• Идлэг шонхор гаргахыг хориглосон шийдвэрийг дахин 5 жилээр сунгалаа

    Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Энэ хуралдаанаар идлэг шонхор шувууг ашиг олох зорилгоор гадаадад гаргахыг түр хугацаагаар хориглох тухай тогтоол баталжээ.

    Идлэг шонхор шувууг бахархалт шувуугаар тодорхойлж 2013 оноос таван жилийн хугацаанд ашиг олох зорилгоор гадагшаа гарахыг хориглосон байсныг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үргэлжлүүлэн таван жилээр сунгажээ.

    БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат  энэ талаар хэлэхдээ  “2013 онд  хийсэн тооллогоор идлэг шонхор  7800 орчим байсан бол 2018 оны тооллогоор 10600 орчим болж нэмэгдсэн. Цаашид идлэг шонхорыг хамгаалах олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ялангуяа, цахилгааны утаснаас үүдсэн хорогдлыг бууруулахаар ажиллаж байгаа” гэлээ.

    Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

    Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна

    Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, дурсгал, ховордсон ургамал, амьтдыг хамгаалах зорилгоор зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж байна.

    Энэ хүрээнд:

    –  Онон, Балжын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр

    –  Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дахь Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газраар

    –  Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талыг байгалийн цогцолборт газраар

    –  Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сум дахь Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газраар

    –  Баянхонгор аймгийн Галуут сум дахь Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр

    –  Баянхонгор аймгийн Галуут сум дахь Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газраар

    –  Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутаг дахь Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газраар

    –  Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сум дахь Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газраар

    –  Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр хамгаалалтад авч,

    –  Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрын тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлөх юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ