• ВИДЕО:МХЕГ-ын Хэлтсийн дарга авлигад авсан мөнгөө оймсондоо нуусан байсан бичлэг ил болов

    2019-07-29

    АТГ-аас сар бүрийн 25-нд өнгөрсөн сард хийсэн ажлынхаа тайлан мэдээг олон нийтэд хүргэдэг. Өнөөдөр оны эхний хагас жилд болон долдугаар сард хийсэн ажлаа олон нийтэд мэдээллээ. Мэдээллийг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү өгсөн. 

    2019 оны эхний хагас жилд 834 хэрэгт хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. 2019 оны эхний хагас жилд гэмт хэргийн улмаас 11.9 их наяд төгрөгийн хохирол учирснаас 373  сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 129 тэрбум 830 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх, хөдлөх болон мөнгөн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан. Мөрдөн байцаах ажиллагааны үед битүүмжлэн хамгаалсан хөрөнгийн хэмжээ өмнөх оныхтой харьцуулбал 1.3 дахин нэмэгджээ. Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийн 10.2 хувийг төрийн болон улс төрийн албан тушаалтнууд, 16.3 хувийг төрийн захиргааны, 24 хувийг нь төрийн тусгай, 9.9 хувийг төрийн үйлчилгээний, 12 хувийг төрийн болон орон нутгийн аж ахуй нэгжийн албан тушаалтан,27.2 хувийг хувийн хэвшлийн албан тушаалтнууд эзэлжээ.

    Хагас жилийн байдлаар нийт 29 хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. Үүнд:

    1. БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Батсайхан
    2. Нийслэлийн Газрын албаны Захиргаа,удирдлагын газрын дарга Амаржаргал
    3. Нийслэлийн Тээврийн газрын дарга Отгонбаатар
    4. МУБИС-ийн Эдийн засаг, хамтын ажиллагаа хариуцсан захирал Ганцэцэг
    5. БСШУСЯ-ны харъяа “Шинэ Эхлэл” сургуулийн захирал Эрдэнэ
    6. Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Бум-Эрдэнэ
    7. Хан-Уул дүүргийн 243 дугаар цэцэрлэгийн захирал Саранцэцэг
    8. БЗД-ийн Өмч, газрын албаны дарга Батсүх
    9. Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн Хангамж,үйлчилгээний хэлтсийн дарга Гэрэлт-Оч
    10. “Багануур” ХК-ийн охин компани болох “Багануур илч” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батболд
    11. Баянхонгор аймгийн Политекникийн коллежийн захирал Чимгээ
    12. Завхан аймгийн Улиастай сумын Төв номын сангийн захирал Долгоржав
    13. “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын дарга Наранчулуун
    14. “City Bus” консалтинг компанийн захирал Отгонбаяр, гүйцэтгэх захирал Зуундарь нарт холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.

    АТГ-аас шүүхэд шилжүүлсэн хэргүүд  шийдэгдэж,  хохирол нөхөн төлүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. Тухайлбал Эрчим хүчний сайд асан С.Сономпилийг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад их хэжээний хохирл учруулсан, бусдаар дамжуулан авлига авсан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулж шүүхэд шилжүүлсэн.

    ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан  Ононд холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндслэлээр хэрэгсэхгүй болгосон байсан. Үүнийг АТГ-аас Прокурорын газартай хамтран авлигын эсрэг хуулийн заалтыг үндэслэн  тухайн этгээдийн хууль бусаар эзэмшиж байсан 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг  улсын орлого болгох хүсэлт тавьсаны дагуу шүүхээс  тухайн орон сууцыг улсын орлого болгохоор шийдвэрлээд байна.

    Салхитын мөнгөний орд газартай холбоотойгоор эрх шилжүүлэх, гэрээний маргаантай хэргийг шийдвэрлэх явцад нэр бүхий шүүгчид хахууль өгсөн гэх хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа . Энэ асуудлыг ҮАБЗ-д танилцуулсны үндсэн дээр  Монгол Улсын Ерөнхийлөгч 17 шүүгчийн  эрхийг түдгэлзүүлээд байгаа.

    Улсын дээд шүүх, Давж заалдах шантны шүүх, Нийслэлийн захиргааны анхан шатны  шүүх, дүүргийн шүүхийн шүүгч нарын 2012-2017 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ХОМ-ыг хянан шалгах явцад нэр бүхий шүүгч тэдний гэр бүлийн нэр дээр бүртгэгдсэн хөрөнгийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн байдал тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

    Мөн зарим хэргүүд шүүхээр эцэслэгдэж шийдвэрлэгдээгүй байгаа үед АТГ-ын үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн, олон нийтийг төөрөгдүүлсэн, мушгин гуйвуулсан, улс  төрийн зорилготой мэдээллийг  тарааж байгаа нь хэрэг шалгах явцад саад учруулж байна. Ийнхүү худал ташаа мэдээ тараах нь АТГ-ыг улс төрийн нөлөөнд орсон мэтээр,тус байгууллагад итгэх итгэлийг бууруулдаг учраас зарим хэргийн талаар прокураас зөвшөөрөх хэмжээнд баримт,нотолгоог олон нийтэд мэдээлэхээр болсноо АТГ-аас мэдээлсэн.

    Энэ удаагийн хурлаар авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтжуулсан хоёр бичлэгийг дэлгэлээ.

    Нэг нь Автотээврийн Үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь, олон улсын ачаа, тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан нь тогтоогдсон аж. Тэрбээр “Эрдэнэс тээвэр” ХХК-ийн ачааны машинуудад тусгай зөвшөөрөл олгох замаар 2017 оны наймдугаар сараас арваннэгдүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд тус компаниас 57,500,000 төгрөгийг хахуульд авсан нь тогтоогджээ. АТГ-ын мөрдөгчид түүний албан өрөөнд шалгалт хийх үеэр 25 сая төгрөгийг илрүүлсэн байна.

    АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг 2018 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 985 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.5 сая төгрөгийн торгох ялаар шийтгэж, хууль бус орлого болох 62.5 сая төгрөгийг улсын орлого болгожээ.

    Автотээврийн Үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярын өрөөнд хийсэн бичлэг:

    Хоёр дахь нь, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн явцад баримтжуулсан бичлэгийг мөн дэлгэлээ. Хэргийг шалгах явцад гэрээс нь болон орон байр, албан өрөө, биеэс нь нийт 1.0 тэрбум орчим төгрөгийг бэлнээр хурааж авсан байна. Тодруулбал, МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн газрын хэлтсийн дарга Н.Баярсайханыг шалгах явцад гэрээс нь 230.8 сая төгрөг, 152,177 ам.доллар, 77,000 юанийг тус тус бэлнээр хураан авч баримтжуулжээ.

    АТГ-ын мөрдөгчид Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны “Рапид” хотхоны орон сууцанд нэгжлэг хийх явцдаа 57.4 сая төгрөг, 20,000 юань, МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайханы гэрт нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 16,460 ам.доллар, 5 сая төгрөг, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрт байлах сейфнээс 127,117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс 8,600 ам.доллар, 10 сая төгрөгийг хураан авсан байна. 

      МХЕГ-ын албан тушаалтнууд болох Э.Аззаяа, Н.Баярсайхан, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан нар Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар ийнхүү нэг тэрбум орчим төгрөгийг хахуульд авсан нь тогтоогджээ.

    Иймд Н.Баярсайханыг 2019 оны тавдугаар сарын 7-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 363 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгж буюу 40 сая төгрөгөөр торгох ялаар, мөн Э.Аззаяа, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга Н.Баярсайханы өрөөнд хийсэн нэгжлэгийн бичлэг: 

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ