• Ноолуурын үйлдвэрлэлээ дэмжье гэж байгаа боловч яг бодит байдал дээр татвараар боомилоод байна

    Монгол улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Ноолуур хөтөлбөр” хүрээнд ноос, ноолуурын түүхий эдийн бүрэн боловсруулалтын төвшинг  2021 он гэхэд 60 хувьд хүргэнэ гэсэн зорилт тусгасан байдаг. Энэ зорилтод хүрэхийн тулд бид ноолуурыг бүрэн боловсруулахад шаардлагатай ээрэх,сүлжмэлийн болон цаашлаад эцсийн бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэх шаардлагуудтай тулгарч байгаа юм.

    Тэгвэл дэлхийн зах зээл, ноолуурын чиг хандлага, байгальд ээлтэй тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийн талаар хэлэлцэх, хоёр улсын ноолуурын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг тодорхойлж, цаашид хэрхэн хөгжүүлж болох талаар зөвлөмж гаргах “Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт дөрөв дэх удаагийн хамтарсан форум манай улсад болж байна. Дөрөв дэх удаагийн хамтарсан форумд Монгол улс болон БНХАУ-ын ноолуур боловсруулах үйлдвэр,компаниудын удирдлагууд оролцож байна.

    Хятадын ноос, ноолуурын холбооны Ерөнхий нарийн бичиг Тиан Хонг:

    Хоёр улсын хамтын ажиллагаа түүхий эдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, анхан, дунд шатны боловсруулах техник дээр санаагаа солилцох,эцсийн бүтээгдэхүүний борлуулалт, зах зээлийн судалгаа хийх гэсэн гурван чиглэлээр явагдах боломжтой.

    Монголын талаас форумаас гарах зөвлөмжид дараах зүйлсийг тусгах саналтай байгаа юм:

    1. Баяннуур хотын дэргэдэх “Аж үйлдвэрийн парк”-т Монголын компаниудыг ажиллуулах боломжийг нээх
    2. Монголын ноолуурын түүхий эдийн зах зээл дээр харилцан уялдаатай нэгдсэн нэг бодлого баримтлан хамтарч ажиллах
    3. Угаасан ноолуурын экспортоос татгалзаж, БНХАУ руу самнасан ноолуур, эцсийн бэлэн бүтээгдэхүүн экспортлоход хууль, эрхзүйн таатай орчин бүрдүүлж хэрэгжүүлэх
    4. Бизнес уулзалт, семинар, үзэсгэлэн тогтмол зохион байгуулж, оролцогчдын хүрээг өргөтгөх
    5. Үйлдвэрлэлд нэвтэрч байгаа шинэ техник, технологи, стандарт техникийн нөхцөл, материал, түүхий эдийн талаарх мэдээлэл тогтмол солилцож байх
    6. Хятадын өндөр мэдлэг, дадлага туршлагатай инженер техникийн ажилтнуудыг Монголд урилгаар ажиллуулах, Монголын инженер техникийн ажилтан, ажиллагсдыг Хятадын үйлдвэр, компаниудад очиж дадлага хийх, сургалтад хамруулах
    7. “Монголын хаан ширхэгт” чанарыг гэрчлэх тэмдэгтэй бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд сурталчлан таниулахад хамтарч ажиллах зэрэг орно.

    Хамтарсан форумд “Монголын ноос, ноолуурын холбоо”-ны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу оролцсон бөгөөд тэрээр ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд татварын тогтолцоог буруу байна гэж шүүмжилт байлаа:

    Эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгох тоног,төхөөрөмж оруулж ирэхэд гааль дээр маш их хэмжээний татвар ногдуулж байна. Нэг ширхэг сүлжих машин импортлоход 50-иад сая төгрөгийн татвар төлж байна. Үндэсний ноолуурын үйлдвэрлэлээ дэмжие гэж байгаа боловч яг бодит байдал дээр татвараар хөгжих гарцыг нь хаагаад байна.

    Дэлхий дахинаа нарийн ширхэгт ноолуурын эрэлт,хэрэгцээ их байгаа энэ үед Монгол малын нарийн ширхэгт ноолуураар хийгдсэн эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж,экспортод гаргах үйл явцад төр,засгийн оролцоо,дэмжлэг чухал гэдгийг оролцогчид онцолж байлаа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ