• Сайд асан УИХ-ын гишүүн Б.Батзоригийг энэ сарын 20-нд шүүнэ

    “Онч шийдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асанд холбогдох шүүх хурал өчигдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө.

    Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Онч шийдэл” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэ-Очир, Ш.Алтангадас, өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоож болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцсон байна. Шүүх хуралдааны явцад талуудаас нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулжээ.

    “Онч шийдэл” ТББ нь “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалын хавсралт нэгээр “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авах эрх” олгосон “Газар буудай” ХХК, “Дорнод гурил” ХХК, “Монгол шаазан” ХХК, “Ред стар клуб” ХХК “Тээвэр ачлал” ХХК, “Хүннү” ХХК, “Цэн стайл” ХХК, “Эпато анарваан” ХХК-уудад холбогдох хэсэг, мөн сайдын 2018 оны наймдугаар сарын 24-ний өдрийн А/141 дүгээр тушаалаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авах эрх” олгосон “Баяр плант ХААБ” ХХК, “Доктор мейк” ХХК, “Мондем” ХХК, “Ти Эс Эн” ХХК, мөн сайдын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн А/21 тоот тушаалын “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК, “Их Улс” ХХК-иудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаныг тус шүүх 2019 оны нэгдүгээр 16-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэсэн байна.

    Ийнхүү ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн гарган шийдвэрүүдийг шүүх авч хэлэлцэж байна. Түүнийг Улсын Ерөнхий прокурор УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхээр санал оруулсан ч олонхиороо аваад үлдсэн билээ. Энэ удаад гаргасан шийдвэрүүд нь хууль бус гэж тогтоогдвол дахиад УИХ-д үлдэж чадахгүй л болов уу.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ