• Үржлийн бус бог малыг экспортолсноор жилд 1 тэрбум доллар буюу 3 их наяд төгрөгийн орлого олно

    “Өлөн” цагаан оготнын өчил

    Энэ жилийн наадмын шүдлэн насны уралдаанд тасархай түрүүлж явсан Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Г.Баттулгын зээрд халзан үрээ үлийн цагаан оготнын нүхэнд бүдэрч унасан нь наадамчин олныг уулга алдахад хүргэсэн ч гуравт орж ирсэн нь аргагүй л хурдан аргамаг болохоо нотлов.

    Түрүү магнайд орж торгон жолоогоо өргүүлэх байсан хурдан буяны хөлийг үлийн цагаан оготно ийнхүү даажинтайгаар тушсан нь харамсалтай.

    Дээхэн үед үлийн цагаан оготно 10-14 жилдээ олширч, тэр газраас малчид ч мал хуйтайгаа нүүж, улмаар нөгөө хэд малын хөлд дагтаршсан хөрсийг сэндийчэж сэргээгээд өөрсдөө жам ёсоороо устдаг байжээ. Гэтэл одоо нүүж суух нутаггүй болтлоо үржсэн 80 сая орчим малын хөлд газрын хөрс улам дагтаршсаар, үлийн цагаан оготно ч тааваараа үржиж, үр дүнд нь нийт нутгийн 75 хувь нь цөлжиж байна.

    Тэгэхээр “Үлийн цагаан” оготно “Өлөн цагаан” оготно болсны гол буруутан нь 85 сая орчмоор тоологдож буй мал уу? Эсвэл тэднийг адгуулж буй малчид уу? Бүүр цаашилбал төр засаг уу?

    ҮГҮЙ. ҮҮНД ЧЕНЖҮҮД Л БУРУУТАЙ.

    МАЛЧДЫН ХУВЬ ЗАЯА ЧЕНЖҮҮДИЙН ГАРТ

    Саяхан махны үнэ өссөн буруутныг нь дээр дооргүй хайсан. Үр дүнд нь Хятад ченжүүд мах ихээр нөөцөлснөөс болсон гэв. Тэгвэл тэр Монголын махны үйлдвэр нэртэй компаниудын ард нуугдчихаад, махны үнийг дуртай цагтаа өсгөөд буулгаад байгаа Хятад ченжүүдийнхээ ажлыг зогсооё л доо.

    Засгийн газар ч зүгээр суусангүй. Үржлийн бус бог малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортлох ажил өрнүүлж, хоёр талын албаны байгууллагууд ч олон улсын стандартыг хангасан хорио цээрийн бүсийг байгуулж үйл ажиллагааг нь ч эхлүүлсэн. Гэтэл гэнэт л Хятадууд монгол малыг маань бузарлах нь, хайран ч монгол ген минь гэсэн сошиал аян өрнөв. Уг нь ҮРЖЛИЙН БУС БОГ МАЛ гээд сайн бодоод үзвэл тэд үржилд ороод байж чадахгүй, монгол малын ген хятаджих гээд байгаа ч юм харагдахгүй л байгаа юм.

    Жаахан тоо бодоод нэмж хасаад үзье.

    МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮД ЖИЛД 440 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭКСПОРТЫН ОРЛОГО ОЛДОГ

    Манай улс мах боловсруулдаг 80 орчим үйлдвэртэй. Авах хүн бөхийж өгөх хүн гэдийдгийн үлгэрээр өмнөд хөрш рүү мах экспортлохын тулд заавал эрсдэлийн үнэлгээ хийлгэдэг. Дээрх үйлдвэрүүдээс 6 нь эрсдэлгүй хэмээн тооцогджээ. Харин үлдсэн 70 гаруй компани нь махаа экспортлохын тулд мөнөөх 6 компанидаа нэг кг мах тутамд 4 юань буюу 1552 төгрөгийн татаас төлж, тэдний нэрээр махаа гаргадаг. Өөрөөр хэлбэл нударган доор хийгддэг энэ наймаанаас улс нэг ч төгрөгийн татвар авч чаддаггүйг эх сурвалж хэлж байгаа юм.

    Уг нь нэг кг махыг халууны аргаар боловсруулах зардал 4 юаньд багтдаг ч дээрх татаасын мөнгө нэмэгдээд 8 юань болж өсдөг байна. Тэд малыг амьдын жингээр нь 1кг-ийг нь 1500-2000 төгрөгөөр авч, нэг хониноос 21 кг мах боловсруулдаг гэсэн тооцоо бий. Үүнийг дээрх 8 юаниар нь монгол мөнгөнд шилжүүлэн 3,104 төгрөгөөр үржүүлбэл нэг хонинд 65,188 төгрөгийн нэмүү өртөг шингэдэг байна.

    ҮРЖЛИЙН БУС БОГ МАЛЫГ ЭКСПОРТОЛСНООР ЖИЛД 1 ТЭРБУМ ДОЛЛАР БУЮУ 3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛНО

    Малчдын орлогыг нэмэгдүүлэх, МАА-н хөгжлийг хангах, мах экспортлох чиглэл тусгагдсан Монгол Улсын засгийн газрын 3 ч тогтоол бий. 2017 онд батлагдсан 318-р тогтоолд үржлийн бус бог малын 20 хувь хүртэлх малыг экспортолж болно гэж квот тогтоожээ. Энэ дагуу 2018 онд Монгол Улсын МХЕГ-ын дарга БНХАУ-ын Гаалийн газрын дарга нар “Монголоос бог мал экспортлох шаардлага”-д гарын үсэг зурснаар үржлийн бус малыг экспортлох эдийн засгийн галт тэрэг хөдөлсөн.

    Улмаар үржлийн бус бог мал экспортлох төсөлд Болор гантиг компани шалгарч, 600 га газарт хорио цээрийн бүс байгуулан, бүтээн байгуулалтын ажлыг хийжээ. Тэд малчдад сүргийн бүтцээ шинэчлэх боломж олгох үүднээс онд мэнд орохгүй голдуу малыг амьдын жингээр нь нэг кг-ыг 3500 төгрөгөөр авч байна. Бог малын амьдын жин болох 50 кг-ыг нь 3500 төгрөгөөр үржүүлж үзэхэд л нэг хонь 175,000 төгрөгийн үнэ цэнийг малчдад өгч, нэмүү өртөг шингээж байна.

    Өмнөд хөршийн зүгээс эдгээр хонийг хорио цээрийн бүсэд 45 хоногийн турш байлгаж, эрүүлжүүлж, вакцинжуулсны дараа нийлүүлэх гэрээг үзэглэсэн.

    Хорио цээрийн дэглэмийн бүсэд нэг хонь өдөрт 1780 төгрөгийн өвс тэжээл иднэ. Тэжээлийн найрлагадаа өндөр жин дарах өвс, царгас, овъёос зэрэг ургамлын 70 хувийг монголын ААН, иргэдээс авч дэмжих бол монголд ургах боломжгүй вандуй, эрдэнэ шиш, эрдэс бодис зэргийг хоёр хөршөөсөө нийлүүлэх юм байна.

    Өдөрт 200 мянган толгой бог мал тэжээнэ гэж үзэхэд л 75 тэрбум төгрөгийн тэжээл хэрэглэхээр байгаагийн 70 хувь нь монголдоо шингэнэ гэсэн үг юм. Үржлийн бус бог малыг эргэлтэд оруулснаар жилд 1 тэрбум доллар буюу 3 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олно.

    Үүнийг мах боловсруулах үйлдвэрийн орлоготой харьцуулбал бараг 6 дахин их ашгийг эх орондоо авчирч байгаа юм. Үүн дээр 3 их наяд төгрөгнөөс зардлаа хасаад ААН-ийн ОАТ төлөөд эхлэхээр эдийн засгийн өгөөж хир их байгааг хялбархан хэлээд өгч байгаа юм.

    8.7 САЯ ТОЛГОЙ МАЛ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРДОГГҮЙ

    Монголчууд жилд дунджаар 10 сая толгой малыг л хүнсэндээ хэрэглэдэг. Өнгөрсөн онд 52 мянган тонн махыг БНХАУ руу, 20 мянган тонн махыг ОХУ, Иран зэрэг бусад улс орон руу экспортолжээ. Үүнийг амьдын толгойд шилжүүлбэл 3.5 сая толгой мал болж байгаа юм.

    Ингээд бодоход Монгол Улс жилд 13.5 сая малыг хүнсэндээ хэрэглэж, экспортолж байна. Үүнийг жилд хүлээн авдаг 22.5 сая төлийн тоотой харьцуулбал, 8.7 сая мал эдийн засгийн эргэлтэд орохгүйгээр үлддэг гэсэн хялбархан тооцоог хийчхээр байгаа юм.

    Уг нь Монгол Улс 1990 оны үед 25 сая толгой малтай байхдаа 241 мянган тонн махыг гаргадаг байж. Тоо толгойд шилжүүлбэл энэ нь 10 сая толгой мал болж байна.

    Харин 20 жилийн дараах статистикаар малын тоо толгой бараг гурав дахин нэмэгдсэн ч экспортын хэмжээ гурав дахин буурсан үзүүлэлт гарч байгаа юм.

    Үүнээс харахад дотоодын хэрэглээ өсч, мал аж ахуйн түүхий эдийн боловсруулалт нэмэгдсэн гэвэл худлаа. Махны үнэ тэнгэрт хадаж, малчдын гар дээрх түүхий эд үнэгүй хэвээр л… Арьс ширний ердөө 10 хувийг л боловсруулж, гэдэс, толгой, шийр нь зүгээр л нохой шувууны хоол болж байна.

    Тиймээс яг одоо үржлийн бус бог малаа эдийн засгийн эргэлтэд оруулж байж дараа нь нэмүү өртөг шингээх үйлдвэрүүдээ олон улсын стандартын дагуу барьж байгуулах шийдлээс өөр гарц харагдахгүй байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ