• Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах төслийн энгийн хувилбар

    2019-07-16

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Үндсэн  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах өөрийн төслийг өргөн барьсан. president.mn сайтад энгийн хувилбар хэмээх тодотголтой оруулсан уг төслийг бүрэн эхээр нь хүргэж байна.

    МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ (ЭНГИЙН ХУВИЛБАР)

    МОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ БОЛОН АРД ТҮМНИЙ ЗАСАГЛАХ ЭРХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

     Нэг.Тусгаар тогтнолоо бэхжүүлэх:

     25.1.16.ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ.Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм санаархал бүхий ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно;

    Хоёр.Газрыг нэгдмэл бодлогоор зохистой ашиглах:

    6.6.Нийтийн өмчийн газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, иргэн, хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол, журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Засаг дарга /Захирагч/ гаргана.

    Гурав.Төв банк /Монголбанк/-ны хараат бус ажиллах нөхцөл баталгааг бүрдүүлэх:

    1921.Монгол Улс төв банктай байна. Төв банк нь хараат бус, бие даасан байгууллага байх бөгөөд Монголбанк гэж нэрлэнэ.

    1922.Монголбанк нь төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах болон санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлж, төрийн эрдэнэсийн санг эрхлэн удирдана.

    1923.Монголбанкны үйл ажиллагааны эрх зүйн үндэсийг хуулиар тогтооно.

    Дөрөв.Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмыг бэхжүүлэх, хүртээмжтэй, тэгш, шударга нөхцөлөөр ашиглах:

    6.2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн. Байгалийн баялагийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчим баримтална. Газрын хэвлийн баялагийг төрөөс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Монгол Улсын хуулийн этгээдэд энэ зүйлд заасан зарчмын дагуу ашиглуулж болно. Онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялагийг төр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах бөгөөд татварын дараах ашгийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсын төрд ногдоно. Хөрөнгө оруулагчийн зардал бодитой байна. Хөрөнгө оруулагчийн зардалд төр хяналт тавьж ард түмэнд тайлагнана. Газрын хэвлийн баялагийг хөрөнгө оруулагчтай хамтран ашигласны орлогыг баялагийн санд төвлөрүүлж, зарцуулна. Байгалийн баялагийг ашиглах болзол, баялагийн сангийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

    Тав.Улс төрийн намын төлөвшлийг дэмжих, зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилтын ил тод байдлыг хангах:

    1911.Нам нь нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодлын үүднээс сайн дураар эвлэлдсэн, нэгдмэл, тодорхой үзэл санааны хүрээнд улс төрийн үйл ажиллагаа явуулж, төрийн бодлогыг тодорхойлох зорилготой Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн.

    1912.Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах бөгөөд гишүүний бүртгэл, өөрчлөлтийг сонгуулийн төв байгууллага хөтөлнө.

    1913.Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн байна. Намын удирдлага болон удирдах дээд байгууллагын сонгуулийг сонгуулийн төв байгууллага, дотоод бусад сонгуулийг холбогдох сонгуулийн байгууллага хариуцна.

    1914.Нам үл хөдлөх болон ахуйн хэрэгцээнийхээс бусад үнэ бүхий хөдлөх хөрөнгө өмчлөхгүй. Намын орлогын эх сурвалж, зарцуулалт нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал болон төрөөс дэмжлэг үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно.”

    II.ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ, ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

     Нэг.Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог тодорхой болгох, гишүүдийн тоо болон бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлэх:

         21.1.Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун найман гишүүнээс бүрдэх бөгөөд тавин дөрвөн гишүүнийг нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар тогтолцоогоор, тавин дөрвөн гишүүнийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно..

    21.2.Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, таван жилийн хугацаагаар сонгоно.

    21.4.Улсын Их Хурлын сонгуулийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мажоритар болон пропорциональ тогтолцоогоор явуулна. Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний сонгох эрхэд хууль бус аргаар нөлөөлөх буюу саад учруулах оролдлого, хуйвалдааныг Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт халдсан гэмт хэрэг гэж үзнэ. Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.

    Хоёр.Улсын Их Хурлын удирдлагын бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлэх:

    24.2.Улсын Их Хурлын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа таван жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно.

    Гурав.Улсын Их Хурлын гишүүний давхар ажил эрхлэх эрхийг хязгаарлах

    29.1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

     Дөрөв.Хууль санаачлах эрхэд хүрээ, хязгаар тогтоох:

       26.1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.

    III. ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЛИЙН ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ҮЙЛ  АЖИЛЛАГААНЫ ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

     Нэг.Засгийн газрын гишүүний давхар ажил эрхлэх эрхийг хязгаарлах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, хяналт хариуцлагыг дээшлүүлэх:

    39.1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч үл болно.

     39.4.Засгийн газар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлнэ.

    39.5.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэнэ.

    39.6.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцэж буй эсэхэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллага хяналт тавьж, дүгнэлтээ Улсын Их Хурлаар хэлэлцүүлнэ.

    39.7.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, бодлогын тогтвортой байдалд хараат бусаар хяналт тавих байгууллагын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

    39.8.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогыг Улсын Их Хурал батлах бөгөөд Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авах, хэлэлцэх, батлах журмыг хуулиар тогтооно.

    Хоёр.Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг сунгах:

    40.1.Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа таван жил байна.

     Гурав.Төрийн жинхэнэ албан хаагчийн шатлан дэвших, хараат бусаар ажиллах нөхцөл баталгааг хангах:

       46.4.Төрийн жинхэнэ албан хаагч яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажиллах эрхтэй бөгөөд шатлан дэвших, чадахуйн зарчимд үндэслэсэн сонгон шалгаруулалтын болзол хангасан Монгол Улсын иргэн Төрийн нарийн бичгийн даргад чөлөөтэй өрсөлдөнө. Төрийн нарийн бичгийн даргыг арван жилийн хугацаагаар томилно. Төрийн нарийн бичгийн даргыг хуульд заасан үндэслэлээр чөлөөлж, огцруулна.

     ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

     Нэг.Шүүхийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх:

     48.1.Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэнэ. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.

     Хоёр.Шүүхийн сахилгын хороо байгуулах:

     49.6.Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллана.

    49.7.Шүүхийн сахилгын хороо хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд саналаа томилсон эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх бөгөөд бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргана.

    49.8.Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

    НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

     Нэг.Нийслэлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох:

     13.1.Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзэх бөгөөд нийслэл нь хотод, хот нь дүүрэгт хуваагдана. Нийслэлийн хотын дүүргийг хороонд хувааж болно.

    13.2.Нийслэл бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн бөгөөд эрх зүйн үндэсийг нь зөвхөн хуулиар тогтооно.

     Хоёр.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, нийгмийн хөгжил, амьдралын хэрэгцээ шаардлагад нийцүүлэх:

       57.1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, хот, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, хот нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.

    57.2.Аймаг, хот, сум, дүүргийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

    57.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг үндэслэн гаргасан Засгийн газрын саналыг харгалзан Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

    Гурав.Нийслэлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, нийгмийн хөгжил, амьдралын хэрэгцээ шаардлагад нийцүүлэх асуудлын хүрээнд хийгдсэн өөрчлөлтүүдтэй уялдуулах:

     58.1.Аймаг, хот, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн.

        58.2.Аймаг, хот, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.

       59.2.Нутгийн өөрөө удирдах байгууллага бол Аймаг, хот, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн.

     59.3.Аймаг, хот, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг таван жилийн хугацаагаар сонгоно. Эдгээр Хурлын болон сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно.

    60.1.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ. Хотын Захирагч харьяалах нутаг дэвсгэртээ Засаг даргын үүргийг хавсран гүйцэтгэнэ.

    60.2.Аймаг, хот, нийслэлийн Засаг дарга /Захирагч/-ыг аймаг, хот, нийслэлийн Төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус таван жилийн хугацаагаар томилно. Ерөнхий сайд аймаг, хот, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлд заасан журмаар дахин нэг удаа нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно.

    60.3.Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд таван жилийн хугацаагаар сонгож, аймаг, хотын Засаг дарга /Захирагч/ арван тав хоногийн дотор батламжилна. Сум, дүүргийн Засаг даргын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.

    60.4.Аймаг, хот, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар чөлөөлж, огцруулна. Сум, дүүргийн Засаг даргыг огцруулсан бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, хотын Засаг дарга /Захирагч/ томилно.

    61.1.Засаг дарга /Захирагч/ тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна.

    61.2.Засаг дарга /Захирагч/ тухайн аймаг, хот, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлын шийдвэрт хориг тавих эрхтэй.

    61.3.Тавьсан хоригийг нь Хурал өөрийн төлөөлөгчдийн олонхийн саналаар няцаасан нөхцөлд Засаг дарга /Захирагч/ уул шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтээ зохих Хурал, Ерөнхий сайд буюу харьяалах дээд шатны Засаг даргад гаргаж болно.

    61.4.Аймаг, хот, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга /Захирагч/-ын ажлын алба нь тамгын газар мөн. Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно.

    62.1.Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, хот, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.

    62.3.Улсын Их Хурал, Засгийн газраас шаардлагатай хэмээн үзсэн тохиолдолд өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр аймаг, хот, нийслэлийн Хурал, Засаг дарга /Захирагч/-д шилжүүлж болно.

    63.1.Аймаг, хот, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурал эрх хэмжээнийхээ дотор тогтоол, Засаг дарга /Захирагч/ захирамж гаргана

    63.2.Хурлын тогтоол, Засаг дарга /Захирагч/-ын захирамж нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх бөгөөд түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.

    ЭХ СУРВАЛЖ:PRESIDENT.MN

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ