Какүрюү М.Ананд Хакухо М.Даваажаргалыг давж түрүүллээ

Арлын орны мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын тэмцээн Нагоя хотод 15 хоногийн турш болж, өчигдөр дууслаа. Тэмцээний сүүлийн өдрийг хүртэл дээд зиндаанд түрүүлэхийн төлөө их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар өрсөлдөв. Хоёр аварга өчигдрийн барилдаанд барилдахад Какүрюү давснаар 14 даваатайгаар тэмцээнийг тэргүүллээ. Хэрвээ Хакүхо давсан бол хоёр аваргын хооронд нэмэлт барилдаан гарах байв.

Тэмцээний ес дэх өдөр Хакүхо Ичиножёо А.Ичинноровт ялагдаж, тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж эхэлсэн. Энэ боломжийг Какүрюү М.Ананд сайн ашиглаж 14 даваа, нэг унаатайгаар тэмцээнийг дуусгав. Хакүхо 12 даваа, гурван унаатай тэмцээнийг өндөрлүүлсэн бөгөөд Ичиножёо А.Ичинноров, Котошогикү, Какүрюү нарт унасан юм.

Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд ийнхүү зургаа дахь түрүүгээ хүртлээ. Тэрбээр хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сарын тэмцээнд түрүүлж байжээ. Энэ жил 33 настай Какүрюү М.Ананд аварга анхны түрүүгээ 2014 оны гуравдугаар сард авч байсан. Тухайн үед Хакүхо М.Даваажаргал аварга 28 түрүү аваад байжээ.

Дээд зиндаанд барилдсан манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров есөн даваа авсан бол сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил тав, Дайшёохо Ч.Шижирбаяр зургаан даваатайгаар тэмцээнийг дуусгалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ