• АНУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол улсад айлчилж байна

    АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Т.Эспер болон ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд А.В.Формин нарын манай улсад хийж буй айлчлал өнөөдөр эхэллээ.

    АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилдогдоод удаагүй Марк Т.Эсперийн хувьд гадаад айлчлалаа Азийн орнуудаас эхэлж байгаагийн нэг нь Монгол Улс болж байна. Тэрээр айлчлалын хүрээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзаж,Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхана.

    АНУ-ын Батлан хамгаалахын 27 дахь сайд Марк Т.Эспер нь энэ оны долоодугаар сарын 23-нд тангараг өргөсөн. Тэрээр 1986 онд АНУ-ын Цэргийн академийг дүүргэсэн, цэргийн жинхэнэ албанд 10, Үндэсний гварди болон бэлтгэл офицероор 11 жил үүрэг гүйцэтгэжээ. Сенатын гадаад харилцааны ахлах мэргэжилтэн, Төлөөлөгчдийн танхимын Цэрэг, зэвсэгийн байнгын хорооны улстөрийн захирал, Пентагоны Хэлэлцээрийн бодлого хариуцсан Батлан хамгаалахын дэд сайдын орлогч зэрэг албан тушаал хашиж байжээ.

    ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал А.В.Формин нь энэ албан тушаалд 2017 онд томилогдсон. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар олон улсын цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааг хариуцан ажиллаж байна.

    Тэд өчигдөр орой Монгол Улсад газардсан бөгөөд тэрхүү бичлэгээ өөрийн твиттер хуудастаа оруулжээ. Жиргээндээ, “Монголд ирлээ! АНУ-Монголын нийтлэг үнэт зүйлс, түншлэлийн бат бэх хэлхээ холбоо, дэлхий даяар ардчилал, эрх чөлөөг дэмжих үүргээ батлан харуулах болно” хэмээн бичжээ

    Пентагоны тэргүүнээр сонгогдоод удаагүй байгаа тэрээр анхны гадаад айлчлалаа Ази, Номхон Далайн бүсийн таван орноор хийж байгаа юм. Ноён Эспер эхлээд Австралид айлчилсан бол дараа нь Шинэ Зеланд, Япон улсуудад дараалан зочилжээ. Маргааш тэр Өмнөд Солонгост айлчилснаар энэ удаагийн аялалаа өндөрлөх ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ