• #ЗүгЧиг подкаст 5:Өөрийгөө насанд хүрсэн гэдэгт итгэлтэй байна уу

    2019-07-19

    #ЗҮГЧИГ цуврал подкаст Соён гэгээрлийн сэдвээрх цувралынхаа энэ удаагийн дугаарт  МУИС-ийн Философи,шашин судлалын тэнхимийн багш С.Бүжинлхамыг урьж  оролцууллаа.

    Соён гэгээрэл гэж юу вэ.Монголын нийгмийн соён гэгээрэл ямар түвшинд байгааг судалсан судалгаа байдаг  уу?

    -Ер нь бол  энэ аягүй төвөгтэй асуудал л даа. Соён гэгээрсэн хүн гэж яг хэнийг хэлэх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Дахиад соён гэгээрүүлсэн хүн гэж хэнийг хэлэх вэ гэж тодорхойлтоо гаргаж тавьчихаад энэ чиглэлээр нэлээн социологийн судалгаа гаргана. Өөрөөр хэлбэл, тухайн хүмүүс өөрсдийгөө тэгж үнэлж байна уу үгүй юу, тэгээд нэг бол тэр хүмүүсээсээ нэг ийм академик тестүүд авч шалгалтыхаа үр дүнг гарч байна уу үгүй юу гэдгийг тодорхойлох гэхээр нэлээд  төвөгтэй байдал үүсдэг.

    Мишел Фукальт гэж Францын философич  1984 оны үед  “Соён гэгээрэл гэж яг юу вэ” гэсэн утгатай эсээ бичсэн ч түүнийгээ  Калифорнийн  их сургуулийн оюутнуудад уншихаар бэлтгэж байхдаа өөд болсон.

    Тэр эсээний төгсгөлд  “Бид соён гэгээрсэн үү, соён гэгээрэл болоод аль хэдийн дуусчихсан уу” гэдэг асуулт тавьсан байдаг. Тэгээд тэр асуултад  хариулт өгөх аргагүй, энэ бол яг өөрөө өрнөх үйл явц” гэсэн утгатай хариулт өгсөн байна.

    XX  зууны сүүл үед  Францын философич хүн ингэж дүгнэж байхыг  авч үзээд харахад  соён гэгээрлийг  дүгнэх боломжгүй, би бол өөрийгөө насанд хүрсэн гэдэгт ч итгэлтэй биш байна аа гэсэн утгатай өгүүлбэртэй төстэй ойлголт юм уу.

    Алдартай философич хүртэл өөрөө ингэж үзэж байхад үүнийг  социологийн судалгаагаар судлаад дүгнэнэ гэдэг төвөгтэй.

    -Соён гэгээрсэн хүнд хамгийн наад зах нь ямар хувь хүний шинж чанар  суусан байх ёстой вэ?

    -Соён гэгээрсэн үү гэж хүн болгонд авч үзэхээсээ илүү  “Соён гэгээрэл гэж юу вэ” гээд асуухаар сэтгэгч болгон бараг өөр өөрийн тодорхойлолтуудыг өгдөг. Эдгээрээс  хамгийн алдартай, хамгийн сэтгэлд ойр, ойлгоход хялбар тодорхойлолтыг  Иммануэл Кант өгсөн. Энэ тодорхойлолт  манай өнөөдрийн нийгэмд илүү тохиромжтой юм болов уу гэж хардаг. Үүнийг ярихын тулд эхлээд яг Кантын   соён гэгээрэл гэж юу вэ гэсэн асуултын хариултаас илүүтэй Кантын өөрийнх нь ёс суртахууны  философийн талаар яривал илүү зүйтэй болов уу гэж бодож байна.

    Кант бол хоёрдмол, хоёр эсрэг тэсрэг байр суурийг хослуулж явсан гэдгээрээ алдартай, философийн нэлээд олон талбарт хувь нэмрээ оруулсан хүн. Өнөөдрийн бидний сэдэвтэйгээр холбоотойгоор авч үзэхэд Кант хүний асуудлыг  оюун ухаан ба итгэл бишрэл хоёуланг нь зэрэгцүүлж авч үздэг.

    Тэрээр  “Ёс суртахуун бол цэвэр хүний оюун ухааны үр дүн, оюун ухааны бүтээл. Хүн оюун  ухаантай болохоор ёс суртахуунлаг байх ёстой” гэсэн тайлбарыг гаргаж  тавьсан.

    Энэ утгаараа хүнд 2 янзын хэм хэмжээгээ зохицуулах үүрэг байх ёстой гэж үзсэн.  Нэг нь нөхцөл байдлаас хамаардаг, өөрөөр хэлбэл болзолт шинжтэй, нөгөөх нь чиний нөхцөл байдал, орон зай, цаг хугацааг үл хамааран заавал мөрдөх ёстой үүрэг.

    Энгийнээр тайлбарлавал энэ бол ёс суртахууны алтан зарчим.

    Өөрт хүсээгүй зүйлээ бусдад бүү хүс гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ үйлдлийг чи өөртөө хүсч байна уу гэдгийг тунгаагаад хэрвээ өөртөө хүсэхгүй бол бусдад битгий хүс.

    Харин өөрт ямар нэг  үүргийг өгч болно. Энэ үүрэг чиний оюун ухааны үр дүн байх ёстой гэж номлосон. Энгийнээр тайлбарлавал, чи машинаа үүрийн 5 цагт жолоодоод яваад  улаан гэрэлтэй таарлаа. Эргэн тойронд чинь цагдаа,камер байхгүй тохиолдолд чи улаан гэрлээр явах уу, үгүй юу гэдэг асуултыг тавилаа гэж бодьё. Хэрвээ  хэн нэгэн  намайг хараад хянана гэдэг айдастай улаан гэрлэн  дээр зогсож байгаа бол чи оюун ухаанаа ашиглаж  сураагүй, айдастай,оюун ухаан өөрийн чинь дотроос урган гараагүй байна гэсэн үг.  Харин улаан гэрэл таарлаа, эргэн тойронд чинь хүн, камер байх, эсэхээс үл хамаараад  зогсох ёстой гэсэн үүргээр зогсож байвал чи  ёс суртахуунтай хүн байна гэсэн тайлбар өгдөг. Эндээс Кантын “Гэгээрэл гэж юу вэ” гэдэг эсээний санаа ургаад гараад ирнэ.

    Кант хүн өөрийн оюун ухааныг ашиглаад насанд хүрээгүй байдлаас ангижирна гэж үзсэн. Өөртөө үүрэг оноо,тэр үүргээ биелүүл. Click To Tweet

    Гэхдээ энэ нь чиний цэвэр оюун ухаанаас  гарсан үр дүн байх ёстой болохоос хэн нэгнээс айсандаа хийж буй үйлдэл байх ёсгүй. Гол  нь бид өөрт өгч буй үүргээ яг өөрийн оюун ухаанаар хийж байгааг яаж мэдэх вэ?

    Энэ тохиолдолд бидэнд логикийн аппаратууд маань хэрэг болж эхэлнэ. Яг  сэтгэл судлалын  үүднээс  ухамсаргүйн тухай асуудлыг авч үзвэл  хүмүүс ихэвчлэн   хүүхэд насны дурсамжууд аль эсвэл хэн нэгний хэлсэн үг гэх мэтчилэн далд ухамсартаа захирагдаж шийдвэр гаргадаг. Хамгийн гол нь гаргасан шийдвэр, хийсэн сонголтдоо үнэнч байх ёстой.Тэгвэл чи оюун ухаанаа захирч байна гэсэн үг.Харин хэн нэгний ятгалгаар л ийм юм хийчихлээ гэж бодвол  чи оюун ухааны хувьд насанд хүрэх хол байна аа гэсэн үг.

    -Хүн шийдвэр гаргахад янз бүрийн хүчин зүйлс нөлөөлдөг гэлээ.  Удирдагч хүн өөрөө соён гэгээрсэн байвал  түүнийг дагаж байгаа хүмүүст нөлөөлдөг. Улмаар  бусдыг  өөрийн бодлоор ямар нэгэн үйлдэл хийхийг байнга дэмжиж байдаг гэсэн утгатай үг уншиж байсан санагдана…?

    Хэрвээ биднийг удирдаж байгаа хүн маань өөрөө соён гэгээрээгүй байвал түүн шиг тэнэглэл байхгүй Click To Tweet гэсэн үг бий. Кантынхаар бол хэн нэг хүн гарч ирээд л “Уриа, урагшаа явъя” гэсэн хувьсгалт лоозонгоор нийгэм соён гэгээрдэггүй. Соён гэгээрнэ гэдэг цэвэр хувь хүний сонголтын үйл явц. Click To TweetКантынхаар бол хүн  бусдын  тусын тулд  болон  хувийн ашиг тусын төлөө гэсэн хоёр зорилгоор оюун ухаанаа ашиглах тухай яриад байгаа шүү дээ.

    Хэрвээ дарга,удирдагч хүн ухаалгаар даалгавар  өгөөд, үлгэр дууриал үзүүлээд байвал захирагдаж байгаа хүн  өөрийн хувийн оюун ухаанаа ашиглахад том дэмжлэг болдог гэсэн санааг Кант гаргасан.  Дээр нь тухайн хүн нийтийн төлөө дуугарч чадаж байна уу,үгүй юу гэдэг чинь ХҮН байх, хүнлэг байхтай холбоотой.

    Тэгэхээр хүмүүс  оюун ухаанаа аль аль түвшинд ашиглах хэрэгтэй. Ялангуяа хүн оюун ухаанаа нийтийн түвшинд,нийтийн төлөө ашиглаад эхлэх юм бол оюун ухааны хувьд насанд хүрч байгаагийн илэрхийлэл гэж хэлж болно. Click To Tweet

    Хамгийн эхэнд асуусан асуулт руу эргээд орьё. Манайд соён гэгээрсэн залуучуудын түвшинг тогтоох боломжтой юу гэсэн  асуултын хариуг нэлээд бодож явсан. Үнэхээр статистик тоо баримт харъя гэвэл  бид   нийгмийг өөрчлөхийг зорьж байгаа, шударга бус явдалтай тэмцэж байгаа сэтгүүлчид,төрийн бус байгууллагынхан, сайн дурын ажилтнууд, түүний цаана хувь нэмрээ оруулж байгаа залуучууд,иргэдийн тоог л багцаалж болох болов уу даа.

    -Олон нийтийн төлөө оюун ухаанаа ашиглаж байгаа хүмүүс бусдын л адил   хүүхэд байсан. Багаас нь  хүүхдийг   бодол санаагаа чөлөөтэй илэрхийлдэг болгох нь ээж аавын үүрэг үү,эсвэл боловсролын системтэй холбоотой юу?

    -Энэн дээр  бол цэвэр ээжийн өмнөөс хариулна гэвэл болж л байна л даа.Мэдээж    гэр бүл бол яахын аргагүй  үндсийн үндэс. Гэр бүлд хүүхэд эрх чөлөөтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг орчноор хангагдсан байх ёстой.  Бас   боловсролын систем бол яах аргагүй нэлээд чухал үүргийг гүйцэтгэх ёстой. Би жилд  400 гаруй залуучуудтай ажилладаг.  Үнэхээр болохгүй байгаа зүйлийг олж хараад,санаа бодлоо илэрхийлдэг хүүхдүүд хангалттай олон болчихсон.

    Сурган хүмүүжүүлэгч үүднээс харсан ажиглалтаар бол  хүүхдүүд  Кантын хэлснээр нийтийн төлөө оюун ухаанаа ашиглах талд эрх чөлөөтэй,бусад хүмүүсээс  шударга байдлыг, зарчимч байдлыг,үүрэг хариуцлагыг  нэхэх талд томчуудаас илүү. Гэхдээ бас  тэнцвэргүй байдал  харагддаг.  Кант “Эргэцүүл, гэхдээ захирагд” гэсэн санааг хэлсэн. Энэ нь  тухайн хүүхэд  оюутан гэдэг статустай байгаа бол хувийн оюун ухаанаа энэхүү статусынхаа хүрээнд ашиглах ёстой гэсэн үг.  Би  суралцах үүрэгтэй,  надад тодорхой хэмжээний хүрээ хязгаарлалт байгаа гэсэн  хүрээнд үүргээ тавиад, тэр дагуу ажиллах  асуудалд дутмаг харагддаг.Эсрэгээрээ нийтэд хамаатай асуудалд их чангаар  дуу хоолойгоо гаргадаг мөртлөө түүнийгээ  хувь дээрээ аваачаад, яг өөрийнхөө  статус руу оруулахаар л гэнэт эрх чөлөөгүй болж байгаа мэт аягладаг. Үүнд сургуулийн нөлөө гэхээсээ эцэг,эхийн нөлөө илүү хамаатай.

    -Монголын нийгэмд улстөрчид гол дүр, ярианы сэдэв байдаг. Гэтэл эдгээр хүмүүс маань  өөрсдөө ёс суртахуунтай   байж чадаж байна уу?

    -Тодорхой утгаараа  Кантын хэлснээр болон миний  ойлгож байгаагаар  улстөрчид оюун ухааны хувьд насанд хүрсэн хүн гэдгээ баталмаар байгаа бол өгсөн амлалтаа заавал биелүүлдэг байх ёстой. Click To Tweet   Улс төрчид амлалт өгөөд биелүүлээгүй учраас иргэн би тэдэнтэй адилхан байх ёстой гэж бодож бүр ч болохгүй. Click To Tweet Өөрөөр  хэлбэл, надаас шаардаад байгаа хүн өөрөө  үүргээ биелүүлэхгүй байгаа юм чинь би ч гэсэн адилхан биелүүлэхгүй байж болно гэсэн бодлоос нийгмийн зарим замбараагүйтэл үүсээд байна уу даа гэж хардаг.

    Дээрээс захирч, түр жолоодож байгаа дарга хүмүүс л сайн байх ёстой.Тэд сайн байвал би дагаад  сайн байна гэсэн утгаар ярих юм бол гэгээрэх үйл зогсох байх.  Мэдээж улстөр, эдийн засгийн тогтолцоо найдвартай байх нь бидний чөлөөтэй бодож сэтгэж, үйлдэх тэр бүх боломжийг бүрдүүлнэ.Нийтийн сайн сайхны төлөө дуугарах ёстой ч зүгээр дуугараад өнгөрөх хангалттай биш,заавал ямар нэг үйлдэл хийх ёстой. Улстөрчид нийтийн сайн сайхны төлөө ажиллана гэж  гарч ирчихээд зүгээр яриад байж болохгүй гэсэн үг.

    Худлаа амлаад,зүгээр л яриад хариуцлагагүй байгаа улстөрчдөө бид дууриаж болохгүй гэж түрүүнд хэлсэн. Ер нь гэгээрэл гэдэг тухайн хүнээс өөрөөс л шалтгаална.

    #ЗүгЧиг подкастыг  soundcloudоос сонсож дагана уу.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ