• Хэлэлцүүлэг: УИХ-ын гишүүний тоог 55, 120 болгохоос эхлээд Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлох хэрэгтэй гэлцэв

    УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Ээлжит бус чуулганыг баяр наадмын өмнө нээсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн саналуудыг тусгуулахаар өнгөрсөн долоо хоногт оруулж ирсэнийг өчигдрөөс хойш хэлэлцэж байна.

    Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх хэлэлцүүлэг өчигдөр төрийн ордонд эхэлж түүнд улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллүүд оролцож Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналд өөрсдийн санал, дүгнэлтээ илэрхийлсэн юм.

    Энэхүү Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх хэлэлцүүлэг энэ сарын 26-ныг дуустал үргэлжилнэ.

    Өчигдөр Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах тухай хэлэлцсэн бол өнөөдөр Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах тухай хэлэлцэх ажээ.

    Х.Баттулга: Олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө Монголчууд бид тулж ирлээ

    Өөрийн төслөө хэлэлцүүлж буй Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр өөрөө тайлбараа хийхдээ “Сүүлийн арваад жилийн турш нийгмийн бүх түвшинд хөндөгдөн, олон нийтээр чамгүй шүүгдэн хэлэлцэгдэж ирсэн асуудлуудын хүрээнд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж, хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө Монголчууд бид тулж ирээд байна. Энэхүү боломжийг бодит үйл хэрэг болгох нь эрх баригчид хийгээд сөрөг хүчин, улс төрийн бусад намууд, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид та бүхний ухамсар, алс хэтийг харах ухаан, эв эеийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн “зөвшилцөл, ойлголцол” голлох нөлөөтэй гэдгийг онцлон тэмдэглэе. Харин миний зүгээс “Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон хүнийг Ерөнхий сайдаар ажиллуулах, Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүдэд давхар дээлтэй буюу Улсын Их Хурлын гишүүнээр давхар ажиллахыг бүрэн хориглох, Засгийн газар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцдэг байх, мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцэж буй эсэхэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллага хяналт тавьж, дүгнэлтээ Улсын Их Хурлаар хэлэлцүүлдэг байх, энэхүү байгууллагыг шинээр байгуулах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогыг Улсын Их Хурал Ерөнхийлөгч болон Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авсаны үндсэн дээр баталдаг байх, Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох, Засгийн газрын яамдуудын Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилох” зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах болон тогтвортой хөгжлийн бодлогыг бататгах онцгой ач холбогдол бүхий шалгуур, шаардлага, журмыг тогтоосон нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.

    “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлд санал болгож буй эдгээр нэмэлт, өөрчлөлт нь нэг өдөр бодож олсон зүйл биш, өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн, сүүлийн 10 жилийн турш өрнөж буй иргэдийн санал, шүүмлэлд үндэслэсэн бодлого юм” гэсэн.

    УИХ-ын гишүүн З.Нарантуяа:АН Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн “давхар дээл”-ийн асуудалтай санал нэг байна

    УИХ дахь АН-ын зөвлөлийн нэгдсэн байр суурийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцууллаа. Тэрбээр “УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийг АН-ын зөвлөл хоёр үндсэн шалтгаанаар дэмжээгүй учраас төслийн хэлэлцүүлэгт оролцоогүй. Дэмжээгүй шалтгааны тухай Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчиж хуулийн төслийг өргөн барьсан. Тухайлбал, төслийг өргөн барихаас өмнө Ерөнхийлөгчөөс саналыг нь мөн Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг бусад холбогдох байгууллагуудын саналыг авч  улс төрийн намуудтай нэгдсэн зөвшилцөлд хүрсний дараа нь хуулийн төслийн өргөн барих ёстой байв. Хоёрдугаарт, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг ямар хуулиар хэлэлцэх нь тодорхойгүй байсан учир АН-ын зөвлөл хэлэлцүүлэгт ороогүй.

    Мөн УИХ дангаараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрхзүйн чадамж, ёс зүйн үндэслэлгүй гэж үзэж байсан. Харин өнөөдөр нөхцөл байдал өөр  болж байна. Учир нь Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа өргөн барьсан тул АН-ын зөвлөл төслийн хэд хэдэн саналыг дэмжиж байгаа учраас цаашид хэлэлцүүлэгт оролцож зөвлөлийн байр сууриа илэрхийлэх шийдэлд хүрсэн. Мөн АН хуулийн төсөлд тусгах саналаа боловсруулж байна.

    АН-ын байр суурь “Давхар дээл”-ийн асуудлаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлтэй санал нэг байна. Парламентын гишүүдийн өргөн барьсан төсөлд УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүн байна гэж тусгасныг Ерөнхийлөгч хуулийн төсөлдөө зөвхөн Ерөнхий сайд нь давхар дээлтэй байх саналыг оруулж ирсэнд АН санал нэг байна. Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг таван жилээр тогтоох гэсэн саналыг дэмжиж байна.

    Гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж, эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөвшөөрөхгүй байна. Ерөнхийлөгч төсөлдөө сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэсэн саналыг АН дэмжиж байгаа” гэлээ.

    Н.Энхбаяр: УИХ-ын гишүүний тоог 55 болгож, Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлох хэрэгтэй

    Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр дараах байр суурийг илэрхийлэв.

    Н.Энхбаяр “Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд ойлгомжгүй зүйлүүд байна. Зарим нь хоёр төсөл өргөн барьсан гээд байдаг. Мэдээллийн сайтуудыг үзэхээр дөрөв, таван төсөл шиг харагдаад байгаа. Аль төслийг хэн нь өргөн барьсан нь мэдэгдэхгүй байна. Тиймээс яг аль төслийг нь яриад байгаа вэ гэдгийг тодотгох хүсэлтэй байгаа. Эрх баригчид энэ будилаантай зүйлээ “Ард түмэн сайн ойлгохгүй болохоор нь энгийн болгосон” гэж тайлбарладаг. Гэвч УИХ-д танилцуулсан төслөө иргэдэд ойлгомжтой маягаар өөрчилж болдоггүй” гэлээ.

    Мөн тэрбээр “Хэлэлцүүлэг хуулийн дагуу явах ёстой. Тиймээс энэ хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн ил тод байдлыг оролцуулах хүсэлтэй байгаа. Өнөөдрийнх шиг товчхон товчхон тайлбар хийх нь учир дутагдалтай юм. Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлох хэрэгтэй. УИХ-д намууд өрсөлдөөд олонхоороо парламентаа удирддаг болох хэрэгтэй. Хэрэв Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлох юм бол түүний Засгийн газарт нэг ч парламентын гишүүн байхгүй болох боломжтой. Ингэж байж бие биенийгээ хянах учиртай. Тэгэхгүй бол одоогийн хуулиар олонх болсон намын дарга Засгийн газар, парламентаа давхар удирдаад байгаа юм. УИХ-ын гишүүдийг 108 болгох нь арай дэндүү. Харин ч 55 гишүүн болгох хэрэгтэй” хэмээсэн юм.

    Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн оруулж ирсэн өөрчлөлтөд сөрөг үр дагавар бий

    Дээрх хэлэлцүүлэгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр “УИХ-ын 62 гишүүн, ард иргэд нийтээрээ дэмжиж байгаа зүйл бол давхар дээлийг хязгаарлах. Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол зүйл нь тогтвортой, хариуцлагатай Засгийн газрыг байгуулдаг болох чиглэлд хийж байна. Харин энэ агуулга, зарчмыг нь барих юм бол УИХ-аас оруулж ирсэн нь давхар дээлийг таван хүнээр хязгаарлах нь боломжтой санал байна. Учир нь, Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэг нам дангаараа шийдэх гэж байна гэж өрөөсгөл харж болохгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дор хаяж 20-30 жил, цаашлаад 200-300 жилээ харж хийх ёстой” гэлээ.

    Мөн “Нөгөө талаасаа Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийн төсөл сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд ганцаараа давхар дээлтэй байхаар тусгасан байна. Энд хэн ч олонх болохгүй үед улс төрийн намууд Засгийн газраа бүрдүүлэхийн тулд эсрэгээрээ Засгийн газраа тэлж, магадгүй 10 биш 20 яам байгуулах, нэг дэд сайд биш 2, 3 дэд сайдтай байх, бүр данхар бүтэцтэй Засгийн газрыг байгуулах эрсэлдтэй. Ерөнхий сайдаа хүртэл томилж чадахгүй, парламент тарах улс төрийн тогтворгүй байдлын эрсдэл бий” гэж онцолсон.

    УИХ-ын дэд дарга асан Л.Цог: Ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог дүрэм Монголд л үйлчилдэг

    “Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгч томилох, чөлөөлөх, огцруулах гэсэн өөрчлөлтийг дэмжихгүй байна. Ерөнхийлөгчийн засаглалтай АНУ-д сайд нараа томилохдоо конгрессын хуралдаанаар оруулдаг. Гэтэл парламентын засаглалтай манай улс парламентын эрх мэдлийг бууруулж байгаад санал нийлэхгүй. Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг таван жилээр тогтоох нь боломжтой хувилбар. Ингэснээр УИХ-ын сонгууль ч таван жилийн хугацаатай болно. Тухайн ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог  дүрэм Монголд үйлчилж байгаа нь угтаа аль ч хуульд байхгүй зөвхөн намын дүрмийн л заалт” гэсэн.

    Улстөр судлаач Ц.Мөнхцэцэг: Парламентын гишүүдийн тоо 100-150 хүртэл байх боломжтой 

    “Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, саналд парламентын гишүүдийн тоог нэмэх санал оруулж ирснийг судлаачдын хувьд дэмжиж байна. Газар нутаг, хүн амын тооноос хамаараад парламентын гишүүдийн тоо 100-150 хүртэл байх нь зохистой гэж үздэг. Ерөнхийлөгч парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх санал оруулж ирсэн нь зөв. Парламентын гишүүдийн тоо нэмэгдсэнээр хууль тогтоох байгууллагын чадавх өснө. Олон нийтийн хувьд гишүүдийг тоог нэмэгдүүлэх дургүй байдаг. Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж парламентын гишүүдийн тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсээр цаашид төрийн бодлогод эерэг өөрчлөлтүүд гарна.

    Үүнээс гадна Ерөнхийлөгчийн төсөлд шүүмжлэлтэй заалтууд цөөнгүй байна. Тухайлбал, Засгийн газрын мөрийн хөтөлбөр үндэсний аюулгүй байдалд нийцэж байгаа эсэхийг ҮАБЗ шийдвэрлэнэ гэж оруулж ирсэн нь парламентын болон гүйцэтгэх засаглалын бүрэн эрхэд халдсан заалт болох магадлалтай. Мөн улс төрийн намуудыг бүртгэхдээ 50 мянга нэгээс доошгүй иргэдийн гарын үсэг, 10 мянгаас дээш гишүүнтэй байж нам байгуулна гэж оруулж ирсэн нь парламентын гадна улс төрийн намуудын хувьд хүлээж авахад сөрөг заалт учир маргаан дагуулж болзошгүй” гэв.

    ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд: Ерөнхийлөгч Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байгааг мэдсээр байж анхнаас нь оролцохгүй явна гэдэг нь хариуцлагагүй асуудал

    Тэрбээр “Хөдөлмөрийн Үндэсний Намын хувьд Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжиж байгаа. Бүр шинэчлэн найруулах ёстой гэсэн байр суурьтай байсан. 1992 оны хууль нь шаардлага хангахгүй, мөлгөр байна гэж эдийн засагчид болон манай намынхан үзэж байгаа. Бид парламентын засаглалаа улам тодорхой болгоод явах нь зүйтэй. Мөн ажил хийдэг Засгийн газартай байх ёстой гэж үзэж байгаа.

    Ингэхийн тулд Засгийн газар эрх мэдэлтэй, нөгөө талдаа хариуцлагатай байх ёстой. Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүнээ өөрөө томилдог байх нь зүйтэй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ, Засгийн газар таван жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулна гэснийг дэмжиж байгаа. Гэхдээ УИХ-ын сонгуулийн дор хаяж 50 хувь нь хувь тэнцүүлсэн хэлбэрээр явагдсан тохиолдолд таван жил байхыг дэмжинэ.

    Давхар дээлийн тухайд Ерөнхий сайд нь давхар дээлтэй байх нь зөв. Бид давхар дээлийн эсрэг байгаа.

    Олон улсын жишгээс 130-140 гишүүнтэй байх нь Монгол Улсад хэрэгтэй юм гэж харж байгаа. Ерөнхийлөгч парламентын гишүүдийн тоог нэмнэ гэж байгаа нь зарчмын хувьд зүйтэй гэж үзэж байгаа.

    Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрын үйл ажиллагааг хянах асуудлыг дэргэдээ аваачиж байгаа нь маш буруу. Төрийн нарийн бичгийн даргыг Үндсэн хуулийн хамгаалалтад авна гэж байгаа нь байж боломгүй зүйл.

    Ерөнхийлөгч Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байгааг мэдсээр байж анхнаас нь оролцохгүй явна гэдэг нь хариуцлагагүй асуудал. Судлаач, гишүүдийн санаачилсантай адил хэмжээний өөрчлөлтийг хамгийн сүүлийн шатанд барьж орж ирж байгаа нь хариуцлагагүй зүйл. Улс орны төрийн тэргүүн ийм хариуцлагагүй хандаж болохгүй” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ