• Аравдугаар  сар хүртэл сайн ажиллахгүй бол Монгол Улс “Саарал жагсаалт”-д  орно

    2019-08-02

    Монгол улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын харгалзагч байгууллага болох Ази,Номхон далайн бүс нутгийн байгууллагад элсэн орсноос хойш даруй 15 жил өнгөрлөө. Энэ хугацаанд бид анх удаа Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хуультай болсноос гадна нэг удаагийн “Саарал жагсаалт”-д орж гарч, хоёр ч удаагийн харилцан үнэлгээ хийлгэжээ.

    Хамгийн эхний харилцан үнэлгээгээр 15-д нь муу үнэлгээ авсан

    Хамгийн эхний харилцан үнэлгээ нь хууль батлагдсаны дараа буюу 2007 онд хийгдэж байв. Анхны харилцан үнэлгээгээрээ 15-д нь муу, 21-д нь дунд үнэлгээ авсан.

    Эхний харилцан үнэлгээнээс хоёр дахь харилцан үнэлгээний хооронд хийгдсэн томоохон нэг өөрчлөлт бол  өмнө нь  ФАТФ гишүүн улс мөнгө угаах,терроризмын эсрэг хууль эрх зүйн орчноо болон тогтолцоогоо өөрчилсөн үү  гэдгийн гол шалгууртай байсан бол 2013 онд техникийн хэрэгжилтийн/technical compliance/ 40 зөвлөмж дээр шууд хэрэгжилтийн/immediate compliance/  11 үзүүлэлтүүдийг нэмж тусгасан байна.

    Шууд хэрэгжилт гэдэг нь товчхондоо гишүүн улс Мөнгө угаах, терроризмын эсрэг тэмцэхэд хэр хүчин чармайлт гаргаж байгаа, бодит байдал дээрх үр нөлөөнд үнэлгээ өгдөг.

    Хоёр дахь удаагийн харилцан үнэлгээгээр техник хэрэгжилтийн 5-д нь хангалтгүй, бодит байдлын үзүүлэлтүүдээс 9-д нь хангалтгүй үнэлгээтэй гарсан

    Харин 2017 онд Мөнгө угаах, терроризмтой тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага (АНДББ)-аас хийсэн хоёр дахь харилцан үнэлгээгээр Монгол Улс техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжөөс хангаагүй 5, хагас хангасан 15, дийлэнхийг хангасан 15, бүрэн хангасан 5 үзүүлэлттэй байсан бол үр дүнтэй байдлыг илэрхийлэх шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс 2 үзүүлэлтийг дунд зэрэг хангасан, харин 9 үзүүлэлтийг хангаагүй үр дүнтэй гарсан байна.

    Монгол улс 2007 онд Мөнгө угаах,терроризмын эсрэг тэмцэх боломжтой хууль эрх зүйн орчныг бий болгох гэсэн гэрийн даалгаврын үнэлгээндээ 15-д нь хангалтгүй үнэлгээ авч байсан бол 2017 онд тавд нь хангалтгүй үнэлгээг тус тус авчээ.

    Монгол Улс  “Саарал жагсаалт”-д ороход нэг л хуруу дутуу байна

    2017 онд ийнхүү муу дүн авсан учраас Монгол Улсыг Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага ФАТФ эрчимтэй хяналтдаа  авч, “Саарал жагсаалт”-д хоёр дахь удаагаа ороход ойрхон болоод байна.

    Шууд хэрэгжилтийн  үзүүлэлтүүдийн 80-иад хувьд  хангалтгүй дүн авсан учраас Монгол улсын Засгийн газрын зүгээс эдгээр үзүүлэлтүүдийг сайжруулах зорилгоор Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Терроризмтэй тэмцэх тухай хууль, Гаалийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд тус тус  нэмэлт өөрчлөлтүүдийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр баталж оруулсан.

    Ийнхүү нэмэлт өөрчлөлтийг оруулснаар нэгдүгээрт, Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлж, хоёрдугаарт хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, гуравдугаарт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг эрс чангатгасан гэж үзэж байгаа.

    Харилцан үнэлгээ хийлгэн, хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд ФАТФ-ын дотоод дүрмийн дагуу хангалтгүй үнэлгээ авсан үзүүлэлтүүд дээрээ үнэлгээгээ сайжруулах боломжтой байдаг аж. 2007 онд анх харилцан үнэлгээ хийлгэхдээ туршлагагүй,”шеников” байсан болоод ч тэр юм уу,үнэлгээгээ ахиулах хүсэлтийг тавиагүй гэнэ. Харин 2017 онд хийгдсэн хоёр дахь удаагийн харилцан үнэлгээний дүн мэдээлэл тодорхой болсны дараа хангалтгүй үнэлгээ авсан 20 үзүүлэлтийн үнэлгээг нэмэгдүүлэх хүсэлтийг боловсруулж хүргүүлжээ. Ингэснээр 14 үзүүлэлт дээрээ үнэлгээгээ нэмэгдүүлэх боломжтой болсон юм.

    Хамгийн сүүлийн үеийн албаны мэдээллээр бол 2019 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсын хувьд техникийн хэрэгжилтийн үнэлгээгээ сайжруулах боломжтой байсан 14 үзүүлэлтээс 13-д нь үнэлгээгээ ахиулж чаджээ. Харин нэг үзүүлэлтийн үнэлгээ буурсан байна. Монгол Улс “Саарал жагсаалт”-аас зайлсхийхийн  тулд техникийн хэрэгжилтийн “дийлэнхийг хангасан” эсвэл “бүрэн хангасан” зөвлөмжийн тоо хамгийн багадаа 21-д хүрэх шаардлагатай.

    “Саарал жагсаалт”-аас зайлсхийхийн тулд техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжөөс 21-т нь, үр дүнтэй байдлын шалгууруудаас 6-д нь дундаас дээш үнэлгээ авах шаардлагатай

    Харин шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс хамгийн багадаа 6 үзүүлэлтийн хувьд дундаас дээш үнэлгээ авах шаардлагатай юм. Иймд дараахь арга хэмжээг нэн даруй авах шаардлага тулгарч байгаа аж. Холбогдох байгууллагууд ч энэ талаар ажиллаж байна.

    1. ЗАСГИЙН ГАЗАР, МОНГОЛБАНК, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО (СЗХ) МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 4.1.7, 4.1.8 БОЛОН 4.1.9-Д ЗААЛТАД ЗААСАН ЭТГЭЭДИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР МҮХАҮТ, МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДТОЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ БАТЛУУЛАХ;
    2. ЗАСГИЙН ГАЗАР ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛӨӨС ГАРГАСАН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ТУСГАН УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН БАРЬЖ БАТЛУУЛАХ;
    3. ЗАСГИЙН ГАЗАР, МОНГОЛБАНК, МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО ХАМТРАН БАНКУУДЫН ГАДААДЫН БАНК САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ТОГТООСОН КОРРЕСПОНДЕНТ БАНКНЫ ХАРИЛЦААГ ӨНӨӨГИЙН БАЙГАА ТҮВШИНГӨӨС ДОРДУУЛАХГҮЙ БАЙХАД ЧИГЛЭСЭН БОДЛОГЫН АРГА ХЭМЖЭЭГ БОЛОВСРУУЛЖ, БАТЛУУЛАХ;
    4. МӨНГӨ УГААХТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ФАТФ-ЫН 2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН УУЛЗАЛТАД МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ БЭЛТГЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ НЭН ЯАРАЛТАЙ БАЙГУУЛАХ;
    5. ЗАСГИЙН ГАЗАР, МОНГОЛБАНК, СЗХ НЬ МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТАЛААР ОЛОН НИЙТИЙН БОЛОВСРОЛ, МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ;
    6. МОНГОЛБАНК, СЗХ НЬ МУТСТ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ, ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАХ.
    7. ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, УЛСЫН ПРОКУРОРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ, АВИЛГАТАЙ ТЭМЦЭГ ГАЗАР, ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЖ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ, ӨНДӨР ДҮНТЭЙ МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТ ОНЦГОЙ АНХААРАН АЖИЛЛАХ.

    Тэгэхээр бид хамгийн багадаа техник хэрэгжилтийн 40 зөвлөмжөөс 21-д нь хангалттай, харин бодит байдлыг үнэлдэг шууд хэрэгжилтийн зөвлөмжөөс дээрх зургаан үзүүлэлтэд дундаас дээш дүн авах шаардлагатай байна.

    Монгол улс техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжийн гэрийн даалгавраа хийсэн эсэхээ ирэх сард Австралийн нийслэлд болох ФАТФ-ийн Ази, Номхон далайн бүсийн байгууллагын хурлаар танилцуулна. Харин аравдугаар сард Монгол улсын эрчимт хяналтад байх хугацаа дуусахтай зэрэгцэн 80-иад хувьд нь хангалтгүй үнэлгээ авсан шууд хэрэгжилтийн үзүүлэлтүүд дээрээ сайжирсан эсэхээ ФАТФ-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг (ОУХАХБ)-т шалгуулж,… Эдгээр процедурын дараа Монгол улсын хичээл,зүтгэл хангалтгүй, бодит өөрчлөлт хийгдээгүй гэж үзвэл бид “Саарал жагсаалт”-д орж, дэлхийн бусад улс орнуудын өмнө хоригийн улаан пайз зүүх ажээ.

    Г.Сүрэн

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ