• Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав таалал төгсчээ

    2019-07-15

    Баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан хөгжмийн зохиолч Б.Шарав өнөөдөр таалал төгсчээ. Тэрээр ходоодны хорт хавдар гэсэн оноштойгоор гурван жил орчим эмчилгээ хийлгэж байгаад 67 насандаа ийнхүү бурхны орноо мориллоо.

    Бямбасүрэнгийн Шаравын намтар

    Б.Шарав нь 1952 оны 11-р сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төржээ.

    1972 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн  хөгжмийн багшийн анги,

    1983 онд ОХУ-ын  Екатринбург хотод УРАЛ-н хөгжмийн дээд сургуулийн Хөгжмийн зохиолчийнн ангийг тус тус дүүргэсэн.

    Ажилласан байдал:

    1972-1975 онд Улаанбаатар хотын 1-р 10 жилийн дунд сургуульд Хөгжмийн багш

    1983-1986 онд Хөгжим бүжгийн коллежд Хөгжмийн онолын багш

    1986-1987 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт Хөгжмийн зохиолч

    1997-1998 онд Ардын дуу бүжгийн улсын чуулгад Концертмейстер, Найрал дууны багш

    1998-2001 онд Монголын хөгжмийн зохиолчдын хороонд Нийтийн дуу, Дан хөгжмийн зөвлөлийн эрхлэгч

    2001-2002 онд Дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагч

    2002-2004 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт Хөгжмийн зохиолчоор  ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлчээр ажиллажээ.

    Гавьяа шагнал:

    1986 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагнал

    1992 онд Монгол Улсын төрийн шагнал

    2002 онд Монгол улсын урлагийн Гавъяат Зүтгэлтэн

    2005 онд “Чингис хаан” одон

    2019 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнуулсан.

    1973 оноос уран бүтээлээ эхэлсэн тэрээр “Чингис хаан” дуурь, “Зуурдын орон” балет, “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжиг, 1, 2-р симфони, “Замбуу тивийн наран” магтуу, “Эх орон” зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, “Сэрсэн тал” үндэсний найрал хөгжмийн удиртгал, “Ард Аюуш”, “Байлдааны даалгавар”, “Илүү сартай зун” зэрэг олон киноны хөгжим бичжээ. Дан хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвисан. 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажилласан.Түүний олон бүтээл олон улсын тайзнаа тоглогдсон юм.

    Орчин цагийн Монголын  хөгжмийн ноён оргилуудын нэг Б.Шаравын бүтээл нь Дэлхийн хөл бөмбөгийн аваргын нээлт, Нобелийн шагнал гардуулах ёслол болон АНУ- ын “Карнеги холл”, Британийн “Рояал Альберт холл”, Японы “Сантори холл” зэрэг дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн олон тайзан дээр  тоглогдсон юм.   Түүнийг  Монголын хөгжмийн урлагийг дэлхийн түвшинд хүргэж чадсан гавьяатан, суутан гэж зүй ёсоор үнэлдэг билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ