•  Тал сэрж,Та бид хамт сэрлээ

    Үүр хаяарахын алдад эргэн хөрвөөж амрагаа  тэврэх шиг, үдшийн бүрийд тэнгэрийн одод нэг, хоёроор нэмэгдэн түгэх шиг, алсын алсад одсон аав,ээжээ санах шиг, айлын өхөөрдөм охины мойл хар нүдийг ширтэх шиг, аль эсвэл миний жаахан үр ижийдээ эрхлээд дэрвэх шиг…Тэр гэхийн аргагүй сэтгэлийн олон аяз тэндээс ч, эндээс ч цухалзан,тэгснээ тэрүүхэндээ уусан шингээд зүрхний ховдолд нуугдах шиг.

    Эх орон гэдэг цэлгэр тал, уужим хөндий, уулс,үүлс,гол мөрөн…Гэхдээ  “Сэтгэлийн аяз”-ыг сонсохгүйгээр ийм сайхан нутгийн эгшгийг дутуу мэдэрнэ,гарцаагүй. Эргэх дөрвөн улирлаас зун илүү хөгжилтэй. Гэхдээ “Сэрсэн тал”-ыг сонсохгүйгээр сэргэлэн дэнжийн ногоо өөдөө тэмүүлж цоройгоод байх шиг санагдахгүй.

    “Хөгжим гэдэг бол хүний сэтгэл хөдлөлийн тусгал юм” гэж  Монгол Улсын Хөдөлмөрийн баатрын  алтан соёмбот тэмдгээр энгэрээ мялаасан Төрийн  шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав ярьжээ. Ногоон дээл, шаргал  бүрхтэй Б.Шарав гуайг шагнал авахаар тэргэнцэртэй ирсэн байхыг хараад анхандаа таньсангүй. Сэргэлэн талын дэнж дээр ургасан сэрэл, мэдрэмжээрээ “Сэрсэн тал”-аа бичиж, түүгээрээ талыг, бас Та биднийг сэрээсэн аугаа их авьяас, суу билэгийн эзний лагшин жаахан доройтжээ. Гэсэн ч төрийн хайр хишиг цагаа олж, аугаа Б.Шаравыг, ард түмэнтэй нь хамт сэрээлээ. Шагнал гэдэг эзнээ олохоор өөрийг нь төдийгүй өөрт нь хайртай хүн бүрийг сэрээдэг гэж боддог.

    Б.Шарав 1992 онд “Хоёрдугаар симфони”, “Замбуутивийн наран” гэдэг хоёр бүтээлээрээ Төрийн шагнал хүртжээ.Харин хүмүүс “Сэрсэн тал”, “Сэтгэлийн эгшиг”, “Гэгээн алсад одох юмсан”  гурван бүтээлээрээ Төрийн шагнал хүртсэн гэж андуурдаг. Би ч ялгаагүй.

    “Сэрсэн тал”-ыг сонсож, сэрэл мэдрэмжээ хөглөдөг болохоор, “Сэтгэлийн эгшиг”-ээс  хөг авдаг учир, “Гэгээн алсад одох юмсан”-аас гэгээн мөрөөдлийн зүг далавчилдаг болохоор эдгээр бүтээл бол миний хувьд Б.Шарав гуайтай танилцсан оргилууд.  

    Өөрийнх нь ярьснаар Б.Шарав гуай “улаан хөдөөний хүүхэд”. Багадаа хурдны морь унан дэрвэж талын салхийг сэрээж явсан бага насны амьдралаасаа сэдэвлэн сургуулиа төгсөөд дөнгөж нэг жил болж байх үедээ “Сэрсэн тал”-аа бичжээ. Монгол орны сэрж буй амьдрал, баяр наадмын хэмнэлд яв цав нийцдэг  учраас хурдан морины гийнгоотой хослон эгшиглэдэг хөгжмийн нэг билээ. Сонссон хүн сэрээд, сэргээд, сэргэлэн болоод, сэр сэр салхиар цээж дүүрээд ирдэг тийм сайхан аялгуу.

    “Хөгжмийн урлаг  ид шидтэй шүү дээ. Хүний зүрх сэтгэл, тархинд байгаа тэр галыг асааж чаддаг” гэж аугаа Б.Шарав гуай ярьжээ. “Монгол хүн бол Монгол дуугаа сонсоод заавал өөр болно. Хөдөөгийн хүн уртын дуугаа сонсоод өөр болно. Тэр амьдрал нь нүдэнд нь орж дотор нь бодогддог юм уу.   Монголчуудынхаа нэг үеийг дуундаа шингээж, дуугаараа хэлж үлдээж байгаа нь сайхан хэрэг юм даа гэж бодогддог” гэж мөн хэлжээ.

    Б.Шарав гэж зуунд нэг тохиох (ч юмуу,бүү мэд) хөгжмийн зохиолчийг би бишрэн хүндэтгэдэг. Тиймдээ ч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм алдрыг хүртсэн өдөр нь сэтгэл уярч,”Сэрсэн тал”-ыг хэд хэд сонсч байгаад сэтгэлийн үгээ ийн  буулгав. Өөрийнх нь хэлсэнчлэн, хагас зуун жил хөгжмийн урлагт зүтгэсэн түүний бүтээл, туурвилыг тоочивч барахгүй. Сонсох бүртээ нулимс хоолойд тордог “Аав,ээж хоёр минь” дууг нь энд бас заавал нэрлэх ёстой.  “Аав,ээж хоёр минь”-ийг сонссон монгол хүн бүр аав,ээжийгээ хайрлах сэтгэлээр бялхаж, сэтгэл нь ариусдаг гэж боддог.

    Баярлалаа, аугаа их суу билэгт Б.Шарав Танд.

    Таны “Сэрсэн тал”,”Сэтгэлийн эгшиг”, “Гэгээн алсад одох юмсан” гурвыг өөрөө шимтэн сонсч,шимшрэн уясдаг шигээ охиддоо бас сонсгож байна аа. Таны бүтээлүүд хэдэн зуун жил Монголын талыг сэрээж байх нь тов тодорхой.

    #Бүдээхүү

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ