• Хятад улс АНУ-ын эсрэг валютын зохицуулалт хийж, юанийн ханшаа сулласан талаар Трамп тайлбар хийлээ

    2019-08-06

    Америкийн удирдагч Дональд Трамп өөрийн твиттер хуудсандаа юанийн ханш буурсан талаар тайлбар хийлээ.

    “Хятад улс валютынхаа үнийг бараг түүхэн доод түвшинд хүргэв. Үүнийг “currency manipulator”/валютын зохицуулалт/ гэж нэрлэдэг. Холбооны нөөцийг сонсож байна уу? Энэ бол ноцтой зөрчил бөгөөд Хятад цаг хугацааны явцад мэдэгдэхүйц сулрах болно!” гэж Трамп бичжээ.

    8-р сарын 5-ны өдөр Хятадын Ардын банк юанийн (БНХАУ-ын мөнгөн тэмдэгтийн албан ёсны нэр ) ханшийг 229 суурь нэгжээр бууруулж, нэг долларыг 6.9225 юань болгон бууруулсан гэж мэдээлсэн.

    Энэ нь өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп  Хятадын 300 тэрбум долларын дүнтэй бараа бүтээгдэхүүнд есдүгээр сарын 1-нээс эхлэн 10 хувийн импортын татвар оногдуулахаа зарласантай холбоотой юм. Тиймээс хятадууд хариуг нь барьж худалдааны дайн шатлан үргэлжлэхийг сануулсан хэрэг болсон.

    Хариуд нь Хятадын засгийн газраас өчигдөр дараалан хоёр арга хэмжээ авсан нь Америкийн талд хүндхэн цохилт өглөө.

    Нэг ам.доллартай харьцах юаний ханшийг 7-гоос хэтрүүлэлгүй хатуу барьдаг байсан Бээжин өчигдөр ханшийг суллаж, зориудаар унагасан нь сүүлийн 12 жилийн хугацаанд буюу 2007 оноос хойших анхны тохиолдол байсан гэв.

    Ийнхүү Хятадын тал валютын ханшийг худалдааны дайны зэвсэг болгон ашиглаж байгаагаа Вашингтонд харууллаа. Юаний ханш сул байх нь Хятадын экспортод давуу тал бий болгож байгаа хэрэг юм.

    Энэхүү шийдвэр гармагц өчигдөр АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд огцом унаж, энэ оны хамгийн доод хэмжээндээ хүрчээ. Dow Jones Industrial Average индекс 7,67 нэгжээр унасан бол S&P 500 индекс 2.98 хувиар, Nasdaq composite индекс 3.47 хувиар тус тус унажээ. АНУ-ын технологийн салбар хамгийн хүчтэй доргиж, Apple компанийн хувьцааны уналт бусдыгаа тэргүүллээ.

    Хятадын засгийн газар мөн АНУ-аас хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн худалдаж авахаа зогсоож байгааг зарлаад “наймдугаар сарын 3-наас хойш Америкаас авсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд импортын татвар оноох боломжийг үгүйсгэхгүй” гэж мэдэгдлээ.

    Зарим мэргэжилтнүүд Хятадын засгийн газрын авсан хариу арга хэмжээг 1-10 оноогоор хэмжвэл 11 гэж үнэлэхээр байгааг мэдэгдсэн нь АНУ-ын эдийн засагт хэр хатуу цохилт болсныг харуулж байна.

    “Шударга бус аргаар өрсөлдөх чадвараа өсгөсөн Хятад улсын эсрэг авах арга хэмжээ”-ний талаар АНУ-ын засгийн газар ОУВС-тай ярилцах боломжтой болж байгааг сангийн сайд Стивен Мнучин мэдэгдлээ.

    Хятад улсыг юаний ханшаа зориуд сулруулж, гадаад худалдаанд давуу тал олж авдаг гэж АНУ-ын засаг захиргаа эртнээс шүүмжилж байсан бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард  Вашингтон тус улсыг шууд “currency manipulator” гэж нэрлэхээс татгалзан “саарал жагсаалт”-д оруулаад байсан ажээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ