• Доктор,професор Осуги Коки:Цусны эргэлтийг сайжруулах нь хүний биеийг ямар ч эм, мэсгүйгээр байгалиар нь эмчлэх арга юм

    Японы Анагаахын шинжлэх ухааны доктор, Хүнсний мэргэжлийн професор багш Осуги Коки Монголд хүрэлцэн иржээ. Түүний хувьд 50 гаруй жилийн хугацаанд цусны эргэлт сайжруулах массажны эмчилгээний аргад дагнан суралцаж, зөвхөн энэ төрлийн мэргэжилтэн бэлтгэн,төгсгөдөг өөрийн сургуулиа Япон улсын Осака,Токио хотуудад нээжээ. Хүн эрүүл байхад хүний биеийг бүрхэн оршиж байдаг судсаар гүйх цусны эргэлтийн хэм маш чухал үүрэгтэй хэмээн Осуги Коки професор хэлсэн.  Хэдийчинээ жигд цусны эргэлт сайн байна, төдийчинээ цус эд эрхтэнүүдэд хангалттай очиж, эрүүл байх үндэс болдог байна. Зөвхөн цусны эргэлт сайжруулах массаж  эмчилгээний дүнд гарын атгын чинээ хорт хавдар, мөн төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байсан 10 настай охин бүрэн эмчлэгдэн, эдгэрчээ.

    Ингээд Япон улсын Анагаахын шинжлэх ухааны доктор, Хүнсний мэргэжлийн професор багш Осуги Коки-той ярилцсанаа хүргэе.

    -Цусны эргэлт мөн цусны эргэлт сайжруулах массажны эмчилгээний төрөл гэж юу болох талаар яриагаа эхлүүлье?

    -Хүний бие нь дэлхийг долоо хоног тойруулахад хүрэхүйц хэмжээний судаснаас  бүтсэн байдаг. Тийм учраас тэдгээр судсаар гүйж байгаа цусны эргэлтийг сайжруулах нь хүнийг эрүүл байхад маш чухал үүрэгтэй. Биенд байгаа шингэний 99 хувийг цус эзэлдэг. Хүмүүсийн нүдэнд том том судаснууд  л харагддаг болохоос микроскопоор харвал сагсны сүлжээс жижиг судсууд маш олон бий.

    Хүний биений хаана ч дарсан ямар нэгэн судсанд хүрч байна  гэсэн үг. Цусны эргэлтийг сайжруулж эмчилдэг миний арга гэвэл өвчинтэй байгаа хэсгийн судсыг хуруугаараа даран, тэр хэсэгт бөөгнөрсөн цусыг хоёр тийш гүйлгэж, буцаан улмаар нарийн судаснуудыг цусаар бүрэн хангах үйл явц юм.

    -Тэгэхээр цусны эргэлт сайжруулах энэ эмчилгээний арга нь цэгэн массажтай төстэй гэсэн үг үү?

    -Цэгэн массажны хувьд хүний биеийн энэ энэ цэгүүд дээр сайн гээд тогтоочихсон дүрмийн дагуу байдаг бол цусны эргэлт сайжруулах массажны хувьд өвчтэй байгаа хэсэгт хийдгээрээ ялгаатай. Мөн өвдөж байгаа газар цусны эргэлт сайжруулах массаж хийснээр сайжирч байгаа нь тэр дороо мэдэгддэгээрээ  давуу талтай. Ходоод нь өвддөг бол ходоод хавийн цусны эргэлт, нуруу хөшиж хөөрөөд байвал мөн адил тэр хэсгийн цусны эргэлт муудчихсан, цус нь хангалттай хүрч очиж чадахгүй байна гэсэн үг.

    -Зөвхөн ил харагдах биеийн хэсгийн өвдөлтийг л цусны эргэлт сайжруулах аргаар намдаадаг гэсэн үг үү, дотор эрхтэнийг ч мөн эмчилдэг үү?

    -Эрүүл хүний бие ямар байдгийг судалж, мэдсэн  учраас барьж үзээд өвчтэй хүний өвдөж байгаа хэсгийг оношилж  тогтооно. Ходоод өвдөөд байна гэвэл би өөрөө барьж үзээд хатуу болчихсон, өвчилсөн хэсгийг олоод массаж хийж зөөлрүүлж, эмчилнэ. Хүнд төвшиндөө орчихсон бол хэд хэдэн удаа эмчлүүлэх шаардлагатай, дөнгөж эхэлж байгаа буюу үрэвсэж эхэлж байгаа бол 1-2  удаа эмчилгээнд ороход бүрэн эдгэрнэ. Орчин үеийн шинлэх ухааны эм бол таны одоогийн өвчнийг л намдааж өгдөг болохоос үндсээр нь эмчилдэггүй. Цусны эргэлтээ сайжруулах нь өөрийн биеэ ямар ч эм, мэсгүйгээр байгалиар нь эмчлэх арга юм.

    -Цусны эргэлтээ сайн байлгахын тулд яах ёстой вэ?

    -Даарах, хүйтэн юм ууж идэх нь хүний цусны эргэлтийг удаашруулдаг сөрөг нөлөөтэй.  Цусны эргэлтээ сайн байлгая гэвэл аль болох дулаахан байх хэрэгтэй. Зун халуунд хүмүүс хүйтэн юм их уудаг. Хэт хүйтэн зүйл ууснаар ходоодны ар талын судаснуудад агшилт бий болж, цусны эргэлт сайн явагддаггүй.

    Хүйтэн шүршүүрт  орох гээд хэрэггүй.Үүний оронд  унтахаасаа өмнө  судсаа тэлж, цусны эргэлтээ сайжруулах үүднээс  халуун ваннд орж байх хэрэгтэй. Өвлийн улиралд хүчилтөрөгч хангалттай авч чаддаггүйн  улмаас цусны эргэлт саарч, бие амархан ядарч, өвдөх гээд байдаг. Мөн цус өтгөрөөгүй, бөөгнөрөлгүй байх тусам эргэлт нь сайн байдаг учраас ус их ууж дадах хэрэгтэй.

    -Цусны эргэлт сайжруулах массажны эмчилгээний арга нь Японы уламжлалт эмчилгээний төрөл үү?

    -Энэ эмчилгээний аргыг анх 100 жилийн өмнө Японы Комаёо Зентаро гэж хүн анх нээснээс хойш өвлөгдөн явж байгаа юм. Миний хувьд Зентаро багшийн нээсэн эмчилгээний аргаар суралцсан хоёр дахь шавь нь. Энэ эмчилгээний арга одоогийн байдлаар зөвхөн Японд л хэрэглэгдэж байгаа. Ер нь массаж гэдэг зүйл Арабаас, харин цэгэн массаж бол Хятадаас гаралтай. Биений ил харагдах хэсгүүд, дотоод эрхтэнүүдээс гадна нүдний хараа, хөгжлийн бэрхшээлийн зарим төрлүүдийг  цусны эргэлт сайжруулах массажаар эмчлэх  боломжтой. Гэхдээ төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй бол массажаар эдгэх, эдгэхгүй, эсвэл удаан эдгэх эсэхийг нь эхлээд оношлон тогтоодог. Аливаа өвчнийг аль болох эрт мэдэх тусам эмчлэгдэх нь амархан байдаг.

    Миний хувьд Украйны Чернобалийн атомын цахилгаан станц дэлбэрсний улмаас хордсон хүмүүст жил болгон очиж цусны эргэлт сайжруулах массажаар эмчилгээ хийж байна. Цацрагт бодис өндөртэй байсан газар төрсөн хүүхэд алхаж чадахгүй, хөлд орохгүй байх тохиолдол хүртэл гарч байсан. Миний эмчилгээний дүнд алхаж чаддаггүй хүүхэд хөлд орсон. Эмчилгээ ийм үр дүнтэй байгаа учраас Украйны Төв эмнэлгээс эмч нартаа  цусны эргэлт сайжруулах массажны эмчилгээний аргыг заалгуулахаар хүсэлт тавьсны дагуу сургалт явуулахаар болоод байна.

    -Дархлаагаа дэмжих, өвчнөөс урьдчилан  сэргийлэхэд энэ эмчилгээний арга үр нөлөөтэй юу?

    -Цусны эргэлт сайжруулах массажаар биеийн ерөнхий дархлагаа сайжруулж, биеэ сэргээх боломжтой. Цусны эргэлт сайжруулах массаж нь нэгдүгээрт, тухайн өвдөж байгаа хэсгийг анагаах, хоёрдугаарт, гэдэс, дотор эрхтэнийг эдгээр, гуравдугаарт биеийн дархлаа, энергийг сайжруулах гэсэн онцлогтой.

    -Монголд анх удаа ирж байгаа гэсэн. Хаана хаана, ямар хүмүүст сургалт явуулах вэ?

    -Энэ бол миний хувьд анх удаа Монголд ирж байна. Эхний ээлжинд Эрдэнэтийн 20 гаруй эмч нарт цусны эргэлт сайжруулах массажыг мэргэжлийн төвшинд зааж, сургалт явуулна. Харин биеэ өөрөө эмчилдэг больё гэсэн хүмүүст энэ бүтэн сайн өдөр буюу наймдугаар сарын 10-ны өдөр сургалт  хийнэ. Энэ сургалтаараа   компьютер дээр удаан суухаар нүд чилэх, хүзүү, мөр хөшилтийг эдгээхэд хийх хамгийн энгийн массажны төрлөөс заана. Миний хувьд зөвхөн энэ төрлийн эмчилгээгээр дагнасан мэргэжлийн эмч сургах сургуулийг анх байгуулсан бөгөөд одоогийн байдлаар Осака, Токио хотод  хоёр салбартай. Манай сургуульд суралцсан сурагчдаас 70 гаруй нь мэргэжлийн төвшинд сураад, сертификат аваад,өөрийн гэсэн цусны эргэлт сайжруулах эмчилгээгээр дагнасан эмнэлэг нээн ажиллуулж байна. Бүтэн цагаар сурвал гурван сард, харин ажлынхаа хажуугаар сурахад хугацаа нь уртсаад хоёр жил хүртэл сурдаг.

    -Таны хувьд анх  яагаад  цусны эргэлт сайжруулах массажны эмчилгээний төрлөөр суралцах болсон бэ?

    -Миний хувьд залуу байхын бие муутай байсан. 20 настай байхдаа нурууны   мэс засалд хүртэл орсон боловч мэс заслын дараахь янгинаж өвддөг өвдөлт нь байгаад л байсан. Харин нэг өдөр найзаасаа цусны эргэлт сайжруулах замаар эмчилдэг эмч байдгийг  сонсоод, оюутан байхдаа очиж эмчилгээ хийлгэсэн.  Би өөрөө далайн инженерээр их сургуулиа төгссөн боловч нуруу өвдсөн хэвээр байсан учраас өөрөө энэ эмчилгээний аргад суралцахаар шийдсэн. Цусны эргэлтийг сайжруулах эмчилгээний аргад суралцаад, өөр дээрээ массаж хийн, бүрэн эдгэсэн.

    Тэгэхээр хэрвээ  цусны эргэлт сайжруулах массажны үндсэн  техникт суралцчих юм бол хүн  өөрийгөө эмчлэх, аливаа өвчнөөс сэргийлж, хамгаалах боломжтой.

    Гарын атганы  хэмжээний том ходоодны хавдрыг ямар ч хагалгаа,эмгүйгээр зөвхөн энэхүү цусны эргэлт сайжруулах эмчилгээний аргаар эмчилж,эдгээсэн  тохиолдол ч бий. Массаж гэхээр хүмүүст өөрсдийнх нь хийлгэдэг хүчтэй өвтгөдөг массаж бодогдоод байдаг. Тэр төрлийн массаж бол булчинтай ажиллаж, суллах зорилготой. Харин миний  массажны эмчилгээний арга нь нүдэнд харагддаггүй хялгасан судаснуудтай харьцдаг, огтхон ч өвддөггүйгээрээ ялгаатай.

    -Манай улсын хувьд элэг, ходоодны хорт хавдар, зүрх судасны өвчлөлөөрөө дэлхийд дээгүүрт бичигдэх болоод байна. Ер нь Монголд ирээд ажиглахад хүмүүсийнх нь хувьд ямар санагдаж байна вэ?

    -Хорт хавдрын төрлүүд ихсэх болсон нь химийн бодистой боловсруулсан хүнс их хэрэглэж байгаатай холбоотой. Миний ажигласнаар Монголд  таргалалттай хүмүүс олон байгааг бодвол сахарын өвчин болон зүрх судасны өвчлөл монголчуудын дунд тархсан байдаг болов уу. Япон улсын хувьд ч гэсэн, сүүлийн жилүүдэд махны хэрэглээ хэд дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор таргалалт, хавдрын асуудлууд нэмэгдэх болсон. Муу өөх тос болон сахар гэдэг хоёр зүйл бол өвчин үүсэх хамгийн эхний шалтгаан болдог учраас аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй.

    Зүрх,судасны өвчлөл өндөр байдаг  Монголд  энэ эмчилгээний аргаар зүрхээ өвчлөхөөс бүрэн урьдчилан сэргийлж болно.

    Осуги Коки багшийн иргэдэд зориулсан сургалт энэ бүтэн сайн өдөр буюу наймдугаар сарын 10-ны 11 цагаас Шангри-ла зочид буудлын В1 давхрын Вэлнэс төвд болох юм.

    Осүги Коки товч танилцуулга

    Окаяма мужид төрсөн. 1974 онд Япон Их Сургуулийн Хөдөө аж ахуй мал
    эмнэлгийн факултетийг төгсөөд Ой Загас Хөдөө аж ахуйн Яаманд хөдөө аж
    ахуйн инженерээр ажилласан.
    ОЗХАА Яамны ажлаа хүлээлгэж өгөөд цусны эргэлтээр анагаан эмчлэх аргыг анх
    нээж нэвтрүүлсэн хүний анхны шавь болох Мүраками Хироясүгийн дор суралцаж,
    1982 онд Зүү төөнүүрийн мэргэжлийн сургууль, хурууны даралтаар массаж хийж
    анагаах улсын батламжлагдсан эрх авч төгсснөөр эмнэлэгээ нээсэн. 1987 онд
    цусны эргэлтээр анагаан эмчлэх аргыг дэлгэрүүлэн түгээх, дараагийн үе
    залгамжлагчдыг бэлтгэх зорилгоор семнар сургалтуудыг хийж эхлүүлсэн.

              • Зэрэг: Анагаахын шинжлэх ухааны доктор,
                Хүнсний мэргэжлийн професор багш
              • Хэвлэл бүтээл:
              • “Асуудлыг шийдэхэд өвчин эмгэг анагаагддаг” ном”Цусны эргэлтээр эмчлэх арга” ном
              • “Цусны эргэлтээр эмчлэх аргын анхан шат” сурах бичиг
              • “Зовхио 10 хором дарахад нүд сайжирна” ном, Такаражима хэвлэлийн компани
              • “Гайхамшигт цусны урсгалын арга ” ном, Парко хэвлэлийн компани
                зэрэг бусад хэвлэл бүтээлүүд бий.
              • Одоогийн байдлаар,
              •  Цусны эргэлтээр анагаах арга нийгэмлэгийн дарга
              •  Цусны эргэлтээр анагаах мэргэжлийн сургуулийн захирал
              •  “Осүги” эмчилгээний клинигийн захирал
              • “Японы Эрүүл Мэндийн Нэгдсэн Холбоо” ашгийн бус байгууллагын орлогч
                захирал
              • “Японы Эрүүл Мэндийн Нэгдсэн Холбоо” АББ-ын Хоол тэжээлийн
                хүрээлэнгийн орлогч захирал, професор багш
              •  Японы нэгдмэл анагаах ухааны мэргэжлийн холбооны гишүүн
              • 2015 оноос Чернобылийн цараг туяанд өртсөн хүүхдүүдийг эмчлэх сайн дурын
                ажилд эмчилгээ хийснээр үр дүн өндөр гарч, 2019 оноос Украйн Улсын Нэгдсэн
                Эмнэлгийн эмч, сувилагч нарт сургалт явуулна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ