• Тайланд улсаар зорчсон тэмдэглэл #2: Аялал жуулчлалыг ингэж л хөгжүүлэх юмсан

    Аялал жуулчлалыг яг ингэж л хөгжүүлдэг байх.Далайн эргийн Пукет хотыг зорин ирсэн жуулчдад уйдах зав гарах нь тун ч ховор. Хүний сонирхлыг татах юу л байна,тэр бүгдийг монголчлоод гэдэг шиг тайландчилаад бий болгочихсон хүмүүс юм. 

    Миний аяласан долдугаар сар бол жилийн дөрвөн улирлын турш халуун нар төөнөх газрын хувьд борооны улирал нь. Монголд байхдаа ачаагаа баглахаасаа өмнө Пукетын цаг агаарыг харахад долоо хоногийн өдөр бүр бороотой гэж байсан   учраас Монголынх шигээ санаж усны гутал, цуваа эгээтэй л чемодандаа хийчхээгүй. Хийгээгүй нь ч болсон. Миний байсан 10 өдрийн нэг өдөрт  л тэнгэр нурж байна уу гэмээр айхтар дуутай, аадар бороо орсон билээ. 

    Зарим газар нь өдрийн турш нээлттэй байдаг бол ихэнхи хоолны газар, дэлгүүр хоршоо нь үдийн халуун нарнаар хаалттай байж, нар жаргахтай зэрэгцэн онгойдог.

    Халуунд хамгийн их зарагддаг ундаа бол наргил модны самрын ундаа

    +34 градус хүрч халсан тэр өдөр би Заануудын хүрээлэнг зорьсон юм. Заан унахаас авахуулаад зааныг усанд оруулах, гадил жимсээр хооллохыг хүртэл тэндхийн заан сургагч тайчууд жуулчдад санал болгоно. Үнэхээр үйлчилгээ үзүүлээд сурчихсан хүмүүс нь жуулчидтай ямар эелдэг, найрсаг харьцаж байгаа байдлаас нь харагдах юм. Заан сонирхож ирсэн жуулчдын жин,өндрөөс хамаарч суух зааны хувьд ч өөр өөр.

    Жаахан махлаг, биерхүү хүнийг арай өндөр , хөгшин гэмээр заан дээр суулгаж байсан бол бид нар шиг жижиг биетэй Азиудыг залуу заан дээр суулгадаг ажээ.

    Миний унасан заан бараг тэр хавийн хамгийн залуу заан гэдэг нь  бие, соёоны хэмжээнээс нь харагдаж байв. Заан дээр эхэлж суухад том том хэдэргэн яснууд нь мэдэгдээд, хоёр тийшээ налбайж уначих гээд их эвгүй санагдаж байсныг нуух юун. Их л зөөлхөн, элдэв ширүүн догшин авиргүй, нуулгүй хэлэхэд эрхлэнгүй байсан учраас өөрийгөө эмэгтэй нялх заан унаад яваад байна даа гэж дотроо бодож явав. Харин тэр зааны  сургагчаас нялх байтугай, надаас хөгшин буюу 25 настай эр зааныг унаж явснаа мэдсэн.  Тэгэхээр заан гэдэг амьтан төрөлхийн л тийм аядуу зөөлөн ааштай, “нялх зөөлөн” зантай  амьтан юм болов уу. 

    Миний унаж явсан 25 настай залуу заан

    Маш халуун уур амьсгалтай учраас заанаа тогтмол усалдаг юм байна лээ.

    Тайландчууд ер нь өөрт байдаг бүх л зүйлээ жуулчдыг татах брэнд болгож хувиргаж чадсан ард түмэн юм. Азийн peanut буюу газрын самарны ихэнхийг дангаараа үйлдвэрлэдэг улс.Тэд газрын самарны үйлдвэрээ ч жуулчдыг ирж үзэж, сонирхох боломжтой, нээлттэй болгожээ.  Их том, бүх шат дамжлага нь автоматжсан нүсэр үйлдвэр  байгаа байх даа гэж бодсоор үйлдвэрийн гадаа ирж билээ. Гэвч шат дамжлага бүрийг хүн гардан хийдэг ажээ. Жишээлбэл, цэвэрлээгүй, хальстайгаа байгаа газрын самрыг нэг нэгээр нь гадуурхаас нь салган цэвэрлэх ажлыг нэгэн Тайланд эмэгтэй хийх аж.

    Төрөл бүрийн амталсан газрын самар үйлдвэрлэдэг үйлдвэрийн цэвэрлээгний шат гар ажиллаагаагаар явагддаг.

    Тэр газар над шиг жуулчдаар дүүрэн байсан бөгөөд газрын самрын амталгаат худалдаанд оролцож байлаа. 

    Тэндхийн худалдагч нар үүднээс тосч аваад, бүх л бараа, бүтээгдэхүүнээ тайлбарлаж, амтлуулж, амьд харилцаа үүсгэдгээрээ манай худалдагчдаас ялгаатай.

    Пукет хотын шөнийн гудамж нь нар бууж, бүрий болох үед онгойдог бөгөөд өдрийн турш ихэвчлэн хаалттай байдаг.

    Ихэнх үйлчилгээний газрууд нь нар бууж, бүрий эхлэхэд онгойдог бол бүр зөвхөн шөнө л ажилладаг Bangla Walking Street гэх гудамж бий. Товчхондоо энэ бол шөнийн гудамж юм. Бидний хувьд өөрсдийгөө их л нээлттэй ард түмэн гэж боддог ч тэнд мөр зэрэгцэн аялж байгаа гадаадын жуулчдидтай харьцуулахад их л бүрэг, ичимхий бололтой.

    Пукет хотын шөнийн гудамж

    Шоу, цэнгээний газрууд, төрөл бүрийн үйлчилгээ санал болгодог клубууд, хамгийн наад зах нь текен дээрээ нүцгэн шахам эмэгтэй хүмүүс бүжиглүүлдэг газраар тоох ч үгүй жаахан хүүхдүүдээ дагуулан явна. Бараг зүү орох зайгүй шоу, цэнгээний газрууд байрласан энэ гудамж бол арлын хот болох Пукед хотод ирсэн жуулчны хувьд заавал очиж үзэх газрын нэг яах аргагүй  мөн. Хамгийн хачирхалтай нь энэ гудамжаар өдөр явахад бүх цэнгээний газрууд нь хаалттай байх учир өдөр, шөнө солигдсон гэмээр. 

    Дэлхийн хамгийн том үнэт эдлэлийн дэлгүүрээр аялсан нь.

    Жуулчид, тэр дундаа Араб, Хятад,Солонгосчуудын хамгийн их зорьдог газар бол үнэт эдлэлийн дэлгүүрүүд. Геннисийн номонд хүртэл бичигдсэн, дэлхийд хамгийн том тооцогддог үнэт эдлэлийн дэлгүүр зөвхөн арлын хот Пукетэд байдаг.  Мөн л адил, үүднээс нь таныг найрсаг нэгэн угтаж авах бөгөөд Тайландын үнэт эдлэлийн түүхтэй танилцуулахаас авахуулаад индраанил,бадмаараг,топаз зэрэг эрдэнийн чулууны дээжүүдтэй нь танилцуулах ажээ. 

    Арван өдөр Тайландын далайн эргийн хот Пукетэд амьдрахдаа амьдарч, аялахдаа аялсан миний хувьд аялал жуулчлалыг Тайландчууд шиг хөгжүүлсэн улс орон  хэр олон бол? гэсэн асуулт тээсээр явав. 

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ