• Монгол, ОХУ-ын тамирчид барианд орлоо

    ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг олон улсын цэргийн наадам тав дахь жилдээ Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн “Аравт” олон улсын морин цэргийн уралдаанд ОХУ, Монгол, Киргиз, Казахстаны баг оролцож байгаа бөгөөд тэмцээний эхний төрөл болж, багууд барианд оржээ. Төв аймгийн нутаг Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд нээлтээ хийж, тэмцээнийг эхлүүлсэн “Аравт”-ын оролцогчид өчигдөр эхний даваагаа давлаа.

    Алсын зайн морин маршийн уралдаан наймдугаар сарын 4-д Казахстан, Киргизийн багийн өрсөлдөөнөөр эхэлсэн бөгөөд өчигдөр Монгол, ОХУ-ын баг тамирчид барианд оржээ. Энэхүү уралдаан бартаа саад бүхий 130 км зайд болж, дөрвөн цэгт даалгавар гүйцэтгэсэн.

    Сугалаа ёсоор сүүлд гараанд гарсан Монгол, ОХУ-ын багийн оролцогчид ширүүн бороонд даалгавраа гүйцэтгэж, цэргийн албан хаагчдын тэсвэр хатуужлаа давхар шалгалаа.

    “Аравт” олон улсын цэргийн наадам өнөөдөр богино зайны холимог буухиагаар үргэлжилж, энэ сарын 10-д өндөрлөнө.

    Энэ удаагийн наадмыг сурвалжлахаар ОХУ-аас хэвлэл мэдээллийн бүтэн баг Монгол Улсад ирж ажиллаж байгаа бол БНХАУ, АНУ, Вьетнам, Зимбабве улсууд ажиглагчаар оролцож байна.

    ОХУ-д 2003 онд анх цэргийн мэргэжлийн чиглэлээр энэхүү уралдаан болжээ. Улмаар 2015 оноос ОХУ-аас уралдааныг өргөжүүлж, Олон улсын цэргийн наадам болгон зохион байгуулсан байна. Энэхүү уралдаан спортын бус цэргийн албан хаагчдын дунд явагддаг уралдаан юм. Олон улсын наадмын явцад цэргийн албан хаагчид өөрсдийнхөө мэргэжлээр өрсөлдөж, цэргийн гадаад харилцааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, улс үндэсний зан заншил, уламжлалаас суралцах гээд маш олон давуу талтай.

    Манай улс 2015 оноос энэхүү уралдаанд оролцож эхэлжээ. Өнгөрсөн онд ОХУ-д зохион байгуулагдсан танкийн биатлон, хээрийн гал тогоо, Беларус улсад болсон мэргэн буудагчийн тэмцээнд цэргийн албан хаагчид амжилттай оролцжээ.

    2018 оноос эхлэн Олон улсын цэргийн наадамд морин цэргийн төрлийг нэмэн оруулахаар болсон байна. Энэ хүрээнд Монгол Улсад анх удаа морин цэргийн анхдугаар уралдаан эдгээр өдрүүдэд Төв аймгийн нутагт болж байна. Дөрвөн орны цэргийн албан хаагчид оролцож байгаа “Аравт” цэргийн уралдааныг иргэд үзэх боломжтой бөгөөд АРАВТ фэйсбүүк хуудсаар мэдээлэл авч болох юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ