• МАН-ын дэргэдэх НАМЗХ “Хунтайж нарын бүлэг”-ээс Н.Учралд ирэв гэнэ

    Эрх баригч МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр 35 настай УИХ-ын гишүүн Н.Учрал сонгогдоод байна. МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо ТББ-ын VI Их хурал өчигдөр болсон.

    300 гаруй төлөөлөгчид Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, тус байгууллагыг дөрвөн жил удирдсан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн тайланг сонсч, чөлөөлөөд шинэ удирдлагаараа УИХ-ын гишүүн Н.Учралыг сонголоо. Н.Учрал нь 1984 оны нэгдүгээр сарын 2-нд төрсөн. Энэ жил 35 настай бөгөөд НАМЗХ-ны дүрмээр уг ТББ-ын тэргүүн 18-35 настай байх ёстой. Өөрөөр хэлбэл, Н.Учрал 2020 оны сонгууль өнгөртөл ТББ-аа удирдаж, сонгуулийн үр дүн ямар гарахаас шалтгаалан энэ албаа хаших эсэхээ шийдүүлэх нь.

    Бодлогын зөвлөлийн гишүүн 39 настай байж болно гэх заалтыг хасахгүй бол улстөрчид залуучуудын байгууллагад хорогдож байна гэх шүүмжлэл гарчээ.Тиймээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн  санаачлагаар  гишүүдийн насны хязгаарыг 35 хүртэлх болгож босго хэмжээг нарийн зааж өгсөн нь “НАМЗХ олон жилийн турш эрх мэдэлтнүүдийн амбиц хөөсөн хэрэгсэл байсныг зогсоож, өөрсдөө удирдаж, улстөрийн нөлөөллөөс ангид байх боломжийг бүрдүүлж өгсөн шийдвэр боллоо” гэж дүгнэх хэсэг байна.

    Мөн 60 гаруй мянган гишүүнтэй Монголын хамгийн том залуучуудын байгууллагын тэргүүнээр Н.Учрал сонгогдсон нь тус холбоог хунтайж нарын бүлгээс аварлаа гэх дүгнэлтүүд хөвөрнө. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн, О.Содбилэг зэрэг хөрөнгөтнүүдийг НАМЗХ-ны “Хунтайж нарын бүлэг” гэдэг байсан гэнэ.

    Тэгвэл Н.Учрал ч бас хунтайж биш үү гэх сэтгэгдэл бичсэн байна. Н.Учрал нь ядаж л хөдөлмөрөөр амьдарч ирсэн аавын хүү юм даа гэх өмөөрөл бас зэрэгцэнэ. Click To Tweet

    Мөн НАМЗХ Г.Тэмүүлэнгээс Н.Учралд  шилжиж байгааг зарим хүн нэг ЖДҮ-чингээс нөгөө ЖДҮ-чинд л шилжлээ гэлцэж байна. Өнгөрсөн 2018 оны намар УИХ-ын гишүүдээсээ эхлээд өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаар авчихсан нь илэрч сайд нь огцорч зарим гишүүдэд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.

    Тэр үед Н.Учрал “Хүннү” ХХК 100 хувь миний аав Н.Ням-Осорын нэр дээр байдаг. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авахад УИХ-ын гишүүн миний оролцоо, нөлөөлөл байгаагүй. Намайг нөлөөлсөн гэдэг нь гүтгэлэг. Тиймээс би албан ёсны тайлбар хийж байна. Аавын минь 1992 онд байгуулсан энэ компани надгүйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ компани ЖДҮ-ийн хөгжүүлэх сангаас нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад төслийн багийнхныхаа бичсэн төслийг албан ёсоор бүртгүүлээд, өөрийн компанийн нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгөө барьцаалж тус зээлийг авсан байна. Эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл 20 хувьтай эхэлж байсан боловч нийгмийн бухимдал, хардалт байгаа учир зогсоход хүрч байна. Миний аав Н.Ням-Осор түүний удирдлагын баг төслийн үйл ажиллагаагаа зогсоож тус зээлийг хугацаанаасаа өмнө буюу маргааш эргүүлэн төлөхөөр шийдлээ.
    Би УИХ-ын гишүүн болсноороо эсвэл байснаараа миний гэр бүл, ах дүү, хамаатан садны бизнест саад тотгор учирна гэж ойлгохгүй байгаа. Ер нь цаашдаа аливаа сангуудын үйл ажиллагааг нээлттэй болгох чиглэлээр ажиллах болно” хэмээж байсан юм.

    Тэгвэл Н.Учралд халаагаа өгсөн Г.Тэмүүлэн мөн л ЖДҮ-д нэр холбогдсон. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Довдон овогтой Дэнсмаагийнх нь “Спа цогцолбор” ХХК тус сангаас 700 сая төгрөгийн зээл авсан тухай баримт бий. “Спа цогцолбор” ХХК нь бидний хэлж заншсанаар хорооллын эцэст байрладаг “Говь саун”-ыг эзэмшдэг.

    УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ХАСХОМ-дээ дээрх компанийг бүртгүүлээгүй ч ээжийнхээ талаар нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг аж. Түүний ээж Довдонгийн Дэнсмаа нь “Спа цогцолбор”-ын захирал бөгөөд өөрийн охин Ганзоригийн Энх-Үүлэнтэй хамтран ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийг авсан байдаг.

    Юутай ч хамгийн их улстөрждөг,магадгүй улстөрд хамгийн их хар,хорыг авчирсан гэгддэг МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын удирдлага УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс УИХ-ын гишүүн Н.Учралд шилжлээ. Нийгмийн олонхиос харагдаж байгаагаар хоёулаа баян айлын “бандгар бацаанууд”. Н.Учрал нь ядаж л  эрдэм ном хөөсөн дүртэй,хар залуугаас өөрийн гараар бизнес хийсэн  аавын гарт хүмүүжиж,өссөн юм даа. Түүнээс биш, насны босгыг 35 болгонгуут улстөр дагасан залуучууд улстөрөөс хараат бус болоод, яг л нэг залуу хүмүүс шиг болчихно ч гэж юу байхав.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ