• 30 жилээ дүгнэе:Хэн нь хэн бэ?

    2019-07-05

    Ардчиллын анхдагч намуудын дарга нар болох Д.Ганболд, Э.Бат-Үүл, Б.Баабар, М.Энхсайхан, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин,  ИЗНН-ын дарга асан С.Оюун нар “Боловсрол төвтэй улс төр” гэх ТББ-ыг байгуулж, өчигдөр анхдугаар хурлаа хийсэн.

    Тэд энэхүү ТББ-аа боловсролоор дамжуулан улс орноо хөгжүүлэх зорилготой гэж мэдэгдсэн ч боловсрол гэх сайхан тодотголын цаана улс төрийн  зорилго байгаа нь тодорхой юм.

    Монголын улстөрд хэн нь хэнийгээ вэ гэсэн тэмцэл ид явагдаж буй. Тэгвэл хуучин эрх ямба нь үгүй болсон нэр бүхий энэ хүмүүс ийнхүү ТББ үүсгэн байгуулсан нь цаашдаа нам ч болж мэдэх магадлалтай мэт. Учир нь эдгээр нэр бүхий хүмүүс Ерөнхийлөгч Х.Баттулгатай ч, АН-ын дарга С.Эрдэнэтэй ч нэг завинд суухааргүй болсон хүмүүс.

    Эдгээр хүмүүс хэн болохыг олон нийт бүгд мэдэх ч дахин нэг сануулахад илүүдэхгүй гэж бодож байна.

    Да.Ганболд:

    Даваадоржийн Ганболд буюу “халзан” Ганболд бол Ардчиллын эхэн үед Монголын үндэсний дэвшлийн намыг байгуулалцан анхны дарга нь болж байсан нэгэн. МҮДН-чүүдийн “загалмайлсан эцэг”.  Түүний аав Даваадорж нь Амгалангаас гаралтай соц үеийн толгой эдийн засагчийн нэг.

    Да.Ганболд 1990 онд АИХ-ын депутатаар сонгогдож, тэндээсээ УБХ-ын гишүүнээр томилогдсон. 1990 оны 9 дүгээр сард байгуулагдсан Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар томилогдон 1992 он хүртэл ажиллахдаа Засгийн газрын 20 дугаар тогтоолыг санаачилж мөнгөний ханшийг хоёр дахин унагасан. Зах зээл ийм байдаг юм хэмээн хувьчлалыг эхлүүлж, Монголбанкны улсын нөөц алтаар дилер тоглож алдсан нөхдүүдийг удирдсан. 1996-2000 онд УИХ-д байхдаа ч чамгүй хэл аманд өртөж байсан. “Казино”-гийн гэх хэргээр УИХ-аас шоронд орсон 3 гишүүнээс илүүтэй түүнийг уг хэргийн ард байсан гэлцдэг. Мөн Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорсны дараа “АХ” эвслээс Да.Ганболдыг 7 удаа Ерөнхий сайдад зүтгүүлсэн ч тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди хүлээн аваагүй юм. Click To Tweet Энэ нь 2000 онд Үндсэн хуулинд дордохын 7 өөрчлөлт хийгдэх хамгийн том шалтгаан болсон. Тэрбээр 2000 оноос эхлээд УИХ-ын сонгуульд олон удаа өрсөлдсөн ч ахин сонгогдож чадаагүй. Да.Ганболд Төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч дараа нь “Эрдэнэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төлөөлөн тус компанийн ТУЗ-д сууж байсан  нэгэн. ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгтэй ойр дотно нөхдийн нэг.

    Баабар буюу Б.Батбаяр:

    Б.Баабар буюу Бат-Эрдэнийн Батбаяр бол МСДН-ыг нөхдийн хамт үүсгэн байгуулж анхны дарга нь болсон. Хаалттай соц нийгмийн үед тэрхүү нийгмийн тухай түүний бичсэн ном албан бусаар тарж байсан гэдэг. 1990 онд АИХ-ын депутатаар сонгогдсон. Б.Баабар 1996 онд УИХ-д сонгогдож улмаар Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Сангийн сайдаар ажилласан. Төрийн өмчийн хамгийн том банк болох Сэргээн босголтын банкийг хувийн Голомт банкинд шилжүүлснээсээ болж огцорсон билээ. Мөн Ц.Элбэгдоржийн хамт Тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурж байсан. Б.Баабар үе үе АН нас барлаа, мөхлөө гэж бичдэг. 2004 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин “тамхи”, “ноолуур” хоёртой өрсөлдөн ялагдсанаасаа хойш улстөр рүү ахин зүтгээгүй Click To Tweet. Харин нийтлэлчийн ажлаа улам эрчтэй хийх болсон. Э.Бат-Үүл найзынхаа хамтаар одоогийн АН-ын дарга С.Эрдэнэтэй муудалцсаар ирсэн юм.

    Эрдэнийн Бат-Үүл:

    Энх цагт төрсөн улсын баатар тэрбээр эхэндээ социализмаа засч залруулья гэж явдаг байснаа 1990 онд байгуулагдсан ардчиллын гол нам МоАН-ын анхны дарга болсон. АИХ-ын депутат, УИХ-ын гишүүнээр удаа дараа сонгогдож явсан түүний хувьд Е үсгээр эхэлсэн албан тушаалууд огт хүртээлгүй байсаар ирсэн. 2005 онд эвсэл задарч АН УИХ-д бүлэггүй болоход намын нөхөд нь МАХН-ын бүлэгт нэгдэж байхад тэрбээр бууриа сахиад үлдэж байлаа. 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэсэн түүнийг их сургуулийн нэг ангийн нөхөр Н.Алтанхуяг нь араар нь тавьж нэг их бархируулсан. УИХ-ын гишүүнээсээ байчихаад Нийслэлийг 4 жил удирдсан Э.Бат-Үүл эдүгээ НИТХ-д төлөөлөгчөөр сууж буй. Э.Бат-Үүл гэнэт юмжиж хөлжсөн тухай ярих хүмүүс цөөнгүй. Хүү нь гэнэт тансаг хаус хороолол бариад л. Улмаар хотын дарга аав нь хүүгийнхээ компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд шалгаруулаад л. Үүнээсээ болж эдүгээ аав хүү хоёр АТГ-т дуудагдсаар л байна. М.Энхсайханыг баривчилж 461-д нэг хонуулснаас хойш Э.Бат-Үүлийн улстөрийн идэвх сэргэсэн. Тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний Тамгын газрын дарга З.Энхболд нарын явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг шүүмжилсээр буй.

    М.Энхсайхан:

    М.Энхсайхан бол ардчиллын хувьд анхдагч биш. 1990-ээд оны эхээр тэрбээр МАХН-ыг шинэчлэх 14 залуу эрдэмтдийн бүлэгт нэгдэж явсан нэгэн. УБХ-ын гишүүн байсан тэрбээр дараа нь П.Очирбатыг 1993 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоход Тамгын газрын дарга нь болсон. 1996 оны УИХ-ын сонгуульд АХ эвслийн сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж улмаар Ерөнхий сайд болсон. Орон сууцыг хувьчилж, эдийн засгийг өөд татахын тулд Ашигт малтмалын хуулийг гадныханд ээлтэйгээр шинээр батлуулсан түүнийг Ц.Элбэгдоржийн амбицыг хөдөлгөн байж унагаж байлаа. Ерөнхий сайдаас унасан тэрбээр УИХ дахь АХ эвслийн бүлгийг хувааж “Хөдөөгийн фракц” буюу Элснийхний оюун санааны эцэг болж байлаа. 2000 оны их ялагдлынхаа дараа ардчиллын намууд нэгдсний дараа Р.Гончигдоржтой Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд өрсөлдөж луйвардуулан ялагдаж байлаа. Түүнийг С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч болгон зарлахыг завдаж байсан үе ч бий. Харин 2003 онд АН-ын даргын суудлыг авсан тэрбээр “Эрэл”-ийн Б.Эрдэнэбаттай хамт дахин нэг эвсэл байгуулсан билээ. “Эх-Орон-Ардчилал” хэмээх түүний тэргүүлсэн эвсэл 2004 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцсон ч дангаараа Засгийн газар байгуулах боломжгүй байснаас МАХН-тай хамтарсан. Гэвч түүнийг Ерөнхий сайд болгоогүй учир эвслээ тарааж орхисон. Тиймээс АН УИХ-д бүлэггүй болж гишүүдийнх нь олонхи МАХН-ын бүлэгт нэгдэж байлаа.

    Мөн намын даргын суудлыг нь Р.Гончигдорж булааж түүнийг 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж билээ. “Авилгатай тэмцэх” уриатай сонгуульд орсон тэрбээр Н.Энхбаярт ялагдсан. 2006 онд тэрбээр Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагаж МАХН-тай хамтран засаг байгуулж Шадар сайд болсон билээ. Үүнийхээ хариуд АН-аас хөөгдөж ҮШН байгуулж тэр нь хожим МҮАН болсон билээ. М.Энхсайхан 2011 онд Н.Энхбаяртай хамтарч бас нэг эвсэл байгуулсан нь 2012 оны сонгуулиар амжилт олж УИХ-д бүлэгтэй болж улмаар АН-тай хамтарч засаг байгуулсан билээ. Энэ удаа Н.Алтанхуяг түүнийг Тавантолгойн цахилгаан станцын төслийн удирдагчаар томилсон. Харин Ч.Сайханбилэгийн үед том төслүүд хариуцсан яамгүй сайдаар томилогдож билээ. Ингээд Тавантолгойг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг бэлэн болгон УИХ-д оруулж ирэхэд нь 2015 оны хаврын чуулганы нээлт дээр тэр үеийн УИХ-ын дарга З.Энхболд уг гэрээг байгуулбал Засгийн газар, сайд нарыг огцруулна гэснээр хийгдээгүй. Тэгвэл энэхүү хийгдээгүй гэрээгээр саяхан түүнийг хорихыг оролдсон билээ. Ингэснээр тэрбээр улстөрийн тэмцлийн төв дунд дахин орж ирээд байна.

    Р.Амаржаргал:

    Ринчиннямын Амаржаргал бол МҮДН гаралтай, цэргийн сургуулийн болон Эдийн засгийн дээд сургуулийн багш байсан нэгэн. 1996 онд УИХ-д сонгогдсон. Тэрбээр Ц.Элбэгдоржийн Засгийн газарт сайд байсан бөгөөд Ж.Наранцацралтыг огцруулсны дараа АХ эвслийн 4 дэх буюу хамгийн сүүлчийн Ерөнхий сайд болсон. МҮАН-ын дарга байхдаа Н.Энхбаяр, Р.Гончигдорж нартай хамтарч Үндсэн хуульд оруулсан 7 өөрчлөлтийг санаачилж байсан. 2004 оны УИХ-ын сонгуульд АН-ын дарга байсан М.Энхсайхан нэр дэвших эрх өгөөгүй учир бие даан нэр дэвшээд Баянгол дүүргээс сонгогдоод гараад ирсэн билээ.

    2012-2016 онд Р.Амаржаргалыг намын нөхдийнхөө өмнөөс хариуцлага хүлээн УИХ-аас татгалзах гэхэд АН-ын нөхөд нь явуулалгүй үлдээж байлаа. Дургүй ламд дарж байж сахил хүртээв гэгч л болсон хэрэг. Харин энэ удаа тэрбээр одоо хамтарч ТББ байгуулсан нөхдийгөө бодвол АН-ын дэд даргын алба хашиж яваа билээ. Ийм л нөхдүүд дахин их улстөрд тэмүүлж явна даа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ