Т.Баярхүү: Иргэд, аж ахуйн нэгжийг хясан боох замаар авлига авсан нь тогтоогдож, хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн

АТГ-аас өчигдөр МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарыг авлига авсан болохыг нь тогтоосон эд мөрийн баримтыг бичлэгээр ил болгосон. АТГ-ын мөрдөгчид Э.Аззаяагийн гэрт нь нэгжлэг хийх явцад 57.4 сая төгрөг, 20.000 юань, Н.Баярсайханы гэрт нэгжлэг хийхэд 16.460 ам.доллар, таван сая төгрөг, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрт нь байсан сейфээс 127.117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс 8.600 ам.доллар, 10 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Уг хэргийн талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс тодрууллаа.

-АТГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга Н.Баярсайханы бие болон албан өрөөнд нэгжлэг хийж их хэмжээний мөнгө хураан авч байгаа бичлэгийг өчигдөр ил болгосон нт шуугиан тариад байна. Яг хэдэн удаагийн үйлдлээр иргэн, аж ахуйн нэгжийг хохироож авлига авсан байдаг юм бэ?

-Ямартай ч маш олон удаагийн үйлдлээр иргэд, аж ахуйн нэгжийг хясан боох замаар авлига авсан нь тогтоогдож, хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн.

-Яг ямар хэлбэрээр авлига авсан нь тогтоогдсон юм бэ?

-Иргэд, аж ахуйн нэгжүүд хилээр гарч байгаа мал, ургамлын гаралтай бүхий л бүтээгдэхүүн дээр оруулж, гаргах болгонд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвшөөрөл авдаг. Энэхүү үйл ажиллагаандаа иргэд, аж ахуйн нэгжийг хясан боогдуулах замаар авлига авдаг байсан нь тогтоогдсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, түргэн муудаж болзошгүй хүнсний бүтээгдэхүүний асуудал хурдан хугацаанд яригддаг. Энэ хугацаанд иргэд, аж  ахуйн нэгжид дарамт шахалт үзүүлэх замаар авлига авдаг байсан юм билээ.

-АТГ-аас авлига авсан нь баримтаар тогтоогдож байгаа бичлэгийг олон нийтэд ил болгосон цаад шалтгаан нь юу вэ. Иргэд олон нийтийн сүлжээнд янз бүрээр л хардаж, тайлбарлаж байна?

-Хувь хүн, хэн нэгэнд чиглэсэн асуудал огт байхгүй. Бид улстөржөөгүй. Сүүлийн үед манай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой сөрөг мэдээлэл их гарах болсон. Хэрэгт шалгагдаж байгаа этгээд, шүүхээс шийдвэрлэгдсэн гэм буруутай нь тогтоогдсон иргэдийн зүгээс байгууллагын үйл ажиллагааг мушгин гуйвуулсан, олон нийтэд сөрөг мэдээлэл өгсөн, иргэдийн итгэлийг алдагдуулахад чиглэсэн мэдээллийг тараадаг болсон. Энэ нь эргээд маш их хор, уршигтай байна л даа. Тиймээс бид бодит байдал, нөхцөлийг олон нийтэд жишээ болгож ил болгосон төдий. Үнэнийг хэлэхэд, аргаа барсан л үйлдэл шүү дээ.

АТГ-аас хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд авлигаас урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр маш олон ажлыг явуулсан. Тухайлбал, төрийн албан хаагчдад зориулсан сургалт, тодорхой хэмжээний үзлэг шалгалтыг хийж зөвлөмж, чиглэл өгөх зэрэг олон төрлийн үйл ажиллагааг олон жил явуулж байна. Харин бид өчигдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын газар, хэлтсийн дарга нар, Авто тээврийн үндэсний төвийн дарга нартай холбоотой бичлэгийг олон нийтэд ил болгосон. Энэ бол зөвхөн хувь хүмүүс буюу тэдэнд чиглэсэн зүйл биш гэдгийг дахин хэлье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ