• Улс төрийн намуудын удирдлага Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийллээ

    УИХ-ын дарга Г.Занданшатар  өчигдөр улс төрийн намуудын удирдлагыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.  Уулзалтын гол зорилго нь Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор намуудын байр суурийг сонсох, санаа оноогоо нэгтгэх явдал байлаа. Энэ бол намуудын удирдлагатай хийж буй анхны уулзалт биш бөгөөд цуврал уулзалтууд үргэлжилж байна.

    Энэ уулзалтад оролцсон 10 гаруй намын дарга нар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг бүгд дэмжиж байгаагаа илэрхийлсэн.  Тус уулзалтад Монголын Үндэсний Ардчилсан нам, Иргэний Зориг, Ногоон нам, Эх орон нам, Монголын Либериал нам, Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын хүний төлөө нам, Үнэн ба зөв нам, Хамаг Монгол, хөдөлмөрийн нам, Ард түмнээ хайрлая зэрэг намын удирдлагууд оролцож санал бодлоо солилцов.

    Уулзалтын үеэр Хөдөлмөрийн Үндэсний намын дарга,  Удирдах Зөвлөлийн дарга  Т.Доржханд “Засгийн газрыг хүчтэй болгохын тулд тогтвортой байдлыг нь хангаж өгөх нь маш чухал байна.  Ерөнхий сайд нь парламентаа тараах хэмжээний эрх мэдэлтэй байх ёстой, энэ бол парламентын засаглалтай улс орнуудын нийтлэг жишиг гэсэн байр суурийг ХҮН намын зүгээс хатуу баримталж байгаа” гэв.

    Мөн Дэлхийн монголчууд намын дарга Г.Тэмүүжин “Үндсэн хуульд өөрчлөлт хийх цаг нь болсон. Энэ нь олон талын ач холбогдолтой. Хамгийн гол нь байгалийн баялгийг жинхэнэ утгаар нь ард түмний өмч байх боломжийг хангаж өгнө гэж харж байна” гэлээ.

    ИЗН-ын гишүүн Э.Эрдэнэбаатар “Хэт олон зүйл заалт оруулах гээд энэ гарах Үндсэн хууль маань хэт хэврэг болчих вий гэсэн” болгоомжлолоо илэрхийллээ.

    УИХ-ын дарга Г.Занданшатар “Иргэнээсээ эхлээд үүрэг хариуцлага нэхээд байгаа. Дээрээ суудлаа олохгүй болхоор  доороо гүйдлээ олохгүй байгаа юм. Ийм учраас энэ өөрчлөлтийг хийхээр санал бодлоо солилцож байна. Үндсэн хуулийн өөрчлөлт бол улс эх орны эрх ашгийн төлөө хийж буй ажил” гэдгийг тодотгосон.

    УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд  “Үндсэн хууль бол амьд организм. Тийм учраас  улс орны хөгжлийн шаардлагад нийцүүлэн улам сайжруулж чамбайруулаад явах нь  дэлхий нийтийн жишиг, тухайн улс орны  үндэсний эрх ашгийн асуудал юм. Харин ингэхдээ аль нэг нам, хэсэг бүлгийн ашиг сонирхлоос ангид байх ёстой гэсэн зарчим баримталж байгаа учраас зөвшилцөл ойлголцолыг эрхэмлэж  уулзалт хэлэлцүүлгийг нийгмийн бүх талын төлөөллүүдийг оролцуулан аль болох олон удаа зохион байгуулж байна” гэдгийг онцоллоо.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ