• Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцанд сонгогдсон иргэн 3 хоногийн дотор материалаа бүрдүүлж өгнө

    “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцны бүртгэл өнгөрсөн шөнө дууссан. Ийнхүү цахимаар бүртгүүлсэн иргэдийг хэрхэн сонгож, орон сууцанд оруулах тухай асуудлыг НОСК-ийн Ерөнхий захирал Б.Сүхбаатараас тодруулав.

    -Түрээсийн орон сууцанд орохоор хэдэн хүн бүртгүүлэв. Цахимаар бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулах ажил хэзээ эхлэх вэ?

    -Нийт 35 мянга 58 иргэн түрээсийн орон сууцны бүртгэлд хамрагдлаа. Үүнээс 30 мянга 794 иргэн түрээслэнгээ өмчлөхөөр, 4264 иргэн түрээслэхээр бүртгүүлсэн байна. Өнөөдөр, маргаашдаа комисс хуралдаж эхний ээлжинд орон сууцанд орох иргэдийн нэрсийг тодорхой болгоно. Сонгогдсон иргэд 3 хоногийн дотор материалаа НОСК-д өгөх ёстой. Хэрэв материал бүрдүүлэлт дутуу байвал тухайн иргэн хасагдаж, дараагийн хүн материалаа бүрдүүлж өгөх нөхцөл үүснэ. 30 мянган иргэн орон сууц түрээслэнгээ өмчлөх эрэлт байгаа гэдгийг энэ удаагийн цахим бүртгэл тодорхой болголоо. Цаашид түрээсийн байр нэмж барихад хөрөнгө оруулалт татах боломж байгаа нь харагдлаа.

    -Сонгон шалгаруулалт яаж хийгдэх вэ?

    -Сонгон шалгаруулах 9 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулагдсан. Комиссын бүрэлдэхүүнд орсон хүмүүсийн нэрийг хэлэх боломжгүй. Энэ удаагийн цахим бүртгэл маань хэн нэгэнд давуу байдал олгохгүй. Түрээсийн орон сууцанд орохоор болсон иргэдийн овог, нэрийг бид сайтдаа нээлттэй байршуулна.

    -Сонгон шалгаруулалт хэзээ дуусах вэ?

    -Энэ 7 хоногтоо дуусна. Гэхдээ материалаа дутуу бүрдүүлсэн иргэдийг хасах, дараагийн хүнийг бүртгэх зэрэг ажил хийгдвэл хугацаа шаардаж магадгүй.

    -Аль бүлгийн иргэд хамгийн ихээр түрээсийн орон сууцанд орохоор бүртгүүлсэн бэ?

    -Хувиараа бизнес эрхлэгч иргэд, залуу гэр бүлүүд хамгийн их бүртгүүлсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ