• Ертөнц дахины дуу чимээ

    Зохиолч, сэтгүүлч Б.Ойдов өөрийн нүүр номондоо Монголчуудын тэр дунд 1970-80-аад оноос хойших залуусын сонсож ирсэн хөгжим, дуу, дуучдын тухай ийнхүү бичжээ.

    “ЕРТӨНЦ ДАХИНЫ ДУУ ЧИМЭЭ 
    Цахилгаан хөгжмийн нүргээн, соль гитарын чихраан, тачигнасан бөмбөрийн товшоон зэрэг нь тавин жилийн тэртээгээс л монголчуудын сэтгэлд нуугдаж байсан далд хүчийг сэрээж, тэдэнд итгэл болоод урам зоригийн асар их цэнэг хайрлаж ирсэн. Тиймдээ ч соц үеийн дуу хөгжимд дуртай хүмүүс жил бүрийн шинэ жилийн 31-ний шөнийн 02 цагаас Оросын сувгаар гардаг байсан дэлхийд нэрд гарсан хамтлаг, дуучдын тоглолтыг үзэх гэж нойргүй хонодог байв. Тухайн үед Дэнжийн мянгын хар зах дээр Барууны нэртэй хамтлаг, дуучдын пянз 100-500 төгрөгөөр зарагдана. Оросын “Мелодия” студиэс гаргасан “Лучшие Итальянские Песни” хэмээх пянз гэхэд л эхэндээ 200 төгрөгөөр зарагдаж байлаа. Энэхүү пянзыг гараас гарт дамжуулан зурагдтал нь сонсдог байв. Тухайн үеийн нийслэлчүүд “Коммунизмын төлөө урагшаа” гэсэн том уриатай, түүндээ гүн итгэчихсэн, авдаг цалин нь 300-800 төгрөг. Гэвч энэ нь амьдралд хүрэлцэхтэй, үгүйтэй. Хоосон хонохгүй, хоёр идэхгүй. Тэгсэн хэрнээ дуу хөгжимд дуртай хүмүүс хар зах дээрээс 200 төгрөгөөр пянз аваад сонсчих бол энүүхэнд. Ийм л эрмүүн, дэврүүн байлаа. Сонсдог дуунууд нь хүртэл эрмүүн дэврүүн, эрч хүчтэй, сэтгэлд хоногшонгуй, чихэнд чимэгтэй.

    Ингэхэд 1980-аад оны үед дэлхий дахинд юу болж байв? Алдарт “Бони М”, “Смоуки”, “АББА” хамтлагууд дэлхий дахинд хуучрах тийшээ хандаж байсан ч Монголд шинэ соргог хэвээрээ л байлаа. Гэвч төдөлгүй Зөвлөлт Холбоот Улс болон Зүүн Европын социалист системийн орнуудад суралцаж байсан оюутан залуус Барууны пянз маш ихээр оруулж ирдэг болсоноор дээрхи хамтлагууд итали дуунуудад цохигдож эхэлсэн юм. Тэртээ 1951 оноос зохиогдож ирсэн Италийн “Сан Ремо” хөгжмийн наадам 1980-аад оноос дахин сэргэлтэнд орж, дэлхийн эстрад урлагт хүч түрэн гарч ирснээр наяад оныг “Итали дууны он жилүүд” болгож байв. Тэдний хамгийн гол төлөөлөгчид гэвэл Альбано и Ромина Пауэр, Рикки и Повери, Тото Кутуно, Пупо, Умберто Тоцци, Рикардо Фогли, Далида, Адрионо Челентано, түүний гэргий Клаудия Мори гээд олон сайхан дуучны нэр жагсана.

    Наяад оны үед дэлхийн рок поп ертөнцөд өрнөсөн хамгийн том дуулиан гэвэл алдарт “Битлз”-ийн Жон Ленноний үхэл байлаа. Тэрбээр 1970 онд “Битлз” хамтлаг тарсаны дараа Америкт очиж уран бүтээлээ алдаг оног туурвиж байсаар улс төрийн тэмцэлд оролцож, хамгийн сүүлд буюу 1980 оны 11-р сард “Дабл Фантази” хэмээх цомгоо гаргаад ердөө ганцхан сарын дараа Дэвид Чэпмэн гэгчид буудуулан нас барж дэлхий дахиныг шимшрүүлж байлаа.

    Итали дуу Монголд ид хүчээ авч байх үед Англи, Америк, Герман тэргүүтэй Барууны зарим хамтлаг, дуучид дэлхийд бас хит болж байсан юм. Майкл Жексон, Модерн токинг, Род Стюарт, Элис Купер, Элтон Жон, “Куин”, “Назарит”, “Deep Purple”, Францын ах дүү гурван Гибсон, Германы “Чингис хаан”, диско бүжгийн “Оттаван” хамтлаг гээд л цуварна. Мөн тэр үеэс эмэгтэй дуучид борооны дараахь мөөг шиг гэнэтхэн цойлж гарч ирсэн. Моданна, Сандра, Саманта Фокс, Сабрина, Си Си Кетч, Ким Вилд гэх мэтийн царайлаг бөгөөд тачаангуй хүүхнүүд диско хөгжмийн эхлэлийг тавьж, залуусыг ид шуугиулж байсан юм.

    1985 оноос оргилдоо хүрч эхэлсэн энэхүү диско төрлийн урсгал анх Германчуудаас дэлгэрч улмаар бүх дэлхийд түгнэ гэдгийг тухайн үед урлаг судлаачид тааварлаж байсангүй. Тэр үед манай хойд хөрш Зөвлөлт ах нар маань яаж дуугүй суух билээ. Алла Пугачева, София Ротару, Юрий Антонов, Валерий Леонтьев, Роза Ренбаев, Игорь Склярь нар хэдийнэ оргилдоо хүрч, “Самоцветы”, “Поющие сердца”, “Синяя Птица”, “Машина Времени”, “Веселые ребята”, “Стаса Намина” зэрэг рок поп хамтлагууд ид хүчээ авч байлаа. Энэ бүгдээс Узбекийн “Ялла” хамтлаг магнайд нь цойлж гарч ирсэн. Манай хамтлаг дуучид Оросын эдгээр хамтлаг, дуучдын дуунаас мөн ч их дуулсан даа. Коммунист дэглэм ид ноёрхож байсан болохоор Зөвлөлтийн эстрад дуу хөгжим монголчууд бидний дунд маш том байр суурийг эзэлж байлаа. Захын нэг жижүүр авгай, хувцасны өлгүүрчнийг хүртэл оросоор мэндэлж сурах ёстой гэж захиргаадаж байсан болохоор хамтлаг, дуучид орос дуу дуулах нь төрийн бодлогын хэмжээнд хүрч байсан ч байж мэднэ.

    За тэгж байтал ерээд он гарлаа. Энэхэн цаг үед дэлхий дахинд юу болж байв? Америкийн хард рок “Guns N’ Roses” хамтлагийн Аксель Роузын шарил мөрөвчилсөн клип бүхий “November Rain” дуу телевизийн сувгуудаар нэг цацагдаж, АС/DC хамтлагийн соль гитарчин Энгус Янг хүүхдийн богино өмд өмсөөд тайзан дээр гитараа дараад элдэвтэй нь аргагүй дэгэнцэн гүйж, Шведийн “Europe” хамтлагийн дөрвөн “зэрлэг” нөхрийн “The Final Countdown” хэмээх дуу газар сайгүй хангинаж, Британи-Америкийн “Лондон Бит” хамтлагийн соль гитарын содон аялгуу шоу цэнгүүн бүхэн дээр эгшиглэж, Бон Жови, Уитни Хьюстон, Мэрайя Кери, Акуа нарын дуучид ид мандаж байлаа. Мөн тачигнасан хурдаар нижигнэсэн алга ташилтыг өдөөгч “Металлика”, “Iron Maiden” “Sepultyra”, “Aerosmith”, “Нирвана” зэрэг рок хамтлагууд ид “галзуурч” байв.

    Гэвч “галзуурах”-ын хувьд тэртээ жар, далаад оноос л “галзуурч” эхэлсэн байдаг юм. Ялангуяа 1970-аад он бол дэлхийн рок поп урлагт тун ч нүргээнтэй үе байжээ. Яг энэхэн цаг үед дэлхий дахинд юу болж байв? Ливерпулийн алдарт дөрвөл “Битлз”-ийн алтан цохнууд хамаг л сайн дуугаа хэдийнэ дуулдагаа дуулчихаад хамгийн сүүлд “Let It Be” цомгоо 1970 оны 5-р сард гаргаад хоорондоо зөрчилдсөний улмаас хамтлагаа тарааж, Пол Маккартни бусдыгаа шүүхэд өгч байсан бол 1970 оны дөрөвдүгээр сард Фреди Меркьюри гитарчин Бриан Мэй, бөмбөрчин Рожер Тэйлор нарын хамт “Куин” хамтлагаа байгуулж байжээ. Ийнхүү хоёр домогт хамтлагийн нэг нь тарж байхад нөгөөх нь шинээр үүсч байлаа.

    Түүнчлэн домогт “Би джийс” хамтлагийн ах дүү гурав уянгалаг сайхан хоолойгоороо дэлхийг байлдан дагуулж, 1970 оноос стилээ өөрчилж “Дайнс Мюзик” диско хөгжим рүү хамаг анхаарлаа хандуулж эхэлсэн бол дэлхийн рок хөгжмийн түүхэнд сэтгэлгээний эрх чөлөөг тунхагласан “Пинк Флойд” хамтлаг 1970 оноос Америк, Европоор аялан тоглолт хийж, дунд зэргийн амжилттай рок хамтлагаас тэсрэлт хийж, рок хөгжмийн хамгийн агуу төлөөлөгч болж хувирах үүд хаалгаа нээгээд байлаа.

    Мөн дэлхий дахинд “Уянгын дууны алтан гургалдай” гэж алдаршсан Грекийн дуучин Демис Русос өөрийн байгуулсан “Афродит бурханы хүүхдүүд” хамтлагаа орхиж, 1970 оноос ганцаарчлан дуулж, хөгжмийн ертөнцийн оргилд гарахаар тэмүүлж эхэлсэн бол “Гитар барьсан танхайчууд” гэж цоллогдсон “Роллинг Стоунз” хамтлаг 1970 оны босгон дээр Лос-Анжелест хар тамхины сурталчилгаа бүхий “Шуламд татагдсан нь” дуугаа дуулж байтал мансууруулах бодисонд донтсон үзэгчдийн дунд хүн амины хэрэг гарч, үүнээс болоод тус хамтлаг хар тамхины сурталчилгаанд эцсийн цэг тавьж, хөгжмийн урлагт “Сэтгэхүйн рок” хэмээх шинэ хувьсгал хийхээр шуударч эхлээд байв.

    Дэлхийн шилдэг зуун гитарчины нэг Неил Янгийн “Зүрхний эрдэнэс” хэмээх алдарт дуу 1970 оноос Барууны орнуудад алдаршиж, хайр дурлалаас болж зүрх нь шархалсан мянга мянган залуусыг анагаах чадалтайгаа харуулж эхэлсэн бол Рок-н-роллийг үндэслэгч Элвис Пресли өөрийнхөө тухай гуч гаруй мюзикл кинонуудаа хийж дуусаад хиймэл дагуулын тусламжтайгаар олон орны тэрбум гаруй хүнд шууд дамжуулах концертоо тоглохоор бэлдэж байсан цаг. Италийн дуучин Адриано Челентано 1970 оны Сан Римо хөгжмийн наадамд эхнэр Клауда Морийн хамт дуулсан дуугаараа тэргүүн байрын шагнал хүртэж байсан бол түүний нэгэн үеийн Италийн алдарт дуучин Тото Кутуньо 1970-аад оны эхээр “Тото ба Тати” хамтлагаа байгуулж, Итали, Франц даяар алдаршихын сацуу Францын нэрт дуучин Жо Дассен, Мирей Матье нарт дуу бичиж өгч, түүнийг нь “Пол Мориа”, “Жеймс Ласт” оркеструуд хөгжимдөж эхэлж байсан цаг.

    “Бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 гитарчин”-ы нэгдүгээрт бичигдсэн Америкийн хөгжмийн зохиолч Жими Хендрикс гитарын хамаг сайхан тоглолтуудаа хэдийнэ урлаж дуусчихаад 1970 оны 9-р сард архины гүн хордлогоор таалал төгсөж байсан бол дээрхи шилдэг гитарчдын хоёрдугаарт бичигдсэн Эрик Клэптон Рок-н-роллын алдрын танхимын гишүүнээр сонгогдож, блюз рок хөгжмийг оргилд нь хүргэхээр зориглож байсан цаг.

    Мянган ваттын хүчирхэг хоолойт Тина Тернер хар тамхинд мансуурагч нөхөр Айк Тернертээ зодуулан байж салаад Рок-н-роллийн хатан хаан болохоор негрийн хорооллоос дээд зиндаанд дэвшиж байсан бол Грэммийн 11 удаагийн шагналт, Оскарын эзэн Фрэнк Синатра хоолойгоо хөгжмийн зэмсэг болгож хамаг дуугаа дуулаад хэдийнэ өөрийн оргилдоо хүрчихсэн тул 1970 оноос хийх юмаа олж ядаад төрсөн охинтойгоо хамтран дуулж цаг нөхцөөхөөр шийдээд байсан цаг.

    Дэлхий дахины рок поп ертөнцөөс цухасхан дурдахад нэг иймэрхүү. Гэхдээ энэ бол зөвхөн миний л мэддэг ертөнц. Хүн болгоны дуулж сонссоныг тайлагнах гэвэл хэдэн боть ном гарна. Тиймээс хүмүүс минь цааш нь өөр өөрсдийнхөө мэддэг рок поп ертөнцийг үргэлжүүлэн бичээрэй”.

    Б.ОЙДОВ

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ