• Facebook компани 5 тэрбум долларын торгууль төлж, хувийн мэдээлэлтэй ажиллах журмыг өөрчилнө

    АНУ-ын Холбооны Худалдааны хорооноос (FTC) Facebook нийгмийн сүлжээ компанид 5 тэрбум долларын торгууль оногдуулна хэмээн Ройтерс агентлаг мэдээлэв. Нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зүй зохисгүй ашиглахтай холбоотой нэхэмжлэлийг тус хороо гаргажээ. Үүнээс өмнө хамгийн том нь Google-ийг 22.5 сая доллараар торгосон ажээ.

    “Энэ нь аливаа зөрчилтэй холбоотойгоор төрийн байгууллагаас ногдуулсан хамгийн том торгуулийн нэг юм” гэж FTC-ийн мэдэгдэлд дурджээ. CNBC-ийн мэдээлснээр энэ торгууль нь Facebook компаний 2018 оны орлогын 9% -тай тэнцэж байна.

    Нийгмийн сүлжээг 10 тэрбум доллараар торгох боломжтой байсан ч энэ нь урт удаан хугацааны хууль ёсны тэмцэл шаардах байсан гэж FTC-ийн дарга Жо Саймонс хэлжээ.

    Нэмж дурдахад АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссоос (SEC) мөн 100 сая долларын төлбөр төлүүлэхээр болжээ.

    FTC ба Facebook-ийн хооронд байгуулсан гэрээ нь 20 жилийн хугацаатай хийгдсэн бөгөөд мэдээллийн нууцлалыг хамгаалах чиглэлээр олон арга хэмжээ авахаар тусгасан байдаг аж. Энэ нь гуравдагч талын програм хөгжүүлэгчдээс харилцагчийн өгөгдөлд хандах дүрмийг чангатгах тухай бөгөөд Facebook-ээс хэрэглэгчдийн утасны дугаарыг сурталчилгааны болон аюулгүй байдлын зорилгоор ашиглахгүй байхыг шаарддаг гэнэ. Нэмж дурдахад, уг гэрээгээр компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Цукербергийн бүрэн эрхийг хязгаарласан байдаг ажээ.

    Хариуд нь Фэйсбүүк хуудсандаа Цукерберг тус компани нь нийгмийн сүлжээний хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн удирдаж байгааг шалгах тусгай хороо байгуулах болно хэмээн тодруулжээ.

    Энэ байдал нь Facebook-ийн хувьцаанд нөлөөлжээ. 7-р сарын 24-ний өдөр Нью-Йоркт арилжаа хийх үеэр тус компанийн хувьцааны ханш 1.1 хувиар унасан аж.

    Фэйсбүүк дэх мөрдөн байцаалт жил гаруйн өмнө эхэлсэн юм. 2018 оны 3-р сард Cambridge Analytic зөвлөх компани нийгмийн сүлжээн дэх 87 сая хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар олж авсан нь тогтоогджээ. Эдгээр өгөгдлийг 2016 онд АНУ-д болсон сонгуулийн кампанит ажлын үеэр болон Их Британийн Европын холбооноос гарах тухай санал асуулга (Brexit) явуулах үеэр ашигласан гэж таамаглаж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ