• В.Удвал:Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтийг шинжлэх ухааны зарчмаар бус,улс төрчдийн хүсэл сонирхлоор хийсэн тохиолдолд дорддог

    2019-07-22

    Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын чуулганаар ирэх сарын 9-наас эхлэн хэлэлцэхээр болсон. Мөн өнөөдрөөс эхлэн Төрийн ордонд цуврал хэлэлцүүлгүүд өрнөх юм. Үндсэн  хуулийн  нэмэлт,өөрчлөлттэй холбоотой  Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан, Хуульч, улс төр судлаач В.Удвалыг  Фэйсбүүкээр дамжуулан дараахь байр суурийг илэрхийлжээ.

    В.УДВАЛЫН БАЙР СУУРЬ:

    …Цуврал хэлэлцүүлгийн өмнө юуг анхаарах вэ гэвэл:

    1/Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө ямар концепоор, яагаад хийх гээд байгаагаа сайн мэдэх хэрэгтэй

    2/бид юу ярьж байгаагаа эргэцүүлж  бодох эрүүл саруул ухаантай байх нь чухал.
    Энэ удаагийн төслүүдийг (хууль санаачлах эрх бүхий 2 субъектээс 2 төсөл өргөн баригдаж, хэлэлцэгдэх гэж байгаа учраас олон тоон дээр бичлээ)хэлэлцэхийн өмнө ард түмэн 1999 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж, түүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон ч дараагийн сонгуулиар 2000 онд гарч ирсэн УИХ-ын шинэ бүрэлдэхүүн Үндсэн хуульд оруулсан өмнөх 7 нэмэлт, өөрчлөлтийг хэвээр нь баталсныг ард түмэн яагаад “дордохын 7 өөрчлөлт” гэснийг багш, судлаачийн хувьд тайлбарлах нь зөв юм болов уу гэж бодлоо.

    Дээрх нэмэлт, өөрчлөлт нь АНУ-ынх шиг “хүний эрх”-ийг баталгаажуулж, өргөтгөснөөр эхлээгүй харин ч эсрэгээрээ эрх мэдэлтэй хэсгийнхний эрх мэдлийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэг буюу “Монгол улсын төрийн байгуулал” бүлэгт орсон өөрчлөлтүүд юм.

    Нэг.

    Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2-т нэмэлт орсон. Энд  өмнө нь ч, одоо ч ямар заалт байгаа вэ гэхээр “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдлэнэ” гэж байгаа. Үүн дээр “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана” гэж нэмэлт оруулсан. Энэ нь манай эрдэмтдийн ярьдгаар “сайн заалт” боловч практик дээр тохиолдож байсан үзэгдлийг шийдэхдээ Үндсэн хуульдаа гар хүрдэг нь буруу гэж үзсэнд оршино.

    Улсын Их Хурлын гишүүд, төлөөлж байгаа олон түмнийхээ хүсэл сонирхлыг илэрхийлж чаддаг байх тэр тохиолдолд “УИХ өөрөө тардаг” болно гэж үзсэнийх шүү дээ. Энэ талаар өөр олон үндэслэл байгаа.

    Хоёр.

    Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д өөрчлөлт орсон. 24.1-д  өмнө нь “Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно” гэж байсан. Өөрчлөлт оруулахдаа “нууцаар” гэдэг үгийг “илээр” гэж өөрчилсөн. Үүнд ард түмэн илээр болхоор дарга болж байгаа хүнээ хэн ч эсэргүүцэхгүй шүү дээ гэж бухимдсан. Зарим хэсэг нь ардчиллын суурь зарчмын нэг нь нууц санал хураалт гэж эгдүүцсэн.

    Мөн энэ хэсэгт “Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно” гэж нэмсэн. Үүнд ард түмэн бүр ч их дургүйцсэн. Хэн нэг этгээд ирээдүйд би УИХ-ын дэд дарга болох юмсан гэж мөрөөдөөд энэ заалтыг оруулсан юм байна гэж ард түмэн ойлгодог.

    Үндсэн хуульд ард түмний мөрөөдлийг тусгах нь чухал байсаар байхад “хэн нэгний” мөрөөдлийг тусгасан нь алдаа болсон.

    Үүнийг тайлбарлая.

    “УИХ-ын тухайн сонгуулийн дүнд бий болсон” гэдэг үг ирээдүйд хүсээгүй үр дүнг авч ирэх боломжтой болсон. Одоо байгаа органик хуулиар нам, эвслээс 8 хүн бүрдэж байвал нэг бүлэг болох боломжтой. Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлд АН хоёр гишүүнээ хөөгөөд бүлэггүй болсон. Тэгэхээр 8 гишүүнээс бүлэг байгуулагдах боломж бүрддэг байх нь. Дээрх өөрчлөлтөөр ирээдүйд 8 намаас тус бүр найм,найман  хүн сонгуульд санал авчихлаа гэж бодвол 64 гишүүн 8 бүлэгт хуваагдана гэсэн үг. 76 гишүүнээс 64-ийг хасахаар үлдсэн гишүүд дахиад нэг эвсэл бүлэг үүсгэж болохоор байна. Ингээд 9 дэд даргатай болно гэсэн үг. Үүнийг ард түмэн буруушаагаад “дордлоо” гэж үзээд байна л даа. Одоо дараагийн өөрчлөлтөөр засагдлаа гэж байгаа боловч үлдэж байгаа зүйл байна лээ, үүнийг анхаарах шаардлагатай.

    Гурав.

    Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 2-т өөрчлөлт орсон юм. 27-гийн 2-т “Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна” гэж байсныг 75-ийг 50 болгож өөрчилсөн. Ард түмэн яагаад дордууллаа гэсэн вэ гэхээр УИХ-д сонгогдчихоод хуралдаа суухгүй, чуулганы хугацааг багасгалаа гэж халагласан. Энэ нь амьдрал дээр буруу болсныг сүүлийн 20 жилийн түүх ч гэрчилнэ. УИХ-ын чуулган нэг ч удаа хугацаандаа чуулганаа завсарлуулж чадаагүй бөгөөд эсвэл “сунгаж хуралдсан”, эсвэл “ээлжит бус зарлаж” хуралдаж байсан.

    Дөрөв.

    Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-д өөрчлөлт орсон.

    27.6-д “Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж байсан. Энд “дийлэнх олонхи” гэдгийг олонхи гэж өөрчилсөн. Ард түмэн яагаад дордууллаа гэж үзсэн бэ гэхээр дийлэнх олонхи нь биш олонхи ирснээр хүчинтэйд үздэг болж, 76 гишүүний 50+1 ирсэн бол хуралдаан хүчинтэй\76:2=38, тэгвэл 38+1=39 ирц бүрдэнэ. Шийдвэр гаргахдаа 39:2=19.5 гишүүн шийдвэр гаргана\ шийдвэр гаргахдаа дахиад тал нь л байх боломжийг бүрдүүлсэн нь бүр ч дордсон хэрэг юм. Ингэж шийдвэр гаргах хувь буурахаар төлөөлүүлж байгаа ард түмэн уурлахаас өөр яах билээ дээ.

    Тав.

    Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д өөрчлөлт орсон.

    29.1-д “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж байсан юм.

    Түүнийг “…Улсын Их хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчилсөн. Ард түмэн “давхар дээл” өмслөө хэмээн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг эс зөвшөөрч, Үндсэн хуулийн заалтыг дордууллаа гэсэн.

    Энэ нь миний заадаг хичээлийн хувьд эрх мэдлийн тэнцвэрийг бүрэн алдагдуулж, УИХ Засгийн газарт хяналт тавих боломжийг хязгаарласан хэрэг юм. 1996 онд Улсын Их Хурлын тухай хуульд “Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байх” заалтыг оруулсныг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон шийдвэр байдаг. Дараа нь 1998 онд Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх” заалт дахин орсныг мөн л иргэний өргөдөл, гомдлоор Үндсэн хуулийн цэц хэлэлцэж хүчингүй болгосон. Цэцийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байхад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд дахин дахин оруулж байгааг олон нийт хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнийг онолын хувьд ч, практик шийдлийн хувьд ч нэг тийш болгох шаардлагатай.

    Зургаа.

    Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 2-т өөрчлөлт орсон. 33.2-т “Улсын Их Хуралд олонхи суудал авсан намтай, аль ч нам олонхийн суудал аваагүй бол Улсын Их Хуралд суудал авсан намуудтай зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох санал, түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулах” гэж Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд хамааруулсан заалт байсан. Өөрчлөлтийг хэлэхийн өмнө “энэ заалтыг уншаад Монгол Улсыг парламентын Засаглалтай орон юм байна гэдгийг Үндсэн хуулийн эрх зүйн аль ч орны судлаач, оюутнууд мэднэ. Гэхдээ нэг сонирхолтой нь Ерөнхийлөгч нь намуудтай зөвшилцөн энэ асуудалд оролцдог юм байна л гэх байсан байх даа” гэдгийг энд дурдах ёстой байх.

    Яаж өөрчилсөн бэ гэхээр “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;” гэж өөрчилсөн. Энд мөн л эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйнгээр шийдэх ёстой хэмээн иргэд үздэг. Тав хоногоос илүү хугацаагаар дахин дахин буцааж байсан тохиолдол практикт байсан нь тухайн хүнээс нь шалтгаалж байсныг ард түмэн ялгаж салгаж ойлгож байгаа.

    Долоо.

    Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2-т нэмэлт орсон. 39.2-т өмнө нь “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж байсан. Тэгвэл “… Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ” гэж нэмсэн. Иргэд “зөвшилцөх” гэдгийг Үндсэн хуульд нэмэлт оруулж биш бусад органик хуулиар, бараг төрийн албаны соёлын хүрээнд, ухаалаг удирдлагууд өөрсдөө шийдэх ёстой гэж бодохдоо “дордууллаа” гэж үзэж байна. Ер нь хугацааны асуудлыг Үндсэн хуульд заах нь зохимжтой биш. Үүнийг онолын хувьд ч, практик дээр ч бид хүлээн зөвшөөрөх ёстой юмаа.

    Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны зарчмуудад тулгуурлан шийдэхгүйгээр, улс төрчдийн хүсэл сонирхлоор шийдсэн тохиолдолд “дорддог” гэдгийг эцэст нь хэлэх хэрэгтэй байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ