• Дүрмийн дагуу Б сорьцын шинжилгээний хариу гарсны дараа допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлана

    Улсын баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариутай холбоотой асуудлаар  сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

    Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Билгүүн “Энэ жилийн баяр наадмаар тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Допингийн шинжилгээний хариу Үндэсний бөхийн салбар хороонд наймдугаар сарын 7-нд ирсэн. 16 бөх хамрагдсанаас хоёр бөхөд допингийн төрлийн бодис илсэрсэн.  Нэгээс нь дөрвөн төрөл, нөгөөгөөс нь нэг төрлийн бодис илэрсэн.

    Бид допингийн шинжилгээний хариуг бөхчүүдэд утсаар мэдэгдсэн. Харин допинг илэрсэн хоёр бөхийн хувьд нэг нь энэ сарын 9-нд, нөгөө нь өчигдөр ирж шинжилгээний хариутайгаа албан ёсоор танилцсан.  Хэрвээ А сорьцын хариутай санал нийлэхгүй хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ 10 хоногийн дотор гаргаж болдог. Одоогоор Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтэй гаргаагүй байна.

    Олон нийтийн зүгээс нэрийг нь зарлахыг шаардаж байна. Бид ямар нэгэн байдлаар бөхчүүдийн нэрийг нууцлаад байгаа юм биш. Дүрмэндээ А сорьцын хариуг шууд зарлах боломжгүй байдаг. Хэрэв допинг илэрсэн бөхчүүд энэ сарын 19-ны дотор Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ гаргахгүй, допингийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрвөл бид нэрийг нь шууд зарлана.

    Хэрэв дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргавал В сорьцын шинжилгээний хариу гарсны дараа нэрийг нь албан ёсоор зарлана” хэмээлээ.

    -Хэрвээ түрүү бөхөөс допинг илэрвэл ямар арга хэмжээ авах вэ? 

    -Журмандаа хоёр арга хэмжээ авна гэж заасан. Нэгдүгээрт, Баяр наадмын комиссын зүгээс барилдах эрхийг нь хоёр хүртэлх жилээр хасах арга хэмжээ авна. Хоёрдугаарт, бай, шагнал, цолыг нь хураана. Гэхдээ үүнийг Ерөнхийлөгч өгсөн болохоор Ерөнхийлөгч өөрөө шийднэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ