Б.Шарав агсныг төрсөн нутагт нь оршуулна

Монгол улсын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, УГЗ, Чингис хааны одонт, Төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхөд, хөгжмийн урлагт хайртай Монгол хүн бүрт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Ерөнхий сайдын захирамжаар суут хүмүүнтэй салах ёс гүйцэтгэх ажлыг зохион байгуулахаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэний тэргүүлсэн комисс гарган ажиллав. 2019 оны долоодугаар сарын 22-ны өглөө 04.30-05.30 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт суут хөгжмийн зохиолчийг сүүлчийн замд нь үдэх ёслол боллоо.

Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр гэр бүл, төрөл төрөгсөд, төр, нийгмийн зүтгэлтнүүд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт ирсэн байлаа. Талийгаачийг төрсөн нутаг Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд нутаглуулах ажээ.

Нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав нь 1952 оны арваннэгдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 1983 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын Хөгжмийн Их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. 1992 онд “Сэрсэн тал”, “II симфони” бүтээлүүдэд нь Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 2006 онд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис Хаан одон, 2019 оны Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цол хүртээсэн юм.

Б.Шарав нь “Чингис хаан” дуурь, “Зуурдын орон” балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран” магтуу, “Эх орон” зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, “Сэрсэн тал” үндэсний найрал хөгжмийн удиртгал, “Ард Аюуш”, “Байлдааны даалгавар”, “Илүү сартай зун” зэрэг олон киноны хөгжим бичсэн. Дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвисан. 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажиллажээ.

Б.Шарав 1985 онд “Замбуу тивийн наран” магтуугаар”Азийн хөгжмийн VII индэр” симпозиумын шилдэг бүтээлийн шагнал, 1988 онд II симфониор ЗХУ-ын Ленинград хотноо болсон Энх тайвны төлөө хөгжмийн наадмын шилдэг бүтээлийн шагнал, 1990 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагнал тус тус хүртжээ.

Б.Шарав агсны авьяас билиг, хөдөлмөрч чанар, дахин давтагдашгүй гайхамшигт бүтээлүүд, эелдэг даруу, нөхөрсөг, шударга, зарчимч зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ