• Тайланд улсад зорчсон тэмдэглэл #1:Уулс дунд үнэт чулуу мэт гүн шигдэн байршсан Пукет хот

    Жил бүр Тайланд улсыг 33 сая орчим гадаадын жуулчид зорьдог бол харин далайн эргийн хот болох Пукет арлыг 5.3 сая жуулчин зорьдог. Click To Tweet Миний хувьд тэдгээр 5.3 сая жуулчдын нэг болж эртний худалдааны далайн эргийн боомт хот, сүрлэг уулс дунд үнэт чулуу мэт гүн шигдэн байршсан Пукет хоттой танилцах боломж олдсон юм.   

    Тайланд улсын хамгийн том арал болох Пукет хот нь Андаман  тэнгисээр хүрээлэгддэг. Жуулчид Пукет хотод татагдахын хамгийн эхний шалтгаан бол өндөр хад асга, ойн ширэнгэ бүхий уулсуудын дундах үзэсгэлэнт арлууд ажээ.  

    Пи Пи Лэй арал дээрх Viking Cave

    Миний хувьд ч хүмүүсийн гайхан биширдэг үзэсгэлэнт арлуудтай, тэр дундаас Холливүүдийн “The beach” кинон дээрх Леонардо Ди Каприогийн ширтэн зогсдог Маяа эргийг бодитоор харахаар хурдны завин дээрх аяллаа эхлүүлсэн юм. 

    Холливүүдийн кино бүтсэн Маяа далайн эрэг

    Маршрутын дагуу Monkey beach/ширэнгийн сармагчинг ойроос харах боломжтой/ болон Пи пи Лэй, Лох сама эрэг зэрэг хэд хэдэн арлууд дээр зочилсны эцэст Маяа эрэг дээр ирсэн боловч харамсалтай нь хэт олон жуулчид  унаган байгалийн хэв маягийг нь алдагдуулж байгаа учраас Тайландын Засгийн газраас ирэх оны зун хүртэл хаасан байжээ. Хэдий Маяа эрэг дээр өөрийн биеэр хөл тавьж чадаагүй ч цагаан элсээр алслагдсан үзэсгэлэнт далайн эргийг харах,түүнчлэн Пукетийн жижиг арлуудтай танилцаж, миний хувьд халуун орны бэлгэ тэмдэг болсон газрыг олох боломж олдсон учир сэтгэл дүүрэн үлдсэн юм.

    Хүний хөл хөдөлгөөнгүй Яо Яй арал дээр

    Хурдны завьтай Пукетийн жижиг эргүүдээр хийсэн аяллаас хамгийн их таалагдсан нь өндөр уулс дунд бүүвэйлэгдэн, анир чимээнээс алслагдан, нам гүм ноёрхсон Яо Яй арал байлаа. Бидний зочилсон арал бүр дээр жуулчдад зориулсан төрөл бүрийн худалдаа, арилжаа явагдаж, түм түжигнэж, бум бужигнаж байсан бол Яо Яй арал дээр зөвхөн нэг зоогийн газар л ажиллах ажээ. Хүний хөл хөдөлгөөн бага болоод ч тэр юм уу бидний зочилсон бусад арлуудыг бодвол ус нь маш цэвэр, хог хаягдал гэх юм ч бараг харагдсангүй.

    Хүний хөл хөдөлгөөнгүй Яо Яй арал дээр

    Сандал дээр хэвтээд, сэнгэнэтэл нэг амьсгалж аваад, дал модны навчис бие биетэйгээ шүргэлцэн шажигнахыг сонсон, далайн түрлэгийг харан баясаж,таван мэдрэхүйгээ тултал ажиллуулах хамгийн тааламжтай газар ажээ. Ер нь очсон газраа хог тарих нь Монгол, Тайланд, Америкчууд гэлтгүй, ер нь л хүний зан аятай. Далайн түрлэгээр эргийн дагуу эх газарт шидэгдэн гарч ирсэн ихэнх хог хаягдлыг гялгар уут, хуванцар сав болон шилний хэлтэрхий эзэлжээ. Click To TweetҮнэхээр ч  аялагчид өөрсдийгөө баясгахын зэрэгцээ дараа дараагийн үр хойчоо бодон хог хаягдалгүй аялах цаг тулж иржээ. 

    Өдөржин хурдны завин дээр донслон давхиж, дотор муухайрсан мэдрэмжээ тэвчин, тэвчин явсны эцэст Яо Яй арал дээр хөл тавин, өдрийн хоолтой залгасан мөч миний хувьд тэр өдрийн хамгийн оргил нь байсан гэхэд хэлсдэхгүй. 

    Хурдны завиар элсний өнгөнүүд цагаанаас шаргал болон уусан өөрчлөгдөх Пукетийн арлуудаар зочилсон аяллын тэмдэглэлийн төгсгөлд энэ бүхэн зөвхөн миний нүдээр харсан дүр зураглал гэдгийг тодотгон хэлэх нь зүйтэй болов уу. Учир нь нутгийн иргэдийн худалдааны чадвар, дүрсгүй сармагчдын тантай эрхлэн тоглох нь бусад аялагчдад  нам гүм орчноос хамаагүй илүү санагдах ч юм болов уу,хэн мэдэх вэ.

    Тайланд хоол гэхээр айхтар халуун ногоотой, далайн янз бүрийн тэмтрүүлтэй амьтад биш ажээ.  

    Тайланд,тэр дундаа миний танилцсан Пукет хот гудамжны хоол буюу street food-ээрээ алдартай Click To Tweet. Төрөл бүрээр амталж чанасан, шарсан тахиа,гахайнаас авахуулаад цангаа тайлах халуун орчны жимс, жимсгэнүүд болох наргил мод, манго, хан боргоцойн хүйтэн ундаа, Тайланд үндэсний төрөл бүрийн соусаар амталсан хоолнууд зардаг жижиг мухлагууд гудамж болгонд байршдаг юм байна.  Гудамжны хоолноос гадна Муслим шашинтуудын халал хоолноос авахуулаад Япон, Хятад, Араб болон KFC, Burger king,Mcdonalds зэрэг Америкийн түргэн хоолны газрууд ч байна. Ер нь л юу идмээр байна бүх л төрлийн сонголтуудыг тайландчууд жуулчдад зориулан бий болгожээ. Шарсан тахиа,ер нь л тахианы махтай хоол нь Пукет хотод хамгийн гайгүй үнэтэйдээ ордог учраас нөгөө Америкийн түргэн хоолны газрууд нь бараг хүнгүй байж харагдах юм. 

    KFC,MCDONALDS-ТАЙ ӨРСӨЛДӨХҮЙЦ, ТӨРӨЛ БҮРИЙН ТҮРГЭН ХООЛНУУД БИЙ.

    Далайн эргийн хот учраас далайн хоолны төрөл бүрийн сонголттой.

    Тайландчуудын хувьд шашны хувьд нээлттэй бодлого баримталдаг бөгөөд иргэд нь ямар ч шашин шүтэж болно. Хэдий тийм боловч хүн амын 94 хувь нь Буддын шашинтай ард түмэн юм. Онгоцны буудлаас нааш ирэх замд миний нүдэнд “Будда бол гоёл чимэглэл биш, энэ бол хүндлэл” гэсэн утга бүхий Буддагийн зурагтай самбар өөрийн эрхгүй миний анхаарлыг татсан юм. Самбарын хамгийн дор нь Буддагийн дүрийг шивээсэнд ашиглахыг хориглоно гэж бичсэн байсан Click To Tweet

    Буддын шашнаас гадна Тайландчууд ер бусын хүч,товчоор хэлбэл сүнснүүдэд итгэдэг ард түмэн. Гудамж талбай, хоолны газар, зочид буудал, гоо сайхны газар бүрийнхээ  гадаа шүтээнээ залан, идээ ундаа дэлгэснийг  харвал хэр их сүсэг бишрэлтэй ард түмэн гэдэг нь илэрхий.

    Миний сонирхлыг хамгийн их татсан зүйлсийн нэг бол шүтээнийхээ урд бэлдсэн идээ ундаа дунд заавал ч үгүй улаан өнгөтэй Фанта ундаа байж харагдаад байв. Заримдаа бүр дангаараа, тав зургаан шилтэй задалсан Фантад соруул хийн залсан нь ч харагдана. Би өөрөө Фантад нугасгүй дуртайг хэлэх үү, эндхийн бурхад ч бас Фантанд дуртай юм байх даа? гэдэг сонин хэрнээ хариултгүй мэт асуултыг бодон бодсоор нэгэн өдөр “Заануудын төв” рүү биднийг хүргэж өгсөн Түг Түг-ийн жолооч ахаас лавлан мэдэж авсан юм.

    Тайландчууд шүтээн,онгоноо баясгахын тулд ус, будаа, жимс, гүзээлзгэний Фантаг бэлдэн тавьдаг.

    Тайландчууд шүтээн,онгоноо баясгахын тулд хөнгөн зууш маягийн зүйлийг бэлтгэн тавьдаг. Хөнгөн зууш нь ус, будаа, жимс, гүзээлзгэний Фанта байж болдог. Ингэж хооллох нь тухайн газрыг муу ёрын хүчнээс хамгаалдаг.

    Шүтээн нь ихэвчлэн чихэрлэг зүйлст дуртай бөгөөд улаан өнгө нь аз бэлгэддэг ажээ.

    Пукет хот бол тэр чигтээ ширэнгэн ойгоор бүрхэгдсэн өндөр, сүрлэг уулсаар хүрээлэгдсэн байх бөгөөд автомашины замаа уулыг нүхлэх бус ороон тавьжээ. Шулуун зам тааралдах нь ховор бөгөөд ихэвчлэн уулаас дээш, доошоо өгссөн, мушгиа замтай, тэрүүгээрээ ч нутгийн иргэд салхи татуулан мушгиралдан сүнгэнэлдэх ажээ. Жуулчдын хувьд хамгийн аятайхан, хямд тээврийн хэрэгсэл нь Түг Түг. Манайхаар бол амьжиргаа цагааны ард бүхээг хийчихсэн юм шиг санагдсан.

    Үндэсний тээврийн хэрэгсэл болтлоо хөгжсөн Түг Түг-ийн жолооч

    Пукет хотын Олон улсын нисэх буудлын гаднаас нутгийн уугуул биднийг найрсагаар тосон авч, агааржуулагчтай,сэлүүхэн,тав тухыг дээд зэргээр мэдрүүлэхүйц унаагаар   буудалд хүргэж өгсөн билээ. Азичууд бусад үндэстний нүдэнд бүгд төстэй харагддагийн адил Тайландчууд ч гэсэн миний нүдэнд ижил төстэй, зарим нь ялгахын аргагүй харагдаж байсныг нуух юун.Найрсаг нутгийн уугуул жолоочийн гараас буудлын угтагчийн гарт, дараа нь буудлын үйлчлэгчийн гарт дамжин, дамжсаар буудлын өрөөндөө ачаа тээшиндээ санаа зоволтгүйгээр орсон явдал нь Тайланчдчууд ямар найрсаг болох, мөн үйлчилгээний чанарт хэрхэн анхаарч, өөрийн ажилд чин сэтгэлээсээ ханддаг болохыг харуулж, Монголтойгоо харьцуулж, нэгийг бодуулж, хоёрыг тунгаахад хүргэсэн билээ.

    Дараагийн тэмдэглэлээрээ Зааны эх оронд заан унасан, алтан улс гэгддэг энэхүү улсын үнэт эрдэнийн дэлгүүрээр зочилсон гэх мэт сонин хачныг уншигч та бүхэнтэй хуваалцах болно.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ