• Г.Занданшатар: Зорьсноосоо буцвал, түүхэн боломжийг алдвал бид түүхийн өмнө хариуцлага хүлээнэ

    2019-07-05

    УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы нээлтийн хуралдаанд нийт 59 гишүүн оролцлоо. Ээжилт бус чуулганаар тасралтгүй үргэлжлэх журмын дагуу Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ээлжит бус чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

    Тэрбээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын хаврын чуулган холбогдох хууль тогтоомжийн дагуу 7 дугаар сарын 1-ний өдөр хаагдах ёстой байсан. Бид хугацаа сунгаж хуралдаад өнөөдөр хаалтаа хийлээ. Одоо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тасралтгүй үргэлжлэх тухай хуулийн заалтын дагуу ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна.

    Монгол Улсад нар хур тэгширсэн дэлгэр зун ирж үндэсний их баяр наадам удахгүй болох гэж байна. Үндэсний уламжлалт зан үйлээ бид өргөн дэлгэр тэмдэглэх учиртай. Гэвч ард түмний төлөөлөл, даруухан хэлбэл ард түмний төрийн зарц та бид чуулганаа завсарлуулах эрх алга. Учир нь та бид түүхэн үүргээ гүйцэтгэж байна. Ард түмнийхээ хүсэл зориг нийгмийн захиалгыг биелүүлэх нь ард түмнийг төлөөлж буй та бидний журамт үүрэг юм. Ардчилсан үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэж олон амжилт ололтын авч ирсэн. Үр дүн нь ч тэр алдаа, оноо ч ил байна. Засаж сайжруулах гэдэг дээр маргаж байгаа хүн алга. Энэ цаг бол түүхэн боломж юм. Товчхон хэлбэл энэ эмх замбараагүй энэ байдлыг цэгцлэх цаг ирж байна гэдэг дээр бараг хүн бүр санал нийлж байна. Цэгцэлж чадвал, энэ хөдөлгөөн хөгжил дэвшилд хүргэнээ. Үүний төлөө бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлыг эхлүүлж гурван парламент дамжиж, 10 жил бид хэлэлцэж, мэтгэлцэж энэхүү төслийг боловсруулсан. Бидэнд буцах зам байхгүй. Хэрвээ зорьсноосоо буцвал, түүхэн боломжийг алдвал бид эс үйлдлийнхээ төлөө түүхийн өмнө хариуцлага хүлээх болно. Ингэж бодож хичээн зүтгэх учиртай. Энэ эрхэм үйл хэргийг  зөв сайнаар гүйцэтгэхийн төлөө мэдлэг  боловсрол, туршлага чадвар буй бүхнээ УИХ-ын гишүүн бүр дайчилж ажиллах нь зүйтэй. Гурван парламент дамжуулж 10 жил ярьсан асуудлыг бид одоо шийдэх цаг иржээ. 27 жилд 13 засгийн газар сольж тогтворгүй, хариуцлагагүй төр тогтолцоо нь гажуудсан нийгмийн тогтолцоонд засвар хийж алдаагаа ухаарах цаг болсон гэж бодож байна. Бид энэ нэмэлт өөрчлөлтийг хийхдээ олон түмний санаа бодлыг сонсож ирлээ.

    Олон түмний саналыг хэлэлцүүлгийн явцад анхаарах ёстой. Мөн 15 улс төрийн нам дэмжиж эв санааны нэгдлээ илэрхийлсэн. МАХН-аас “Байгалийн баялагыг ард түмний дундын өмч гэсэн заалтыг оруулъя, 6.1, 6.2 гэсэн заалтууд дээр хүн бүрийн мэдэх эрхийг хангая” гэсэн тодорхой саналуудыг ирүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч, АН-аас наадмын өдрүүдэд тодорхой саналуудаа ирүүлж ажил хэрэгчээр асуудалд хандана гэдэгт итгэж байна. Бид өнгөрсөн хугацаанд байнгын хороодоор ард иргэдээс ирсэн санал, гишүүд тойрогтоо ирүүлсэн саналуудыг хэлэлцүүлж одоо энэ асуудлуудыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эрх зүйн орчныг бий болгох, давхар дээлийн асуудлыг шийдвэрлэх, төр засгийн сахилга хариуцлагын байдлыг бэхжүүлэх, нэн ялангуяа байгалийн баялаг ард түмний өмч, мэдэлд байж төрийн хамгаалалтад байна гэдэг энэ заалтыг илүү тодруулж олон улсын туршлагыг судалж байна. Илүү шинэлэг дэвшил гаргахыг хүлээж байна. Энэ талаар нарийн хэлэлцүүлэг явагдах ёстой. Мөн нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, дүүрэг болон хотын статусыг тодорхой болгох зэрэг олон саналууд эрдэмтэн судлаачид, ард иргэдээс ирж байгааг хэлэлцүүлгийн явцад онцгой анхаарах учиртай. Энэ мэт цэгцлэх олон зүйлүүд бидэнд их байна. Цэгцэлж чадах хүч, ухаан монголчуудад байгаа. Манай УИХ-ын гишүүдэд байгаа. Байгаа боломж чадавхаа сайн ашиглаж чадвал цэгцрэх хөдөлгөөн Монгол Улсыг хөгжил дэвшилд хөтөлж чадна. Эрхэм гишүүдээ цэгцлэх цаг, цэгцрэх сонголт та бидэнд ногдоод байна. Тиймээс зорилго эрмэлзэлээ нэгтгэж, үндэсний эв нэгдэл ойлголцол зөвшилцлийн тунхаг болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нэн хариуцлагатай хандахыг, зорьсон үйлсээ эрхэм сайнаар бүтээхийг та бүхэндээ уриалж байна.

    УИХ-ын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье” гэлээ.

    Ийнхүү ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан өндөрлөж, чуулганы хуралдаан завсарлалаа. Одоо төрийн байгуулалтын байнгын хороо 12 цагт хуралдаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ