Милак ДАШТ-ий 200 метрийн эрвээхэй сэлэлтээр алдарт Майкл Фелпсийн дэлхийн дээд амжилтыг эвдэв

Унгарын усанд сэлэгч Криштоф Милак Өмнөд Солонгост болж буй усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 200 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд түрүүлж дэлхийн дээд амжилтыг тогтоолоо.

Милак 1 минут 50.73 секундын амжилтаар түрүүлж, усан спортын карьераа хэдийнэ дуусгасан алдарт Майкл Фелпсийн дэлхийн дээд амжилтыг эвдлээ. 2009 онд Ромд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Майкл Фелпс энэ зайг 1 минут 51.51 секундэд туулж байсан аж.

Милакын дараа Японы Дайя Сато (1.53.86), Өмнөд Африкийн Чад Ле Кло (1.54.15) нар Кванжугаас медаль хүртлээ.

19 настай Милакийн хувьд энэ бол насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны алтан медаль нь аж. 2017 онд Будапешт хотод тэрээр 100 метрийн эрвээхэй сэлэлтээр мөнгөн медаль хүртэж, АНУ-ын багийн шинэ Фелпс гэгдэж буй  Калеб Дресселт хожигдсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ