• Шүүхийг “атгах” гэсэндээ хүний эрхийг хөсөр хаян байж хоёр жилийн өмнөх бичлэгийг дэлгэв гэнэ

    2019-07-30

    МХЕГ-ын Хэлтсийн дарга болон Авто тээврийн үндэсний төвийн Хэлтсийн дарга нарын 2017 оны бичлэгийг АТГ-аас өчигдөр дэлгэсэн нь шуугиан дэгдээж,шуугиан дэгдээхийн хажуугаар “2017 оны бичлэгийг АТГ яагаад өчигдөр задлав” гэх учир мэдэх хүмүүсийн хардлагыг дагуулаад байна.

    Аль 2017 онд хийсэн гүйцэтгэх ажиллагааны бичлэгийн эзэд зохих хариуцлагаа хүлээгээд,зарим нь “хөөн хэлэлцэх хугацаа” дууссан гэх үндэслэлээр хэрэг нь хаагдсан.Гэтэл АТГ өчигдөр гэнэт дээрх хоёр гүйцэтгэх ажиллагааны бичлэгийг олон нийтэд цацсан нь юуны өмнө  шүүхийг атгах гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлтэй холбоотой гэж нэр бүхий хуульчид үзэж байна. Тухайлбал, хуульч Б.Мэргэн дараахь байр суурийг Нүүр номдоо илэрхийлжээ.

    Б.Мэргэн:

    Ерөнхийлөгч 17 шүүгчид дээр нэмэн дахин өөр шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэсэн мэдээ гарсны дараа залгуулаад 2017 оны авлигын хэргийн бичлэгийг задалж АТГ илрүүлж өгөөд байхад 40-хөн саяар торгож, хөөн хэлэлцэх хугацаагаар заримынх нь хэргийг хэрэгсэхгүй болголоо гэсэн мессежийг тараадаг нь шүүгчдийг харлуулж, түдгэлзүүлснээ зөвтгөх хөрсийг бэлдээд байна уу гэсэн хардлага төрүүлж байна.

    Хэрвээ буруутгах ёстой бол шүүх гэхээсээ хуулийг нь өөрчлөн боловсруулсан Х.Нямбаатар тэргүүтэн, баталсан УИХ, одоо шаардлагатай өөрчлөлтийн төслийг хав дарчихаад байгаа Хууль зүйн сайд Ц.Нямдорж нар л буруутай. Аливаа хэргийг шалгаж эхлээд яллагдагчаар татмагц хөөн хэлэлцэх хугацаа зогсох ёстой. Тийм хуулийг 2015 онд Х.Тэмүүжин боловсруулан батлуулсан.

    Хуульч Б.Мэргэн

    Өөрөөр хэлбэл АТГ бичлэг дээрх нөхдүүдийг бариад хэрэг үүсгээд л хөөн хэлэлцэх хугацаа зогсох байв. Гэтэл уг хуулийг 2017 онд өөрчилснөөр анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор болгосон. Үр дүнд нь АТГ-аас илрүүлсэн нөхдүүдийн хэргийг мөрдөгч шалгаж, прокурор хянан, шүүхэд шилжин шийдэгдэх гэсээр байтал хөөн хэлэлцэх хугацаа дуусчихаж байгаа хэрэг.

    Ц.Нямдорж болон УИХ хэчнээн авлигач нөхдөө хөөн хэлэлцэх хугацаагаар ялаас мулталчихаад хуулиа засах вэ. Эхнээсээ үр дүнгээ хүртээд эхэлчихсэн.

    Хуульч Б.Мэргэн ийнхүү байр сууриа илэрхийлжээ. Хүнд хөнгөн байна уу, хамаагүй зохих хариуцлагаа хүлээсэн хүний бичлэгийг өнөөдөр дахин задалж байгаа нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэдэг нь ч тодорхой байна. Click To Tweet

    АТГ-аас  өчигдөр олон нийтэд задалсан хоёр бичлэгийн тухайд  Автотээврийн Үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярын өрөөнд нэгжлэг хийхдээ мөнгө илрүүлсэн бичлэг нэг нь байсан.  Д.Батбаярын хувьд, олон улсын ачаа, тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан нь тогтоогдсон гэх бөгөөд  тэрээр “Эрдэнэс тээвэр” ХХК-ийн ачааны машинуудад тусгай зөвшөөрөл олгох замаар 2017 оны наймдугаар сараас арваннэгдүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд тус компаниас 57,500,000 төгрөгийг хахуульд авсан нь тогтоогджээ. АТГ-ын мөрдөгчид түүний албан өрөөнд шалгалт хийх үеэр 25 сая төгрөг  илрүүлсэн байна.

      2018 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 985 дугаар шийтгэх тогтоолоор Д.Батбаярын нийтийн албанд томилох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.5 сая төгрөгийн торгох ялаар шийтгэж, хууль бус орлого болох 62.5 сая төгрөгийг улсын орлого болгосон байдаг.

    Хоёр дахь нь, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн явцад баримтжуулсан бичлэгийг дэлгэсэн.Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын гэр болон албаны өрөөнөөс нийтдээ нэг тэрбум төгрөгийг олсон гэх бөгөөд өчигдөр АТГ-аас нийтэд цацсан бичлэг нь Н.Баярсайханы албаны өрөөнөөс олсон   8,600 ам.доллар, 10 сая төгрөгийн асуудалтай холбоотой бичлэг юм.

    МХЕГ-ын албан тушаалтнууд болох Э.Аззаяа, Н.Баярсайхан, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан нар Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар ийнхүү нэг тэрбум орчим төгрөгийг хахуульд авсан нь тогтоогдсон гэдэг.

    Н.Баярсайханыг 2019 оны тавдугаар сарын 7-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 363 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгж буюу 40 сая төгрөгөөр торгох ялаар, мөн Э.Аззаяа, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

    Чухам эндээс АТГ тэрбумын хэрэг илрүүлж өгөөд байхад шүүх 40-хөн сая төгрөгөөр торголоо гэх шүүмжлэл гарах үндэстэй.Гэхдээ АТГ яагаад чухам хоёр жилийн өмнөх бичлэгийг гэнэт  гаргаж ирэв? Гэхээр дээрх Б.Мэргэн хуульчийн хардлагатай холбогдоно.

    Өнөөдөр ид хэлэлцэгдэж буй Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн саналаар бол шүүх эрх мэдлийг Ерөнхийлөгчийн гарт төвлөрсөн хэвээр байлгахыг хүсэж байгаа. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар нэр бүхий 17 шүүгчийг түдгэлзүүлсэн ба үүнээс шүүгч Ж.Оюунтунгалаг өөрийгөө бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж мэдэгдсэн билээ. 

    Тэгвэл яг үүн шиг Ерөнхийлөгч дахин зарлиг гаргаж, нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болсон гэх мэдээллийн дараа АТГ-аас хоёр жилийн өмнөх хоёр бичлэгийг олон нийтэд дэлгэв. Click To Tweet

    Тэгэхээр хүний эрхийг хөсөр хаян байж АТГ-аас захиалгатайгаар  хоёр жилийн өмнөх бичлэгийг олон нийтэд дэлгэсэн болж таарав.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ