Энэхүү хэрэгт холбогдсон, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбат гэр бүлийн хамт биедээ их хэмжээний ам.доллартай АНУ-ын хилээр нэвтрэх гэж байгаад тус улсын хилийн албаныханд баригдан саатуулагдсан. Тэрбээр АНУ-аас цагаачлал хүссэн гэх мэдээлэл бий.
Ерөнхийлөгч өнгөрсөн зургадугаар сарын 26-нд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан орой нь шүүгч асан С.Төмөрбат Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хил гарч, ОХУ-аар дамжин далайн чанадад очсоныг хууль, хяналтын байгууллагынхан тогтоосон ажээ.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүүгийн мэдээлснээр, шүүгч асан С.Төмөрбатыг авчрахаар хуулийн дагуу боломжит бүх аргыг ашиглаж байгаа ч АНУ шүүгч асныг эрүүгийн хэрэгт татаагүй, сэжигтэн гэж үзэж буй нь багагүй хүндрэл учруулж байгаа гэнэ.
С.Төмөрбатыг АНУ руу зугтахаас өмнө түүний аав С нь БНХАУ-аар дамжин далайн чанадын орон руу явсан гэх мэдээллийг эх сурвалж өгчээ.
Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан, гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү С.Төмөрбатыг ийнхүү АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч хэмээн шалгаж байсан аж. Ээжийгээ нас барсны дараа “Энэ хэргийн талаарх үнэн мөнийг олно” хэмээн мэдээлэл хийж байсан тэрбээр яагаад хилээр гарч, АНУ-аас цагаачлал хүсэх болов гэдэг анхаарал татсаар байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.