• Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүн давхар дээлтэй байх ёсгүй гэв

    2019-07-16

    Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ.

    Энэхүү өөрчлөлтөд олон жил яригдсан ч шийдэгдэлгүй нийгэмд саад учруулж буй асуудлуудыг шийдвэрлэхээр тусгасан гэнэ.

    Ерөнхийлөгчийн тамгын газраас Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах хэд хэдэн хуулийн төслийг өөрчлүүлэхээр өргөн барьжээ. Тухайлбал,”Хот” гэдэг үг Үндсэн хуульд байхгүй. Тиймээс   “хот” хэмээх үгийг оруулах санал оруулжээ. Ингэснээр 300-аас дээш мянган хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүрэг аймгийн хэмжээний засаг захиргааны нэгж буюу хот болж, дүүргүүд статусаараа сумтай нэг зиндаанд очих аж.

    Түүнчлэн Үндсэн хуулийн 57.3-т өөрчлөлт оруулснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулах өөрчлөлтийг орон нутгийн ИТХ-ын шийдвэрээс үл хамааран Засгийн газар УИХ-д оруулж, хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байхаар тусгажээ.

    Хэрвээ Монгол Улсын хүн амтай харьцуулаад төлөөллийг хангая гэвэл УИХ 114 гишүүнтэй байх шаардлагатай ч 108 болгох санал оруулжээ.  Сонгуулийн тогтолцоог холимог системтэй болгож,  сонгуулийн тойргийг улс-нэг тойрог болгох санал оруулсан байна.  Хот, аймаг бүр УИХ-д төлөөлөлтэй байх зарчмыг хангаж,УИХ-ын  гишүүдийн 50 хувийг  намын жагсаалтаар оруулж ирэхээр саналдаа тусгажээ.

    Харин   Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах одоогийн төсөлд тусгасан дөрвөн гишүүн давхар дээлтэй байх заалттай  Ерөнхийлөгч санал нийлэхгүй байгаа аж. Тэрбээр Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын бүх гишүүн дан дээлтэй буюу УИХ-аас хамааралгүй байхаар хуульд тусгаж, саналаа боловсруулжээ. Иргэдийн хурал, УИХ, Засгийн газар гэх мэт төлөөллийн бүх байгууллагын бүрэн эрхийн хугацааг 5 жил байхаар оруулсан байна.

    Монгол Улс 1945 онд ард нийтийн санал асуулга явуулсны дүнд  тусгаар тогтнолоо урд хөршөөр хүлээн зөвшөөрүүлж байсан. Харин одоо  ард нийтийн санал асуулга явуулбал  тусгаар тогтнолоо алдах эрсдэлтэй хэмээн Ерөнхийлөгч үзэж, “Монгол Улс өөрийн тусгаар тогтнолыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм санаархал бүхий ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно” гэсэн заалтыг Үндсэн хуульд  оруулах санал гаргажээ.

    Байгалийн баялаг төрийн өмч байна гэсэн заалтыг “ард нийтийн өмч” байхаар саналдаа тусгажээ. Мөн гаднын хөрөнгө оруулалттай компани байгалийн баялаг ашиглавал хөрөнгө оруулалтаа 100 хувь өөрсдөө гаргаж, ашгийн 51 хувийг Монгол Улс хүртэхээр тусгасан байна.

    Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг хуулийн дагуу санал авахаар 7  байгууллагад хүргүүлж, санал аваад дуусчээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ