• Б.Туул:Халуун хуушуур, хорхог идсэнийхээ дараа хүйтэн ус ундаа уувал нойр булчирхай үрэвсэнэ

    Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын эрдэм шинжилгээний ажилтан Б.Туултай ярилцлаа.

    -Баяр наадмаар хүмүүс халуун хуушуур, хорхог идсэнийхээ дараа хүйтэн ус ундаа уудаг. Энэ нь эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ?

    -Хүнд хоолыг  нэг дор их хэмжээгээр идэхээр гэдэс ходоод хямарч, гүйлгэх, суулгах, бөөлжих гэх мэт хүндрэл үүснэ. Цаашлаад хуушуур, хорхог гэх мэт хоол идсэнийхээ дараа хүйтэн ус ундаа  ууснаар өөх тостой хоолны шингэц боловсруулалт  муудна.

    Ер нь баяр наадмаар ихэнх нь хуушуур идсэнийхээ дараа хийжүүлсэн ундаа юм уу хүйтэн ус ууж харагддаг. Click To Tweet

    Энэ бол маш буруу хооллолт. Өөх тостой халуун хоол идсэний дараа аль болох халуун бүлээн шингэн зүйл уух хэрэгтэй.

    Халуун тостой хоол идсэний дараа хүйтэн ус, ундаа уувал цөс нойр булчирхай үрэвсэнэ. Click To Tweet Өөх тосны боловсруулалт, шимэгдэлтийг зохицуулдаг гол эрхтэн нойр булчирхай шүү дээ. Тиймээс баяр  наадмаар хэт хүнд хооллохгүй  байх хэрэгтэйг иргэдэд зөвлөе. Эцэг эхчүүд хүүхдүүддээ ч мөн адил халуун хуушуур идүүлснийхээ дараа хүйтэн юм уулгаж харагддаг.

    Тиймээс хоолоо аль болох тохируулж  бага багаар хооллох, шингэн зүйлийг хоол хоорондын зайд  сайн уух хэрэгтэй. Баяр наадмаар хүмүүс гадуур явж хооллодог учраас  гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогод өртөх эрсдэл өндөр байдаг. Гарын ариун цэврийг сахиж аль болох угаах эсвэл нойтон сальфеткаар арчиж байхыг зөвлөж  байна.

    -Амны цангаагаа тайлах гэж хийжүүлсэн ундааг их хэрэглэдэг. Сахарын агууламж өндөр байдаг учраас шингэн нөхөж чадахгүй шүү дээ. Энэ талаар иргэдэд зөвлөгөө өгөөч?

    -Хийжүүлсэн  ундаанд сахарын агууламж өндөр байдаг.  Жишээлбэл, 500 мл хийжүүлсэн ундаанд 50 грамм  орчим  сахар агуулагддаг. Энэ нь хүний өдөрт авах ёстой сахарын хэрэглээнээс 2 дахин их хэмжээтэй гэсэн үг л дээ. Click To Tweet Аль болох  сахарын агууламж багатай эсвэл чихэргүй ус, жүүс, цай  хэрэглэх хэрэгтэй. Мөн хийжүүлсэн  ундааг ясны сийрэгжилт  үүсгэдэг гэж ярьдаг.

    Яагаад гэхээр хийжүүлсэн ундаанд агуулагддаг фосфорын хүчил гэдэг бодис нь  цусанд ороод кальци, магни, цайр гэх мэт эрдэс витаминуудыг аваад гадагшилдаг.

    Удаан хугацаагаар байнга хийжүүлсэн ундаа хэрэглээд байх юм бол ясны сийрэгжилт үүсэх эрсдэлтэй. Click To Tweet

    -Баяр наадмаар хуушуур авахдаа иргэд юуг анхаарах ёстой вэ?

    -Албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа  хуушуурын цэгүүдээс авах ёстой. Мөн гялгар уут, нэг удаагийн хоолны саванд аль болох халуун хоол хийж явах, халааж идэхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Click To Tweet

    Гялгар уутанд халуун хуушуур хийх юм бол химийн хортой  хүнд металл болох хар тугалга  гэх мэт бодис шилждэг учраас цаас юм уу шилэн саванд хийх ёстой гэдгийг анхааруулмаар байна.

    Мөн хуушуур борлуулж буй газрын ажиллагсад нь ариун цэвэр сахиж, малгай, бээлий өмссөн байдлыг ажиглан худалдан авахаа шийдэх, худалдан авсан хуушуур болон түргэн муудах хүнсийг халуунд удаан хадгалж болохгүй тул авсан даруйдаа хэрэглэх, хооллохын өмнө гарын ариун цэвэр сахих хэрэгтэй.

     

     

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ