• Монголчууд америкчууд шиг тансаг амьдардаггүй ч тэдэн шиг хохирлыг байгаль орчинд учруулж байна

    Хэрэв дэлхийн бүх хүнийг Америкийн дундаж орлоготой иргэдтэй адил хэрэглээтэй болгоно гэвэл нийт хүн төрөлхтөнд манай дэлхий шиг 4.1 дэлхийн нөөц баялаг шаардлагатай гэнэ. Харин бүх хүнийг монгол хүн шиг амьдруулна гэвэл 3.3 эх дэлхийн нөөц баялаг хэрэгтэй ажээ. Америк, Монголын амьдралын хэв маяг, хөгжлийн түвшин асар их ялгаатай атал монголчууд яагаад адил шахам ул мөрийг байгаль экологидоо үлдээж байна вэ?

    Монголчуудын нэг хүнд ногдох дундаж ул мөр 6.1 га бөгөөд үүний 66 хувь нь мал аж ахуйн бэлчээрийн доройтлоос үүдэлтэй г Дэлхийн байгаль хамгаалах сангийн 2014 оны Амьд байгалийн индексийн тайланд өгүүлсэн байна.

    Монгол орны бэлчээрийн даац хэтэрч, газар нутгийн ихэнх нь цөлжсөн нь монголчуудын үлдээж буй экологийн сөрөг үр дагавар ажээ.

    БОАЖЯ-наас эрхлэн гаргасан Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайланд өгүүлснээр, 2016 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн бөгөөд үүнээс хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлээр доройтсон газар 22.9 хувийг эзэлж байна.

    Цөлжилт, газрын доройтлын улмаас Монгол орны биологийн даац, чадавхи 50 жилийн хугацаанд 50 хувиар огцом буурчээ. Тиймээс монголчууд экологийн ул мөрөө бууруулахын тулд   малын тоо толгойн зохистой харьцааг барих шаардлагатай. 2018 оны мал тооллогоор нийт малын тоо 2018 оны байдлаар 66 сая 460 мянгад хүрсэн бөгөөд үүнээс бог мал 57 сая 600 нь буюу 90 шахам хувийг эзэлж байна.  Зөвхөн ямааны тоо толгой 27 сая 124 мянгад хүрчээ. Ингэж мал сүргийн тоо бэлчээрийн даацаа хэтрүүлсэн нь  монголчуудын экологид үзүүлэх ул мөрийг үйлдвэрлэл өндөр хөгжсөн улс орнуудынхтай адил түвшинд аваачиж байна.

    ЭКОЛОГИЙН УЛ МӨРИЙН ТОДОРХОЙЛОЛТ:

    Хүний үйл ажиллагааны нөлөө буюу бидний хэрэглээ, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, түүнээс гарах хог хаягдлын хэмжээг биологийн үржил шимт газар нутгийн талбайн хэмжээнд харьцуулан тооцсон үзүүлэлтийг экологийн ул мөр гэнэ.

    Экологийн ул мөрийг талбайн хэмжээгээр тооцож гаргадаг. Өнөөдөр дэлхийн хүн ам 7.4 тэрбум. Дэлхийн үржим шимт талбайн хэмжээ болох  12.7 тэрбум га газар нутгийг 7.4 тэрбум хүнд хуваахаар нэг хүний амьдралын хэрэгцээгээ хангах ёстой талбайн хэмжээ ердөө 1.7 га. Гэтэл нэг монгол хүн 6.1 га-гаас амьдралын хэрэгцээгээ хангаж байгаа нь эх дэлхийн баялгийг ижил тэгш хүртэх ёстой шударга ёсны зарчимд таарахгүй юм.

    Хөгжлийн түвшингээсээ хамааран  улс орнуудын   экологийн ул мөр нь янз бүр.

    АНУ, Япон, Герман, Их Британи, Франц, Итали, Канад, ОХУ гэсэн улсуудад дэлхийн хүн амын 13 орчим хувь нь оршин суудаг ч экологид үзүүлэх ул мөрийн 30 гаруй хувийг үлдээж байна.

    Эдгээр орны аж үйлдвэрлэлийн хөгжил нь бусдаас илүү эрчим хүч, бусдаас илүү ус ашиглаж, бусдаас илүү хог хаягдал ялгаруулж байгаа учраас экологид илүү ул мөрөө үлдээж байна гэсэн үг. Харин Хятад хүн амынхаа тоогоор экологийн нийт ул мөрийн 19 хувийг дангаараа үлдээдэг бол АНУ 13 хувийг үлдээж байна. Гэтэл бөмбөрцгийн нөгөө бөөрөнд байгаа уух усгүй, хоол тэжээлийн дутагдалд орсон олон сая хүн  байгаль экологид ямар нэг ул мөр үлдээхгүй шахам атлаа ядуу тарчиг амьдарч байна. Тийм учраас хүн төрөлхтний  нэг хэсэг нь хэрэглээ, үйлдвэрлэлээ зохистой явуулах, нөгөө хэсэг нь амьдралын хэрэгцээгээ зохих ёсоор хангадаг байх шаардлага үүсч, тогтвортой хөгжлийн асуудлыг дэвшүүлсэн билээ.

    #gereg.mn #Тогтвортой хөгжил

    Доорх дүрс, зурган дээрх улс орнуудын газрын зурагт хулганаа гүйлгэж харна уу. 

    #Gereg.mn