• Б.Хурц, Г.Эрдэнэбат нар таалалдаа нийцсэн шүүгчээр шүүлгэхээр хурлыг хойшлуулав уу

    Өчигдөр Төв аймагт нэгэн шүүх хурал эхлээд удалгүй ирэх сарын 12 хүртэл хойшиллоо. Тэр нь ТЕГ-ын дарга асан генерад Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох хэрэг л дээ.

    Тэднийг 21 жилийн өмнө гэртээ хөнөөгдсөн тухайн үеийн УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийг хөнөөсөн хэмээх хэрэгтнүүдийг илрүүлж олж тогтоохдоо эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн хэмээн ийнхүү шүүж байгаа юм.

    Гэвч уг шүүх хурал дөнгөж эхэлмэгцээ тасалдсан. Эхлээд гол гэрч Амгаланбаатарыг хорих ангиас нь авчрахаар 14 цаг хүртэл завсарласан. Ингээд 14 цагт шүүх хурал эхлээд удаагүй байтал шүүгдэгчдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар ирэх 8 дугаар сарын 12 хүртэл шүүх хурлыг завсарлуулаад байна. Энэ хооронд шүүгдэгч 9 хүний толгойлогчид гэгдээд байгаа ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    Б.Хурцын хувьд тушаал өгөөгүй гээд “Тийм юм гэж юу байх вэ. Би тушаал өгөөгүй” гэв. Мөн шүүгдэж буй хүмүүсийн нэгнийх нь өмгөөлөгч Г.Батбаяр уг хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж мэдэгдээд байна.

    Харин УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хэргийг үйлдсэн нь олон баримтаар нотлогдсон” хэмээн мэдэгдээд хорих газарт эрүүдэн шүүлт “Олон жил ужгирсан юм учраас та бүхэн шинэ соргогоор хүлээж авч байгааг би гайхаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй асуудал. Тухай бүрт нь тэмцэж арга хэмжээ аваад л ирсэн асуудал” гэж мэдэгдсэн.

    Шүүх хурлыг гурван эмэгтэй шүүгчийн бүрэлдэхүүнтэй хийж байсан ч ийн татгалзан хойшлуулаад байна. Үүнийг сонссон хүмүүс янз бүрээр л ярьцгааж байна. Гэхдээ уг шүүх хурлыг хойшлуулсныг олонхи хүмүүс буруушааж байгаа юм. “Хэрвээ жирийн иргэн байсан бол юун шүүх хурлыг хойшлуулах харин ч тулгагдаад ял аваад явах байх. Харин ийм татаа түлхээтэй нөхдүүд ял завшиж байгаа хэрэг” гэлцэж байна.

    Мөн өөрсөддөө тааламжтай шүүгчээр шүүлгэх гэж байгаа тухай ч хардагсад олон байна.

    Б.Хурц УИХ-ын байнгын хорооны хурал дээр “Тэгээд яах вэ гишүүдээ, цааш нь ярих уу, яах уу” хэмээн дарамталж чаддаг л эр.  Харин Г.Эрдэнэбатын хувьд Монголын шүүх, прокурорын нэр барин өөрийн итгэл үнэмшлээрээ хэргийг илэрсэн, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хэргийг үйлдсэн нь олон баримтаар нотлогдсон хэмээж байлаа.

    Тэгвэл энэ асуудалтай эвлэршгүй тэмцэгчид цөөнгүй бий. Тухайлбал УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хувьд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нахрыг хилсээр эрүүдэн шүүж ялласан хэмээж буй. Тэр байтугай эрхэм сайд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас болон ар гэрээс нь уучлалт гуйсан.

    Мөн УИХ-аас байгуулсан С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан нар ч эрүүдэн шүүсэн асуудлыг сөхсөөр буй. Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд Улсын дээд шүүхэд 40 мянган хүний гарын үсэгтэй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг цагаатгаж суллах тухай шаардлагыг өгөөд буй.

    Эдгээрээс гадна С.Зоригийг хөнөөсөн хэргээр эдгээр хүмүүсийг яллахдаа уг хэргийн цорын ганц гэрч Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй. Б.Булган яллагдсан хүмүүсийг алуурчид биш гэсэн тухай мэдээлэгдсэн билээ.

    Ийм л нэг ээдрээ будлиан дүүрэн хэргийг Төв аймгийн шүүх авч хэлэлцэж эхлээд байгаа нь энэ. Харин Б.Хурц, Г.Эрдэнэбат нар ял авах эсэхийг харах л үлдэж байна. Хэрвээ тэднийг шүүх буруутгавал Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар суллагдана.

    Ингээд Төв аймгийн шүүхээс гаргасан албан ёсны мэдээллийг хүргэе.

    “Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан.

    2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус хэрэгт Урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарлаж шүүх хуралдааныг хаалттай явуулахаар тогтоосон. Шүүгдэгч Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан маш нууцын зэрэглэлтэй хэрэг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг дараахь тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна “ гэж, мөн зүйлийн 2.1-т “төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт шүүх хуралдааныг хаалттайгаар хянан шийдвэрлэхээр товлосон байна.

    Шүүх хуралдааныг бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч, гэрч, шинжээч бүхий 39 оролцогчтойгоор гэм буруугийн шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч, шүүгдэгч нараас шүүх хуралдаанд “гэрч Ц.Амгаланбаатарыг оролцуулах” тухай хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүх хуралдааныг 14 цаг хүртэл хойшлуулж, товлосон цагтаа эхлүүлэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүх хуралдаанд Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн нь шүүх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “…энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа.” зааснаар шүүх бүрэлдэхүүнийг татгалзсан.

    Шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ.” гэж зааснаар хүлээн авах үндэслэлтэй, дээрх үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж хэлэлцүүлэхээр шүүх хуралдааныг 2019 оны 8-р сарын 12-ны өдрийн 9 цаг хүртэл хойшлуулсан болно” гэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ