• О.Ганбаатар:Тахийн сүрэгт монгол адууны цус орчихвий гэдэг айдас байна

    Монгол орны баруун өмнөд хязгаар Зүүнгарын их говьд тахь “хариулдаг”О.Ганбаатарыг тахийн Гамбаа гэдгээр нь андахгүй. Тахийнхаа тухай  ярих дуртай, ийн ярихдаа нүд нь сэргэдэг нэгэн юм. Хангай нутгийн хүү говь нутагт “шигдэж”, тахь  тэр хоёр биесээ мэддэг болсноос хойш 20 жил болжээ. Түүнтэй “Тэнгэрийн  хүлэг тахь” номын нээлтээ  өчигдөр хийх үеэр нь ярилцсанаа хүргэе. Сэтгүүлч, зохиолч  Ж.Нарангаравын зохиосон уг номын редактораар нь тэрээр ажиллажээ. Тэрээр өдгөө Говийн Их дархан цаазат газар /ГИДЦГ/-ын“Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байна.

    -Сайхан зусаж байна уу. Тахийн талаар зуншлага сайхан уу?

    -Говийн их дархан газрын Б хэсэг Тахийн талд энэ жил үнэхээр сайхан зун болж байна. Би говьд очоод 20 жил болж байна. Сайхан муухай их зүйл тохиолдож байлаа. Гэхдээ энэ зун  надад арайл онцгой сайхан санагдаж байна.

    -Өнгөрсөн өвлийг хэр давав?

    -Өнгөрсөн өвөл манай Зүүн гарын говьд таарсан сайхан цастай өвөл болж өнгөрсөн. Тахийн сүрэг онд мэнд сайн орсон. 2018 оны жилийн эцсээр 230 гаруй толгой тахьтай байж байгаад  он гараад цөөн тооны тахь хоргодож, хаврын гүү унагалах ажил залгасан. Гуравдугаар сарын байдлаар 60,70-аад гүү хээлтэй гэсэн тооцоог гаргасан.Одоогийн байдлаар 50 орчим гүү унагалсан. Гүүний унагалалт жаахан сунжраад байна. Яагаад гэхээр өнгөрсөн онд зуншлага тааруу байсантай холбоотойгоор  гүүний хээлт авалт  оройтсон.

    -Ярих төдийхнөөр дурсагдаж үлдэх шахсан тахийг нутагшуулснаас хойш 27 жил болох гэж байна.  Та сүүлийн 20 жил тахийн уугуул нутаг Зүүн гарын говьд тахь “хариулж” яваа хүн. Энэ хугацаанд баяр гуниг хослон оршсон байх. Энэ талаар та хуваалцаач?

    -Тэгэлгүй яахав. Мэдээж аливаа ажлыг хийхэд сайн, муу хоёр хослон байдаг. Click To Tweet Гэхдээ хүнд хэцүү зүйлээ даван туулсны ард гарах нь хамгийн сайхан. Тахь нутагшуулах ажил ч гэсэн энэ замаар  л явж өнөөдрийг үзэж байна. Монгол оронд өнөөдрийн байдлаар гурван газар тахь нутагшуулж байна.

    Хамгийн анх 1992 онд  эхлүүлсэн  хоёр төслийн нэг нь манай Зүүнгарын говь юм. Тухайн үед Бижийн амын Тахь үржүүлэх станц гэдэг нэртэйгээр эхэлж байсан. Нөгөөх нь Хустайн нуруу юм. Бижийн гол, Хустай хоёрыг хооронд нь харьцуулахын аргагүй. Хамгийн наад зах нь дэд бүтэц гэх мэт. Монгол Алтайн цаад говьд нутагшуулж байгаатай холбоотойгоор харилцаа холбооноос эхлээд дутагдах гачигдах зүйл их  байсан байх гэж боддог.Миний хувьд  1999 оноос  эхэлж ажилласан. Намайг очиход анхны зуд болоод өнгөрсөн байсан.

    Өнгөрсөн  27 жилийн хугацаанд Зүүнгарын  говь Говийн их дархан цаазат газрын Б хэсэг түүний орчны бүсэд гурван удаагийн  зуд болсон байдаг юм. Эхний зуд нь 1996-1997 онд шилжих өвөл тохиосон байдаг. Тэр үед бүх тахь хашаандаа байсан. Хүний арчилгаа маллагаанд байсантай холбоотойгоор зудын байдлыг гайгүй сайхан давсан. Бэлтгэл ч сайн байсан. Дараагийн зуд 2000 онд болоход тахийн 50-60 хувийг хашаанаас сулласан байсан. Суллагдаад 3-4 жил болсон байсантай холбоотойгоор  зудын нөлөөлөлд их өртсөн. Хонь усны говьд байгаа тахиуд руу  цастай хавсарч чоно дайрах, зарим нь цасанд дарагдаж хорогдох  гэх мэт. Ихэвчлэн ямар нэгэн юмтай хавсарч хорогддог. Чоно зүгээр байгаа тахийг барьж иддэггүй, зүгээр байгаа тахь цасанд дарагдаад үхчихдэггүй. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн байдлаар өвчин махчлал, байгалийн бэрхшээл гэх мэт хоёр ба түүнээс дээш хүчин зүйл  хавсарч  хорогддог. Тухайн үед тахийн тоо толгой цөөхөн байсан.

    Зуд болоход 64 тахьтай байсан бол 2001 оны дөрөвдүгээр сар гэхэд 34 тахьтай үлдсэн байдаг юм. Click To Tweet

    Гэтэл 2009 онд маш их цас орж, тахь дахин хорогдсон. Нутгийн өвгөд 1944 оны бичин жилийн зуднаар хүртэл ийм их хэмжээний цас унаж байгаагүй гэж ярьдаг юм билээ Click To Tweet. Бид нар 10 км-т байрлах байрандаа очих гэж бүтэн өдөр явж байсан. Хонь усны говийн 100 тахинаас 26, Тахь усны 19 тахинаас 18, хашааны 15 тахинаас дөрвөн тахь л их зудыг даван туулсан. Нийтдээ 48 тахь үлдсэн. Зудны дараа 2010 онд нэг гүү унагалсан. Энэ зуднаас бид маш их сургамж авсан. 2009-2010 оны зудны байгалийн шалгарлыг даван туулсан тахь дараа нь тун хурдан өсч эхэлсэн.

    Ерөнхийдөө зуданд Зүүнгарын говьд байсан тахийн 90-ээс дээш хувь нь  хашаанаас  гарчихсан. 80 гаруй хувь нь зэрлэгшсэн байсан учраас тусламж дэмжлэг үзүүлэх ямар ч бололцоо байхгүй. Мөн зун нь  нийт нутгийг хамарсан ган болсон байдаг юм. Тахийн талд  л гэхэд 60-70 сантиметрийн зузаан цастай. 31-ээс өөр машин явдаггүй байлаа. Тахь гэдэг амьтан тэсвэр хатуужлаа харуулсан даа. Гэхдээ зарим жил 10-аас дээш тахийн  хоргодолгүй ч өвлийг  давж байсан үе бий.

    -Одоо тахийн тоо толгой хэд хүрсэн бэ?

    -Одоогийн байдлаар 280 гаруй тахьтай болсон байна. Click To Tweet Тээвэрлэлтээр 30 гаруй тахь ирсэн. Бусад  нь дотоод популяцаараа өсөж үржсэн. Жил болгон унагалж байна, 2012 оноос хойш жил бүр тахь тээвэрлэлт хийж байгаа. Тухайлбал, Европын амьтны хүрээлэнгээс  30, Хустайн нуруунаас 4, Прагийн амьтны хүрээлэнгээс 4 авчирсан.

    -Амьтны хүрээлэнгээс авчирсан тахийг яаж нутагшуулдаг вэ. Шууд байгальд гаргах уу?

    -Нутагшуулалтыг дотор нь хатуу ба зөөлөн суллалт гэж хоёр хуваадаг юм.

    Та сая шууд байгальд гаргадаг уу гэж асууж байна. Энэ бол хатуу суллалт юм. Амьтны хүрээлэнгээс авчраад шууд байгальд гаргахыг хэлж байгаа. Click To TweetЭнэ арга тохиромжгүй гэдэг нь шинжлэх ухааны үндэслэл практикаар ч батлагдсан. 2012 оноос хойш ирсэн тахиудад шууд суллалтыг цөөхөн хийсэн. Цөөн тооны тахийг хоёр, гурван сар хашаад байгальд гаргасан. Бусад тахиудийг дандаа зөөлөн суллалтаар байгальд гаргасан байдаг юм. Зөөлөн суллалт гэдэг нь эхний нэг жил хашаанд байлгаж, цаг агаар, бэлчээр гээд бүх зүйлд дасгаж, хавар цас хайлсны дараа гаргадаг. Нэг давуу тал нь нутгийн тахьтай нийлүүлж гаргаж байгаа юм. Шинэ тахийн хувьд олон шат дамжлагыг даваад явчхаж  байгаа гэсэн үг л дээ. Хаана бэлчээр, ус байгааг нутгийн тахь заагаад өгчхөж байгаа юм.

    -Нутгийн иргэд, малчид тахийг хайрлаж, хамгаалах нь хэр байна?

    -Монголчууд тахь гэдэг амьтанд  хайртай ард түмэн.Хууль бус ан гараад байдаггүй. Харин мэр сэр ганц нэг тахь алга болох нь бий. Гэхдээ тэрийг хүн авсан гэж хэлж чадахгүй. Click To TweetХэлэх үндэслэл баталгаа нотолгоо ч байхгүй байгаа.

    Мэдээж тахийн тоо толгой өсөхийн хэрээр нутаг бэлчээр давхцахтай холбоотой малчидтай үл ойлголцол үүсэж болзошгүй байгаа. Click To Tweet Ялангуяа, адуутай миний адуу байх ёстой газар тахь байх ёсгүй гэсэн байр суурьтай малчид байдаг. Гэхдээ цөөхөн л дөө. Хүн малаа өсгөж, идээшлүүлж бэлчээрлүүлэх нь зүйн хэрэг. Тахьтай нийлнэ гээд малыг нь хөөж, туух арга байхгүй. Click To Tweet

    Тахийг эрлийзжүүлэхгүйн тулд ямар бодлого баримталж байна вэ. Тоо толгой өсөхийн хэрээр тулгамдах асуудал болно?

    -Тахь адуу хоёр үржлийн биологийн хувьд эрлийзжих боломжтой нь харагддаг. Тахийн сүрэгт монгол адууны цус орчих вий гэдэг айдас байна. Эрлийзхээс зайлсхийсэн бодлого баримтлах ёстой .Зүүн гарын говьд тахь  байгалийн жамаар эрлийзжих нөхцөл харьцангуй бага харагддаг.

    Ер нь тахийн сүрэгт адууны цус орвол тахь биш болно. Тахийн сүрэгт адууны генийн мэдээлэл орвол бидний өнөөдрийг хүртэл хийсэн ажлыг баллуурдсантай адил зүйл болно. Click To Tweet

    Тахь бол хурдан морины бүхий л шинж чанарыг хадгалсан гайхамшигтай сайхан амьтан. Тиймээс энэ мэдээллийг уншиж буй адуучин, уяачдыг адуугаа тахийн эрлийз болгох зүйл битгий хийгээрэй гэж хэлмээр байна. Тахь хэмээх монголын нэгэн бахархал болсон амьтан онгон зэрлэг хэвээрээ үеийн үед өсөн төлжиж амьдрах учиртай юм шүү гэдгийг захиж хэлмээр байна.

    Тахь хариулж байх хугацаанд итгэмээргүй сонин гойд зүйл таарч байв уу?

    -Тахийн тухай санаанд оромгүй зүйл олон тохиолдоно. 2006 онд гэж санаж байна.  Манай “Мянган” гээд азарганы сүргийн унагуудыг чоно идээд болдоггүй. Хамгийн сүүлд Мянганы сүрэгт ганц хэнз унага үлдлээ. Сарын дараа нөгөө унага чинь өнгө зүс ороод, хачин сайхан болчихсон байв.Хэнз унага сайхан өсч байна даа гэж бодоод дурандаж суутал унагаа чононд идүүлсэн өөр нэг гүү нөгөө унагыг тэлээлээд хөхүүлж байсан Click To Tweet. Унага хоёр ээжтэй болсон байсан.

    2007 онд Зандан, Таян гээд хоёр азарганы сүрэг хоорондоо нийлсэн нь их өвөрмөц байсан. Click To TweetТэр хоёр азарганы нас ахиж, 10, 11 хүрч байсан байх. Зандан азарга нь ид үедээ арав гаруй гүүтэй байж байгаад нас нь ахиад ирэхийн цагт гүүгээ бусад азарганд алдсаар сүүлдээ хоёр гуравхан гүүтэй үлдлээ. Тэгээд нөгөө хоёр азарга чинь хүнээр бол “Хоёулаа нас ахиад сүргээ бүрэн захирч дийлэхээ байлаа “хамтаръя” гэж хэлэлцэж, тохирсон юм шиг гүүгээ тууж авчраад нийлүүлчихдэг юм. Тэгээд сүрэг хоёр азаргатай боллоо. Хоёр азарга хоёулаа сүрэгтээ чухал үүрэг гүйцэтгэнэ. Өөр азарга ирж, гүүг нь булаах гэвэл Зандан нь очиж зодолдоно. Харин Таян азарга “Ар талд” сүргээ хамгаалаад зогсч байна. Хоёр азаргатай тахийн унагыг чоно иднэ гэж бараг байдаггүй. Азарганууд сүргийнхээ дандаа хоёр талд нь явдаг. Нэг азарга нь сүргийн түрүүнд яваа бол нөгөө нь сүүлд нь явна.

    Ер нь тахийн азарга ойролцоо хүн харагдвал хэзээ ч өвс идэхгүй. Яг дагуулаад л хараад байна. Ингэж л тахийн азарга сүргээ хамгаалдаг юм даа. Яриад байвал тахийн талаар санаанд оромгүй сонин тохиолдол элбэг дээ.

    -Та  Дэлгэрмөрөнгийн хөвөөнд шумбаж өссөн Хөвсгөл нутгийн хүн. Хангайн хүн говь нутагт “шигдсэн” гэхээр сонин санагддаг юм?

    -Энэ миний ярих дуртай сэдвүүдийг нэг. Би 1978 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. Дэгэрмөрөн голынхоо хөвөөнд хүүхэд нас минь өнгөрсөн дөө. Хөвсгөл нутаг Монголын хамгийн сайхан байгальтай нутаг. Сурагч  байхдаа зуныхаа амралтаар Дархадын цэнхэр хотгорт очиж, загас жараахайтай хөөцөлдөж, орой нь нар жаргахын алдад нутгийн ахмадуудын хууч яриаг сонсож байгаль орчны сэдэвт гүнзгий сонирхолтой болж эхэлсэн. Аймгийн олимпиадад тавдугаар ангиасаа хойш тасралтгүй аваргалсан. Энэ зам мөрийг заахад Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат З.Дамдинсүрэн гэж манай ургамал судлалын багш их нөлөөлсөн. Магадгүй тухайн үед Алтай нутгийн хүн болох зам мөр минь нээгдсэн байх гэж боддог юм Click To Tweet. Ингээд МУИС-д биологич мэргэжлээр суралцах урилга авч элсэж орсон. 17 хүрэх гэж байсан үе. 1999 онд сургуулиа төгсөөд анх удаа Говь-Алтай аймгийн Бугат суманд  очиж байлаа. Говь нутагт тогтвор суурьшилтай шигдэн ажилласан нэг шалтгаан нь миний хань.Ажил амьдралынхаа аль альнийг нь алтан сайхан говиос эхлүүлж, өнгөрүүлж байгаадаа баярлаж явдагдаа. Click To Tweet

    Анх миний багш доктор, профессор Р.Самъяа “Говь-Алтай аймгийн Бугат сумын Бижийн аманд тахь үржүүлж байгаа. Тэнд ажиллах залуухан боловсон хүчин хэрэгтэй байна. Чи явах уу гэж асуулаа. 1999 оны зургадугаар сард юм даа. Явъя л гэлээ. Уг нь бол одоогийн Тахийг нутаглуулсан талыг нутгийнхан нь Бижийн ам гэж нэрлэдэг. Харин сүүлд “Тахийн тал хоршоолол” гэж байгуулсны дараа Тахийн тал хэмээх болсон юм билээ. Анх Говь-Алтай аймгийн Бугат сум руу явахдаа тахийн тухай тийм ч сайн мэдэхгүй.

    Биологич хүн болохоор тахийн зан төрх, амьдралын хэв маягтай холбоотой нилээд хэдэн өгүүлэл уншсан байв. Тахийн төрхийг ном, сэтгүүл, телевизээр л харж байснаас илүү сайн мэдэхгүй. Эрдэмтэд судлаачдын бичсэнчлэн “Пржевальскийн адуу” гэж нэрлэгддэг, монгол адуутай холын төрлийн амьтан, хул хонгор зүстэй байдаг юм гэнэлээ” гэдгээс өөрийг мэддэггүй байв.

    Тэгээд л 1999 оны наймдугаар сард Бижийн ам буюу одоогийн Тахийн талд очлоо. Тэр зун Говь-Алтай аймгийн Бугат сум,ГИДЦГ-ын“Б” хэсэгт сайхан зун болсон. ГИДЦГ-ын “Б” хэсэг нь Монголын Зүүнгарын говьд байдаг. Энэ говьд бороо орсны дараа “хөмөл” гэдэг ургамал хурдан ургадаг. “Хөмөл” тасхийтэл үнэртсэн сайхан зун Тахийн талд очиж байснаа мартдаггүй юм. Намайг очиход дөрвөн азарга 45 тоо толгой тахьтай байлаа. Тахь тун үзэсгэлэнтэй амьтан. Угаас зэрлэг амьтан болохоор хүнд элгэмсүү дотно ханддаггүй. Тахид монгол морины хамгийн сайхан шинжүүд бүгд байдаг. Биеийн төрх, галбир, өнгө зүс гээд хурдан адууны бүхий л шинж зөвхөн тахид бий. Тахь маш сайхан янцгаана. Тахь шиг сайхан янцгаадаг монгол морь байдаггүй. Тахийн янцгаалтыг адуутай харьцуулан үзвэл дууны өнгө маш нарийхан, цээл байдаг. Тахь хааяа янцгаана. Ихэвчлэн тахийн дэргэд үүр цайлгаад, өглөө эрт дурандаж байвал янцгаахыг нь сонсох боломжтой. Тахийн янцгаахыг сонсон суухад адуутайгаа ойр өссөн монгол хүний хувьд хийморь сэргэх шиг болдог юм.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ