Шинэ аваргаас бусад нь допинг хэрэглээгүй гэж мэдэгдлээ

Улсын баяр наадам болоод өнгөрсний дараах нэгэн хурц сэдэв бол ямар бөх допинг хэрэглэв гэх асуудал байдаг. Жил бүр л бөөн хардлага сэрдлэгэ болдог нь энэ жил бүр ч ихээр асуудлыг дэвэргэх болоод байна. Ялангуяа Баяр наадам зохион байгуулах хороо бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг нууцлахыг оролдов, хэний ашиг сонирхол байв хэмээх асуудлыг тавьсаар байна.

Уг нь хоёр бөхөөс допингийн асуудал илэрсэн тухайгаас эхлээд шуугилдаж буй.

Баяр наадам зохион байгуулах хорооноос өнгөрсөн баасан гаригт буюу наймдугаар сарын 09-ний өглөө шинжилгээнд хамрагдсан бөхчүүдтэй бүгдтэй нь холбогдож, хориотой эмийн бодис илэрсэн үгүйг нь хэлж өгсөн.

Гэвч тэр өдрөө “Допингийн эсрэг үндэсний төвөөс шинжилгээний хариу ирээгүй байна” гэж Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Э.Содномжамц, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн нарын талаар ярих боллоо.

Тэднийг ямар зорилгоор ийнхүү худлаа хэлснийг гайхах, хачирхах хүн олон байлаа.

Допингийн шинжилгээний хариу ирээгүй байна хэмээн худал хэлэх дарга нарын өөдөөс шинжилгээний хариугаа авсан гэх 15 бөх өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан лайв хийж, допингийн эсрэг тэмцэнэ гэдгээ харуулж, шинжилгээний хариуг яаралтай зарлахыг шаардлаа. Уг нь хоёр бөхөөс допинг илэрсэн гэж байгаа ч шинжилгээ хийлгэсэн 16 бөхийн 15 нь ийнхүү хэрэглээгүй гэдгээ зарласан нь бас сонирхолтой асуудал.

Харин энэ наадмаар хоёр дахиа түрүүлж, улсын аварга болсон Э.Оюунболд ганцаараа шинжилгээний хариу нь ямар гарсан талаар мэдэгдэл хийгээгүй.

Тэрбээр Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан наадамд эхний өдөр барилдаж хоёр даваад гурвын даваанаас буюу маргааш нь барилдаанаа хаяад алга болсон нь олон нийтийн дунд арай энэ чинь допинг хэрэглэчихсэн юм биш байгаа хэмээх хардлагыг төрүүллээ.

Иймээс ч нийгмийн сүлжээнд Э.Оюунболд аварга хэрвээ допинг хэрэглэсэн бол нутгийн ах Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар нь  хав дараад өнгөрөх биз гэсэн хардлага ч явсаар байна.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудалд хатуу байр суурьтай байгаа аж. Баяр наадам зохион байгуулах хорооны хэсэг нөхөд допингийн шинжилгээний хариу ирсэн талаар Ерөнхий сайдад уламжилжээ. Ерөнхий сайд “Шударга үнэний төлөө явж байгаа хүний хувьд шударга бус зүйлтэй эвлэрэхгүй. Спорт шударга байх ёстой. Бөхчүүдээс допинг илэрсэн бол зохих журмын дагуу хариуцлага тооцоод яв” гэсэн үүрэг өгсөн хэмээн эх сурвалжууд онцолж байна.

Тиймээс Баяр наадам зохион байгуулах хорооноос мэдээлэл хийж, допинг илэрсэн бөх байгаа эсэх, тэр нь хэн болохыг албан ёсоор зарлахыг л хүлээх үлдлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ