• Таван жил түрээслээд өмчлөх байрны үнийг 75 хувь хөнгөлнө

    Засгийн газраас “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллыг түрээслүүлэх эрхийг хотын захиргаанд өгөөд буй. Энэ сарын 4-нд нийслэлийн тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах” журмыг хэлэлцэж, баталсан.

    Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/-аас баталсан түрээсийн орон сууцны журамд зааснаар байраа түрээслээд, өмчлөх хэлбэр хамгийн эрэлт ихтэй байгаа аж. Учир нь зорилтот бүлгийн иргэд байрны түрээсээ төлөхөөс гадна сар бүр өмчлөх төлбөрөө нийт тав хүртэлх жилийн хугацаанд төлөх  боломжтой.

    Байраа түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийн хувьд сард төлөх төлбөр нь өндөр тусах учраас байрны нэг ам.метрийн үнэ болох сарын 6000 төгрөгийг 75 хувь хямдруулж, 1500 төгрөгөөр тооцон төлнө гэдгийг нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээллээ.

    Түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах ажээ. Ингэхдээ түрээсийн орон сууцны нэг ам.метрийн үнийг сарын 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлэхээр тусгажээ.

    Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн цахим мэдээллийн санд хүсэлтээ дараах бичиг баримтын хамт өгөх аж.

    Иргэний үнэмлэхийн хуулбар,

    -Гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт,

    -Орлого тодорхойлох баримт бичиг зэргийг хавсаргах

    -Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгалын болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримт зэрэг багтах ажээ.

    Үүнээс гадна өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, залуу гэр бол гэрлэлтийн лавлагаа, ахмад настан бол тэтгэврийн дэвтрийн хуулбар, гачигдалтай иргэн бол гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн дүүргийн тодорхойлолт зэргийг бүрдүүлэх ёстой.

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд халамжийн дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт бүрдүүлэх бол өрх толгойлсон эцэг, эхийн тухайд өрх толгойлсон болохыг нотлох баримт бүрдүүлэх бол 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүлийн тухайд хүүхдүүдийн гэрчилгээ холбогдох баримт бичгийг бүрдүүлнэ.

    Түрээсийн орон сууцанд дараах хүмүүс хамрагдах боломжтой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг эрэмбэлэхийн тулд олон удаагийн хэлэлцүүлэг хийж, эдгээр хэлэлцүүлгүүдээс гарсан саналыг үндэслэн эрэмбэлж, ангилж оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ.

    Өмнө нь хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдэд харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдийг түлхүү хамруулдаг учраас бусад хэлбэрийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах үүднээс журамд нарийвчлан тусгасан байна.

    Түрээсийн орон сууцыг тодорхой хуваарилалтын дагуу олгоно.

    залуу гэр бүлд 20 хувь,

    -төрийн албан хаагчдад 25 хувь,

    -хувийн байгууллагын ажилтнуудад 20 хувь,

    -18 хүртэлх 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд 5 хувь,

    -өрх толгойлсон эцэг эхэд 5 хувь,

    -өндөр настан тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад 5 хувь,

    -хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлд 50 хувь,

    -гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 5 хувийг олгохоор квот тогтоожээ.

    Сонгон шалгаруулалтад оролцсон иргэдэд цахим бүртгэлээр шалгарсан, шалгараагүй талаар мэдэгдэл хүргүүлэх гэнэ. Хэрвээ сонгон шалгаруулалтад тэнцсэн бол ажлын гурав хоногийн дотор нийслэлийн Орон сууцны корпорацийн заасан байршилд өөрийн биеэр очиж, бүртгэлээ баталгаажуулах юм байна.

    Ингээд сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг үндэслэн орон сууц  түрээслэх эрх нь баталгаажсан иргэдэд НОСК-аас түрээсийн батламж олгох юм. Батламж авах эрхтэй болсон иргэн эхний сарын түрээсийн төлбөр, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн зардалтай тэнцэх хэмжээний барьцаа төлбөр төлөх юм. Ингэснээр төлбөр төлсөн иргэн, НОСК хоёр түрээсийн гэрээ байгуулснаар эрх нь баталгаажна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ