• Д.Оюунбилэг:АНУ-даа эхний гуравт жагсдаг томоохон дэлгүүрт Монголын бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулна

    2019-07-16

    АНУ-ын Чикаго хотноо Монгол брэндийн төв буюу дэлгүүрийг нээх бэлтгэл ажлаа хангаж, дэлгүүрийнхээ эрхийг аваад засал чимэглэлээ хийж байна.

    АНУ-ын Чикаго хотноо ирэх наймдугаар сарын 1-нд Экспортын олон улсын худалдааны төвөөс санаачлан “Монголын брэндийн төв”-ийг нээх гэж байна. Энэ талаар тус төвийн үүсгэн байгуулагч Д.Оюунбилэгтэй ярилцлаа.

    “Монголын брэндийн төв”-д ямар ямар аж ахуйн нэгж, компаниуд оролцох вэ?

    -Уг нь бүгд л оролцож экспортоо нэмэгдүүлж, бараа, бүтээгдэхүүнээ гаргамаар байгаа байх. Гэхдээ Монгол брэндийг бүгдийг нь Америкт аваачаад байршуулах санхүү, мөнгөний боломж байхгүй. Гэхдээ энэ бол том ажлын эхлэл. Яагаад бид үүнийг хийж байна гэхээр бид экспортыг нэмэгдүүлнэ гэж зүгээр яриад суух биш, дотооддоо болсон болоогүй юм үйлдвэрчихээд гадаад зах зээлд гармаар байна гэж ярихаасаа илүү тухайн зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулах нь чухал юм.

    Бидний бүтээгдэхүүнийг хүн таньж ирээд авна гэхээсээ илүү бид юу хийж чадаж байна гэдгээ гадаад зах зээлд таниулж сурталчилж харуулья. Бид цаашид бизнес эрхлэгчтэйгээ мэдээллээ солилцоод, хамтран ажиллаж, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд олон зүйл хийнэ. Энэ талаар саяхан Монголын бараа бүтээгдэхүүнийг АНУ, Канад, Японы зах зээлд гаргах боломжийн талаар “Холидэй Инн” зочид буудалд болсон хэлэлцүүлгийн үеэр бид санал солилцсон. Бид үндэсний үйлдвэрлэгч, экспортлогчдоо дэмжин гадаад худалдааг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа дотоодын бизнес эрхлэгчдэд танилцуулж, брэндүүд тэнд хэрхэн яаж хамрагдах, энэ төвийг нээснээр монголчууд бидэнд хүртэх үр шим юу байх, яаж гадаад зах зээл дээрх брэндинг хийж сурталчлах, олон улсын стандартуудыг хангах талаар зөвлөлдсөн.

    -АНУ-ын талаас хэрхэн хамтран ажиллаж байна?

    -Энэ жилийн хувьд АНУ-даа худалдаа борлуулалтын орлогоороо топ 10-ын эхний гуравт жагсдаг томоохон дэлгүүрт бид бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулна. Бүтээгдэхүүнээ үзүүлэн, америк хүний хүсэл сонирхолд нийцэж байгаа эсэх зэргээр хэрэглэгчээ тодорхойлох, анхан шатны судалгааг хийх боломж бидэнд олдож байна. Талбайн хувьд 6-8 компани бүтээгдэхүүнээ байршуулах боломжтой. Гэхдээ үүнийг аль болох олон болгох гэж оролдож байна. Цаашдаа томоохон худалдааны төвүүд дээр Вашингтон, Нью-Йорк, Европын улсууд, Японд худалдааны төвүүдээ системтэйгээр дэс дараалалтайгаар нээнэ. Америкийг эхлээд сонгож байгаа нь тэнд хэрэглээний маш том боломж байгаа нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй юм.

    -Манай компаниуд гадаад зах зээлд гарахад юу анхаарах вэ?

    -Юун түрүүнд бид хамтарч ажиллах хэрэгтэй. Туршлагаасаа харвал бидэнд ололт болон анхаарах шаардлагатай зүйл их байна. Бидний хувьд түүхий эдийн нөөц боломжийн хэмжээнд байна. Дээр нь байгалийн гаралтай химийн хольцгүй гэдгээрээ онцлог давуу талтай. Тэгэхээр бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг ав гэхээсээ урьтаж танд юу хэрэгтэй байна түүнийг тань үйлдвэрлэе гэдэг систем рүү бид орох хэрэгтэй.

    Тэгээд хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн чанар стандартыг сайн хангасан байх ёстой. Мөн сав баглаа боодол, хаяг шошгод анхаарч, үнэхээрийн гоё материал түүхий эдээр гоё бүтээгдэхүүн үйлдвэрлээд, хүнд хүргэх өнцгөө зөв тодорхойлох хэрэгтэй. Аль оронд бүтээгдэхүүнээ түгээх гэж байгаагаасаа шалтгаалаад, тэр орныхоо хүмүүсийн хэрэглэгчийн зан төлөвийг мэдэх нь хамгийн чухал.

    -Байгууллага болон үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулна уу?

    -Манай экспортын олон улсын худалдааны төв нь Монголын бараа, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах зорилгоор 2015 оноос эхлэн ажиллаж байна. Бид Монголын үндэсний үйлдвэлэгчдийн ложистикийн төв байгуулсан. Уг төв дээр бүтээгдэхүүнээ байршуулж байгаад зар сурталчилгаагаа явуулаад гарган цогцоор үйлчилдэг байсан бол өнгөрсөн жилээс эхлэн Монгол брэндийн жижиг худалдааны онлайн талбар нээн танилцуулж үндэсний бараа, бүтээгдэхүүнээ АНУ-ын зах зээлд нийлүүлж байсан бол энэ жилээс дэлгүүрээ нээж байна.

    Манай монголчуудын хувьд “Явсан хүн яс зууна” гэж тодорхой үр дүнг нь хүртэнэ гэж ярьдаг. Оролдлого болгон нэг үр дүн, дэвшил авчирдаг. 2015 он гэхэд л бид анхны удаа зориглоод АНУ-ын зах зээлд гарч байсан. Тэгээд жилийн дараа Монголын компаниудтай гэрээ байгуулж эхэлсэн.

    Жишээ нь, “Говь” ХК-ийн бүтээгдэхүүн тэр жилдээ хөрөнгө оруулагчдын сонирхлыг татан, гэрээ хийж байсан. Хамгийн сүүлд, Японыг зорьсон аж ахуйн нэгжүүдийн маань хүнсний бүтээгдэхүүн Японы зах зээлд байршихаар бэлтгэл ажилдаа ороод байна. Одоогоор Японы зөвлөхүүд ирж бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр нь ажиллаж байгаа. “Монос”-ын эрүүл мэндийн цайнууд, “Тесо” корпорацийн бүтээгдэхүүнүүд нь гаднын зах зээлээс хөрөнгө оруулалтыг татсан. Японы органик бүтээгдэхүүнийг дэлгүүрт нь борлуулах эрхээ авсан. Энэ бол бидний хувьд том амжилт. Мөн “Марал” брэнд маань сая Канадад захиалгаа аваад ирлээ. Энэ нь АНУ-ын зах зээлд их боломж байгааг харуулж байна.

    -АНУ дахь төв нь нээгдсэнээр монголчууд ямар үр өгөөж хүртэх вэ?

    -АНУ-ын зах зээл гэдэг бол их том, 2.4 их наяд долларын импортыг авдаг. Энэ нь бидэнд орон зай байна гэсэн үг. Одоогоор бид 9.6 сая долларын борлуулалттай байна. Үүнийгээ нэг орон урагшаа ахиулахад, бидэнд эдийн засгийн хувьд асар том боломж, бололцоо бүрдэж байна. Гэхдээ бэлтгэл ажил бол зайлшгүй шаардлагатай. Дахин хэлэхэд, төр болон хувийн хэвшил, мэргэшсэн байгууллагууд зайлшгүй хамтарч ажиллах хэрэгтэй.

    Б.БИЛГҮҮН

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ