайжруулсан түлшний нөөц ямар байна вэ?

    -Сайжруулсан түлш түүхий нүүрстэй харьцуулахад хоёр дахин их илчлэгтэй, мөн хоёр дахин удаан шаталттай. Click To Tweet Тиймээс нийслэлийнхэн 600 орчим мянган тонн нүүрсээр нэг өвлийг давна гэсэн тооцоо гарсан.  Мэдээж нөөцлөлтийг энэ тооноос давуулна. Учир нь 2020-2022 онд агаарын чанарыг сайжруулах бүсэд үлдсэн гурван дүүрэг. Түүгээр зогсохгүй аймгийн төвүүдэд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

    Одоогоор 150 мянга гаруй тонн сайжруулсан түлш нөөцлөөд байна.

    Энэ нь гэр хорооллын өрхүүдийн нэг сар 20 хоногийн нөөц юм. “Тавантолгой түлш” үйлдвэрийн ажил төлөвлөгөөний дагуу хэвийн явж байна.

    -Энэ өвлийн 600 мянган тонн нүүрсний төлөвлөгөөг хэзээ биелүүлэх вэ. Хомсдол үүсэх эрсдэл бий юу?

    -Үйлдвэр тасралтгүй ажиллах учир хомсдол үүсэх боломжгүй. Аливаа шинэ зүйлийг хийхэд бэрхшээл тулгардаг. Үйлдвэр найман шугамаа бүгдийг нь ажиллуулаад хангалттай хэмжээнд сайжруулсан түлш үйлдвэрлэх боломжтой. Харин бэлэн болсон бүтээгдэхүүнийг хадгалах агуулах дутмаг байна. Үйлдвэрийн хашаанд 150 мянган тонн нүүрс нөөцөлсөн байгаа. Одоо харин Зам тээврийн яамтай хамтран нүүрсээ Сонгинохайрхан дүүрэгт байрлах үйлдвэрийн хашаанаас Амгалан дахь сайжруулсан түлшний хангамжийн бааз руу төмөр замаар тээвэрлэж эхэлсэн. Амгалан дахь баазад 80 гаруй мянган тонн нүүрс хадгалах талбай бэлдэж, агуулах сав, саравч барих ажил эхэлсэн. Энэ жил бороо хур ихтэй байгаа тул түлш норох нөхцөл үүсээд байгаа.

    Норсон түлшийг хатаахгүй бол асахдаа удаан. Тиймээс үйлдвэрлэж буй нүүрсний хадгалалтын горимыг барих шаардлагатай.

    Түүнээс гадна хотын дүүргүүдэд байрлаж буй хувийн хэвшлийн томоохон агуулах савыг түрээсэлж байна. Түүнчлэн газар чөлөөлөлтөөр олгосон 100 орчим байршилд битүү агуулах саравчнууд барьж байна. Үйлдвэрийн хашаанд байгаа 150 мянган тонн нүүрсийг Амгалан дахь хангамжийн бааз, 100 орчим агуулах, 40 бөөний төв, 500 гэрээт борлуулагч руу тээвэрлэх ажил энэ сарын 15-нд 50 хувийн гүйцэтгэлтэй байхаар төлөвлөсөн.

    -Сайжруулсан түлшний туршилт хэр амжилттай байна вэ. Борлуулалт эхэлсэн үү?

    -Үйлдвэр ажилд орсноос хойш туршилтууд түлшийг 5-6 төрлийн зууханд шатааж, байнгын туршилт хийж байгаа.

    НМХГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар долоо хоног бүр түлшнээс дээж авч, лабораторид шинжлүүлж байгаа.

    Түүхий нүүрсийг өмнө нь 540 цэгт худалдаалдаг байсан. Борлуулалтын хувьд өмнө нь ажиллаж байсан зарчмаар ажиллана. Энэ сарын 15-аас 500 гэрээт борлуулагчийн 50 хувь нь ажиллаж эхэлнэ. Click To Tweet Одоогоор туршилтын шугамаар нийслэлийн 20 цэгт борлуулж эхэлсэн.

    -Сайжруулсан түлшний үнийг тогтвортой байлгахад ямар бодлого баримтлах вэ?

    -Махтай адил нүүрсний үнийг ч тогтворгүйжүүлдэг ченжүүд байдаг.

    Засгийн газар үнийн бодлогыг хатуу барих учир хямд байгаа дээр нь нөөцлөөд авъя гэж тэвдэх шаардлагагүй.

    500 гэрээт борлуулагчтай түлшний үнийг өсгөхгүй хатуу гэрээ байгуулж, хуваарилалтыг жигд хийнэ. Нэг өрх өвлийн турш 3 тонн нүүрс хэрэглэх бол төдий хэмжээний л нүүрс худалдан авах боломжтой. Харин гурван тонн нүүрсээ заавал нэг дор худалдан авах шаардлагагүй. Өөрийнхөө хадгалах сав, хэрэглэх хэмжээндээ тохируулан худалдан авалт хийхэд хангалттай. Click To TweetСайжруулсан түлшний жигд хуваарилалт, түгээлтийг НЗДТГ болон “Тавантолгой түлш” ХХК хариуцаж ажиллана.

    -Түлшний үнэ өртөг, савлагаа ямар байх вэ?

    -Нэг тонн сайжруулсан нүүрс 150 мянган төгрөгийн үнэтэй байна. Багануурын нүүрсний тээврийн зардал шингээгүй үнэ 140-180 мянган төгрөг байдаг. Налайхын нүүрс 220-240 мянган төгрөгийн үнэтэй.

    Тиймээс сайжруулсан түлш түүхий нүүрснээс хямд байх юм. Түүнээс гадна илчлэг ихтэй, баглаа боодолтой, тээвэрлэхэд, хэрэглэхэд хялбар зэрэг олон давуу талтай.

    Хамгийн гол нь шатахдаа түүхий нүүрснээс 40-50 хувиар бага хорт утаа ялгаруулна.

    -Худалдан авалтыг шинэ системд шилжүүлж, өрх бүрийг нүүрс худалдан авах карттай болгохоор төлөвлөсөн. Энэ ажлын явц ямар байна вэ?

    -220 мянган айл өрх бүрт нүүрс худалдаж авах ”Сайн карт” тараана. Зургаан дүүргийн карт өөр өөр байх бөгөөд тухайн дүүргийн гэрээт борлуулагч дээр л уншина.

    Нэг картаар 3-5 тонн сайжруулсан нүүрс худалдаж авах боломжтой.

     Посс машинууд ирж байгаа, картуудыг ч хэвлэж байна. Картыг хэрэглэж буй айл өрх, хийсэн гүйлгээг “Тавантолгой түлш” ХХК хянана. Картыг оршин суугаа хороо, дүүргээсээ авах юм. Түүнээс гадна сайжруулсан түлшний борлуулалтын цэгийн байршил, хэрэглэх, хадгалах заавар зэрэг иргэдийг мэдээллээр хангах гар утасны апликейшн хөгжүүлж байгаа.

    -Түүхий нүүрс хэрэглэсэн айлд ямар арга хэмжээ авах вэ? 

    -Монгол Улсын Засгийн газар сүүлийн гурван жилийн хугацаанд агаарын бохирдлын эсрэг зоригтой шийдвэрүүд гаргаж байна. Үүний нэг жишээ нь нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын 62-р тогтоол. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд манай хороо дэргэдээ цагдаагийн 58 алба хаагч бүхий нэгж байгуулан ажиллаж байна. Уг нэгж төвийн бүсийн зургаан дүүрэгт хяналт тавьж байгаа. Үүний зэрэгцээ дээр дурдсан судалгаа хийж буй 4208 орон тооны бус ажилтнууд ирэх арванхоёрдугаар сарыг дуустал хороо гудамжиндаа хяналт тавьж, түүхий нүүрс түлж байгаа айл өрхийг холбогдох байгууллагад мэдээлнэ. Түүхий нүүрс хэрэглэсэн иргэн, аж ажуйн нэгжийг Зөрчлийн тухай хуулиар 50-500 нэгжээр торгоно. Бид энэ өвөл нэгэн шинэ зүйл турших гэж байна. Ингэхдээ шинэ технологи, шинэ норм стандартыг нэвтрүүлж байгаа хэрэг. Үүнийг иргэд дэмжиж бидэнтэй хамтран ажиллах хэрэгтэй. Учир нь бид их хэмжээний хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулж нийслэл хотын тулгамдсан асуудал болсон утааг шийдэхийг зорьж байна.

    Сайжруулсан түлшний үнэ түүхий нүүрснээс хямд байгаа учир иргэдийн хандлага нааштай байгаа.

    Харин ч сайжруулсан түлшээ түлье, хаанаас хэдээр авах вэ зэргээр нийгэмд хүлээлт үүсэж байна. Бид нөөцийг 100 хувь бүрдүүлж, сайжруулсан түлшийг түүхий нүүрснээс доогуур үнээр борлуулах үүргээ биелүүлнэ.

    -Стратегийн ач холбогдолтой, түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөлтэй хэчнээн зуух байгаа вэ. Үүнд ямар хяналт тавих вэ?

    -Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллага түүнчлэн барилгын блок, тоосго, арьс шир боловсруулах үйлдвэрийн зориулалтаар ашигладаг 290 зуух байгаа. Эдгээр үйлдвэрүүд тусгай технологиор бүтээгдэхүүнээ хатааж, боловсруулдаг учир стратегийн ач холбогдолтой гэж үзэн түүхий нүүрс хэрэглэхийг зөвшөөрсөн. Харин зуухны яндан бүрт утаа шүүгч шүүлтүүр тавьсан байх шаардлагатай. Эдгээр байгууллад түүхий нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгож, байнгын хяналт тавих юм.

    -Бага, дунд оврын халаалтын зууханд утаа шүүх шүүлтүүр суурилуулах нь хэр үр дүнтэй вэ?

    -Нийслэлийн зургаан дүүрэгт сургууль цэцэрлэг, төрийн байгууллага, амины хэрэгцээнд ашиглаж байгаа 2700 орчим халаалтын зуух байна. 100 кВт-аас дээш хүчин чадалтай зуухны тоог гаргаж, бүртгэлжүүлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтарч хийлээ. Ингээд 290 халаалтын зууханд хуурай болон нойтон технологиор утаа шүүдэг шүүлтүүр суулгаж эхэлсэн. Одоогоор ХЗДХЯ-ны харьяа хорих анги, цэргийн ангиудад суулгаж байна. Ирэх сарын 15-ны дотор 100 кВт-аас дээш хүчин чадалтай 290 зууханд утаа шүүгч суулгасан байх юм. Ингэснээр хар утаа гаргадаг том яндангууд байхгүй болно.

    -Гэр хорооллын айл өрхүүдэд ногоон зээлийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй зээлээр олгох ажил эхэлсэн үү. Үүнд ямар бүтээгдэхүүн багтах вэ?

    -Ногоон зээлийн сангийн хүрээнд ХААН, Хас, Төрийн банктай хамтран эрчим хүчний хэмнэлттэй төхөөрөмжөөр хангах боломжгүй айл өрхөд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэхээр гэрээ байгуулсан. Түүнээс гадна гэр, байшингаа дулаалах төслүүдэд тус гурван банк хүүгүй болон бага хүүтэй зээл олгоно. Гэр, байшингаа дулаалбал тухайн айлын халааснаас гарч байгаа зардал багасна.

    Судалгаанаас үзэхэд хаалга, хаяа, тооноороо дулаан алддаг айл жилд дөрвөн тонн нүүрс хэрэглэдэг бол дулаалга хийснээр хоёр тонн болгож бууруулах боломжтой.

    Ногоон зээлийн бүтээгдэхүүнд дулаан алддаггүй гэрийн бүрээснээс эхлээд олон бараа бүтээгдэхүүн багтаж байгаа.

    -Нийслэлийн агаарын бохирдлын 10 гаруй хувийг автомашины утаа эзэлдэг. Үүнд ямар арга хэмжээ авч байна вэ?

    -Бидний хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг бол нийслэлийн төвийн дүүргүүдэд явж байгаа насжилт багатай нийтийн тээврийн 100 автобусанд DPF шүүлтүүр суулгах ажил. Энэ ажлын худалдан авалтыг хийсэн. Ирэх сарын 15-ны дотор бүх автобусанд шүүлтүүр суулгана.

    -Нийслэлийн орчны бохирдолд өөр ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?

    -2020 онд орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хэрэгжүүлэх ажлын жагсаалт энэ сарын 15-нд  гарна. Ингэхдээ технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, төсвийн мөнгийг зөв зохистой, үр ашигтай зарцуулахын тулд судалгаатай тооцоотой ажиллана.

    Нэг жишээ ярихад энэ зуны борооноор Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй дүүргийн уул жалгыг дагасан үерийн усаар айлуудын жорлонгийн бохир урс Сэлбэ гол руу урсан орж ирж байна. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна.

    Тиймээс гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлонг шинэчлэх ажлыг ойрын таван жилд хийхээр ярилцаж байна. Ирэх жил дор хаяж 50-100 мянган айлын нүхэн жорлонг шинэчилье. Хөрсөндөө нэвчдэггүй бетонон жорлон барьжсард хоёр удаа бохирыг соруулдаг болох хэрэгтэй. Соруулсан бохироо хатаагаад шатаадаг үйлдвэр мөн барих шаардлагатай.

    Зөвхөн агаарын бохирдол бус хөрсний бохирдол ч гамшгийн хэмжээнд хүрлээ.

    Улаанбаатар хот өвөлдөө агаарын бохирдлоороо дэлхийд эхний тавдугаарт бичигдэж байна. Зуны улиралд шарилж шороо, бороо орвол нүхэн жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол гээд олон асуудал үүсдэг. Тиймээс Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, төсвийн мөнгийг зөв зохистой зарцуулахыг зорин ажиллаж байна.

    Эх сурвалж:montsame.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ